Өвөрхангайчуудыг төрд төлөөлөх гишүүний асуудал хойшиллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Өвөрхангайчуудыг төрд төлөөлөх гишүүний асуудал хойшиллоо

УИХ-ын сонгуулийн арав дугаар тойрог буюу Өвөрхангай аймгаас нэр дэвшигчдийн хэн нь өвөрхайнгайчуудыг төрд төлөөлөхөөр тангараг өргөх нь тодорхой болоогүй байгаа. Хэдийгээр тус аймгийн сонгогчид МАН-аас нэр дэвшсэн С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг илт давуу дэмжиж, тэднийг их хуралд суулгахаар илгээсэн. Гэвч СЕХ-ноос Өвөрхангай аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхээс гарсан хууль бус шийдвэрийг үндэслэн АН-ын нэр дэвшигч Г.Батхүү, Д.Зоригт нарт түр үнэмлэх олгож, тангараг өргүүлэхээр нэрийг нь УИХ-д өргөн мэдүүлээд байсан. Гэвч Өвөрхангай аймгийн ард түмний эсэргүүцэлтэй тулгарч, нөгөөтэйгүүр шинээр үүссэн нөхцөл байдлын улмаас шүүхэд нэхэмжлэл гаргасан этгээдийн гомдлыг хэлэлцэх болсон тул асуудал хойшлоод байсан. Тиймээс нэр дэвшигчдийн хэн нь УИХ-ын гишүүний тангараг өргөхийг Өвөрхангай аймгийн Хархорин сумын Сум дундын хоёрдугаар шүүх шийдвэрлэхээр болоод байгаа. Шүүх хурлыг өнгөрсөн баасан гаригт товлосон тул сурвалжлахаар  Хархорин сумыг зорив. Биднийг очиход “Хурал эхэлсэн байсан тул оролцох боломжгүй, завсарлахыг нь хүлээх хэрэгтэй” гэж шүүхийн ажилтан мэдэгдсэн юм. Өдөр 15 цагт эхэлсэн хурал хагас цаг орчмын дараа тарав. Шүүхийн хамгаалалтын ажилтан хурал хойшилсныг дуулгасан юм.

Ямар шалтгаанаар хойшил­сон болохыг тус шүүхийн ерөнхий шүүгч Х.Оюунгэрэлээс тодруулах гэсэн боловч хуралд оролцоогүй учир мэдээлэл өгөх боломжгүй гэлээ. Хуралд  даргалагч  шүүгч Б.Оюунцэцэг, шүүгч Б.Отгонтуяа, Ж.Кульдана нар оролцохоор тогтсон байв. Тэднээс мэдээлэл авах хүсэлт тавьсан боловч дараагийн шүүх хуралд бэлтгэж байгаа, завгүй гэсэн хариултыг өгсөн юм. Тиймээс нэр дэвшигч С.Чинзориг, Н.Төмөрхүү нарын өмгөөлөгч Ц.Гансүхээс шүүх хурал яагаад хойшилсон талаар тодрууллаа.

-Шүүх хурал яагаад хойшлов?

-Нэхэмжлэгчийн өмгөөлөгч өвчтэй гэсэн шалтгаанаар шүүх хурал энэ сарын 31-нийг хүртэл хойшиллоо. Өвөрхангай аймгийн Сум дундын шүүхээс С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг сонгуулийн сурталчилгаандаа насанд хүрээгүй этгээдийг татан оролцуулсан гэсэн шийдвэр гаргасан. Уг шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасан юм.

-Сонгуулийн сурталчил­гаанд насанд хүрээгүй хүүхэд оролцуулсан асуудлыг шүүх тогтоох ёсгүй гэсэн зүйл яригдаад байсан. Энэ талаар тодруулаач?

-Насанд хүрээгүй хүүхдийг татан оролцуулсан эсэх асуудлыг шүүхээр эцэслэн шийдвэрлэх хууль эрх зүйн үндэс байхгүй гэсэн шийдвэрийг нийслэлийн шүүх гаргасан. Гэтэл Өвөрхангай аймгийн Сум дундын нэгдүгээр шүүхийн ерөнхий шүүгч Ж.Отгонжаргал асуудлыг хариуцагчаас далдуур авч хэлэлцэн, Г.Батхүү, Д.Зоригт нарын талд шийдвэр гаргаад байсан юм.

-Нэр дэвшигчдэд дараагийн шатны шүүхэд гомдол гаргах боломж нь хаалттай гэсэн биз дээ?

-Ж.Отгонжаргал шүүгчийн шийдвэр дараагийн шатанд гомдол гаргах боломжийг нь хаачихсан. Тиймээс асуудлыг шийдэх ганц гарц энэ шүүх хурлаас гарах шийдвэр болох юм.

ТӨРД ТӨЛӨӨЛӨЛГҮЙ ӨВӨРХАНГАЙЧУУД ЮУНААС ХОЦРОВ

Дээрх асуултыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын иргэдэд тавив. Тэд ийн хариулж байна. хаягдсан хүмүүс боллоо бид

ХАРХОРИН СУМЫН ИРГЭН П.ЧИМЭДДУЛАМ:

-Сонгосон хүмүүс тангарагаа өргөхгүй болохоор ард түмэн дэмий л хараад сууж байна даа. Цэцэрлэг, сургууль хэрэгтэй байна. Ачийгаа цэцэрлэгт өгөх гэтэл орон тоо байхгүй, хоол ундны мөнгө нэмэгдэж байгаа гээд авахгүй байна шүү дээ. Нэмэгдсэн үгүйг нь ч мэдэх юм алга. Төрд төлөөлөлгүй, хаягдсан хүмүүс боллоо, бид.

БИД СУНГААГҮЙ, СОНГОСОН
Ахмад санхүүч Ж.Чойжамц:

-Манай өвөрхангайчууд сонголт хийсэн. Сунгалт биш сонголт гэсэн уриа лоозонтой саналаа өгсөн. Залуу хүн гаргая гэж бодсон чинь эцэстээ төрд төлөөлөлгүй дөрвөн сар боллоо. Уг нь УИХ-ын гишүүн байгаагүй хүмүүсийг илүү сонор соргог ажиллах байх гэж бодсон юм. Одоо болтол биднийг төрд төлөөлөлгүй, хохироож байгаад харамсч байна. Уг нь манай 70-аад мянган сонгогчийн 48 хувь нь С.Чинзоригт саналаа өгсөн юм. Гэтэл өнөөх хоёр нь мөнгө төгрөгөөр дээрэлхээд байх шиг. Ийм байдлаар тангараг өргөвөл гутамшигтай л юм болно доо. Хөгшрөөд, миний насан дээр ирэхээр нь хүн хүндлэхгүй болох вий. Хархориныг жишиг хот болгоно гэж яриад л байдаг. Гэтэл өсч дэвждэг зүйл байдаггүй. Тиймээс шинэ сэтгэлгээгээр ажиллах, шинэ боловсон хүчин хэрэгтэй байна. Орон сууцнаас эхлээд хэрэгтэй юм олон байна. Гэтэл мөнгө төгрөг ч хуваарилагддаггүй, хоцорч байна шүү дээ. Аялал жуулчлалаараа бусад сумаас арай өвөрмөц гэдэг ч хийж байгаа нь бага л байна.

ХАРХОРИНД ОРОН СУУЦ БАРИХГҮЙ БОЛ ХОТООС ДУТАХГҮЙ УТААТАЙ
Хархорин сумын иргэн  Г.Намжил:

-Тэр нь тангараг өргөнө, энэ ч өргөнө гэсээр байтал дунд нь ард түмэн  хохирч үлдэх нь. Хүүхдийн хүүхэд цэцэрлэгт явж байгаа. Дүүгийн хүүхэд цэцэрлэгт орж чадаагүй. Цэцэрлэгт явахгүй байгаа олон хүүхэд байгаа. Манайд чинь цэвэр усны шугам тавьсан, дулааны шугам тавина гээд байсан чинь мөнгө төгрөг нь байхгүй болсон л дуулдаж байна. Хархорины ихэнх айл гэрт амьдарч байгаа. Өвлийн цагт салхигүй өдөр сумын төв битүү утаа болдог. Тиймээс байр орон сууц хэрэгтэй. Хүүхдүүд оюутан болсон. Төгсөөд нутагтаа суурьшихаар болвол байр орон сууцгүй болох нь.

ШҮҮХ, ХУУЛИАР ДАЛАЙЛГАЖ БАЙНА
Их эмч  Т.Санжидмаа:

-Өвөрхангай аймгийн ард түмэн энэ асуудлыг маш анхааралтай ажиглаж байгаа. Иргэд сонголтоороо дамжуулан төрийг эрхийг барьдаг. Гэтэл сонгууль өнгөрөөд дөрвөн сар болж байхад УИХ-д төлөөлөгчгүй сууж байгаа нь сонголтоо хийсэн нийт иргэдийг хохироож байна. Улсын төсвөөс өчнөөн тэрбум төгрөг хасагдаж батлагдаж байна. Төсвийн тодотгол хийхэд Өвөрхангай аймгийн дуу хоолой огт гарсангүй. Энэ бол аятайхан зүйл биш. Хархорин суманд сүүлийн 12 жил өөдтэй бүтээн байгуулалт хийгээгүй. Бүсийн тулгуур төв, жишиг хотын аль нэгийг нь болгож хөгжүүлнэ гэж ярьдаг ч шийдэгдэхгүй 12 жил болсон. Ийм том сум өнөөдөр инженерийн шугам сүлжээгээ ч шийдэж чадахгүй байна гэдэг харамсалтай. Нэн түрүүнд цэцэрлэг, эмнэлгийн асуудал чухал байгаа. Шийдэх гарцыг орон нутгийн удирдлагууд, иргэд мянга яриад төрд төлөөлөлгүй юм чинь  нэмэргүй. Уг нь С.Чинзоригт манай аймгийн иргэдийн 48 хувь нь саналаа өгсөн. Үлдсэн хувийг нь гурван нэр дэвшигч хуваасан гэсэн үг. Ийм илэрхий давуу санал авсан хүнийг гаргахгүй гээд байхад ард түмэн төрдөө яаж итгэх билээ. Уг нь бодит байдал дээр 168 сая төгрөгийг Ардчилсан намын Д.Зориг, Г.Батхүү хоёр тараасан шүү дээ. Өвөрхангай даяараа мэдэж байгаа, хөдөлшгүй баримт байсаар байтал баримтгүй, санамсаргүй гэмээр үйлдлийг худал хуурмагаар баримтжуулж авчихаад ингээд байгаа нь дэндсэн хэрэг. Шүүх, хуулиар далайлгаж байгаа нь ард түмэнд маш эвгүй сэтгэгдэл төрүүлж байна.  

СОНГООГҮЙ БАЙХАД ИЧИХГҮЙ ЗҮТГЭЭД БАЙНА
Иргэн Б.Оюун:

-Төрд төлөөлөлгүй байснаар энэ аймгийн иргэдийн эрх ашиг зөрчигдөж байгаа. Иргэн хүний хувьд харамсалтай байгаа. Уг нь үг хуучирдаггүй гэдэг шиг Өвөрхангай аймгийн АН-ын дарга Т.Хасбаатар Ардчилсан намын нэр дэвшигчдээ мөнгө тараасныг илчилж байсан. Гэтэл сонгосон гишүүдийг нь тангараг өргүүлэхгүй, ард нь байгаа мянга мянган сонгогч, иргэд, ард түмний эрх ашгийг хохироож байгаа нь харамсалтай. Хууль шүүхээр далайлгалаа, хөрөнгө мөнгөөр асуудлыг шийдэх тусам нь ард түмэнд хүндлэгдэх боломж нь багасна. Сонгоогүй байхад ичихгүй зүтгээд байгаа нь цаанаа олон хүнийг хохироож байна. Төлөөлөл байхгүйгээс болж, төсөв, мөнгө, санхүүжилттэй холбоотой олон асуудал хаягдаж байна. Миний хувьд залуу хүн, шударгаар хөдөлмөрлөж, түүнийхээ хэрээр амьдралаа дээшлүүлмээр байна. Халуун устай, паартай байшинд амьдармаар байна шүү дээ. Алийн болгон модон жорлон, төмөр ваннтай найзлах юм бэ. Бусдын адил эрхээ эдэлмээр байна шүү дээ. Дулааны асуудал шийдэгдэх байх гэж найдаж байсан. Гэтэл мөнгө төгрөг нь төсөвт суух нь бүү хэл, Өвөрхангай аймгийн тухай УИХ-д хэн ч дурсахгүй байна. Тэгсэн хэрнээ тоож сонгоогүй хоёр хүний тангараг өргөхийг хэлэлцэх асуудлынхаа нэгдүгээрт тавьчихаад явж байна гэдэг төрийн хариуцлагагүйгийнх.

Ч.БАТМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж