Р.Раш: Засгийн газар бондыг хэт их шүтээд байна

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Р.Раш: Засгийн газар бондыг хэт их шүтээд байна

УИХ-ын гишүүн асан Р.Раштай ярилцлаа.

-Сонгуулиас хойш уулзсангүй. Та одоогоор ямар ажил эрхэлж байна?

-Төмөр замынхаа эргэн тойронд байна даа. Гэхдээ яг ч тодорхой биш л дээ. “Сод монгол” компанийн харьяа хоёр улсын хамтарсан “Мэргэ ван” гэж компани байдаг юм. Түүгээр бас орж, гарч байна.

-Ардын нам УИХ-ын сонгуульд ялагдсанаас хойш нэлээн түвэгтэй байдалд орчих шиг боллоо. УИХ дахь бүлгээ ч байгуулж чадахгүй удлаа. Намын гишүүний хувьд та энэ байдлыг хэрхэн харж байгаа бол?

-Бүлэг байгуулах асуудал хэтэрхий удааширч байна. Сонгууль зургадугаар сард болоод өнгөрсөн. Гэтэл одоо арваннэгдүгээр сар болох гэж байдаг. Тэгээд бүлгийн асуудлыг энэ зунжингаа л ярилаа. Бүлэг байгуулах нь УИХ-ын чадавхийг эрс нэмэгдүүлэх, улам албажуулах л зүйл. Миний бодлоор аливаа юм том, жижгээсээ үл хамаараад харилцаанаас болдог. Ардын намын бүлгийн асуудал ч гэсэн тийм зүйлээс болов уу гэж бодож байна. Уг нь харилцан буулт хийгээд, хоёр улс төрийн хүчин бүлгээ хүлээн зөвшөөрчих ёстой юм л даа. МАН-ын бүлэг гэж байгуулагдаагүй нь улсын төсвийг хэлэлцэхэд ч гэсэн нөлөөлж байгаа. Сураг гарах нь энэ асуудлыг авч яримаар аятай байна билээ. Тиймээс ашгүй дээ гэж бодож сууна. МАН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар хэвлэлийн бага хурал хийсэн. “Хэрвээ бүлгээ байгуулж чадахгүй бол УИХ тарах нь зөв юм” гэж мэдэгдэл хийж байсан. Энэ нь намын албан ёсны байр суурийг илэрхийлж байгаа хэрэг. Гэтэл хэвлэлийн хурал хийсний маргааш сонинд “МАН, намын гишүүд, намын нэр дээр сонгогдсон УИХ-ын гишүүд нь гишүүнээсээ татгалзлаа гэхэд УИХ-ын үйл ажиллагааны чадавхи сулрахгүй” гэсэн нийтлэл гарсан. Тэр нийтлэлийг хараад “юу л болдоо” гэж бодож байлаа.

-УИХ-д бүлгээ байгуулж чадахгүйгээс гадна Өвөрхангай аймгаас сонгогдсон хоёр гишүүнийхээ тангаргийг ч өргүүлж чадахгүй байна шүү дээ?

-Ерөнхийлөгч нэлээн мэдрэмжтэйгээр МАН-аас тавьсан хүсэлтийг хүлээж авсан байна. Тэр нь шүүхийн нэгдсэн шийдвэрийг харах. Харин шүүх хэр зэрэг үнэн шийд гаргах юм бол. Олны яриа сонсоход шүүхэд нэлээн эргэлзэж байна. Ер нь бол улс төрийн шахалт бий гэж байгаа. Энэ бүгдийг шүүх засаглал нэлээн сайн тунгааж, дүгнэлт хийж байгаа байх.  Бид төрийн гурван өндөрлөг гэж ярьдаг. Үнэндээ бол дөрвөн өндөрлөг шүү дээ. Шүүх засаглал тэр өндөрлөг гэдэгт нь орох ёстой. Харамсалтай нь шүүх нь  хаягдаад байна уу гэлтэй.

-Өнгөрсөн парламентын баталсан төсөв өнөөдөр яршиг удаж байна гэж шүүмжлэх боллоо. Та тухайн үед УИХ-ын гишүүн байсан, төсөв батлахад оролцсон хүний хувьд ямар бодолтой байна. Үнэхээр та нар түвэг болохоор төсөв баталсан юм уу?

-Жил бүхэн л иймэрхүү байдаг юм. Улс орны бодлогын үлдэгдэл гэдэг утгаараа. Сонгуулийн жил гэдэг үүднээс бидэнд хийж бүтээсэн зүйл маруухан. Баахан улстөржсөн, бие биенээ муулсан зүйлд хүмүүсийн сэтгэл автагдсан. Хүрзэддэг, шаварддаг, хаддаг, индүүддэг, өрөмддөг ажлууд нь жаахан хойшилсон. Ийм зүйлийг л хэлэх ёстой. Энэ бол хэрэг дээрээ урд талын парламент муу хууль баталсандаа биш улстөржилт нь арай хэтэрсэндээ тэр юм.

-Тэгвэл одоо хэлэлцэж байгаа Монгол Улсын 2013 оны төсвийн талаар ямар бодолтой байна?

-Одоо хэлэлцүүлгийнхээ шатанд л явж байна. Гэхдээ зарлага нь орлогоосоо давсан, алдагдал нь хоёр хувьтай. Шинэ төсвийн хуулиар ийм байх ёстой. Орлогоо шахаж байна гэдэг нэг талаар зөв байж болох юм. Орлогыг нь нэмээд зардлыг нь өсгөсөн байна билээ. Зардлыг нэмнэ гэдэг явдалтай асуудал. Ер нь хийж бүтээх юмны маань зарах нь багтахгүй учраас орлогоо нэмж байна уу даа. Орлого, зарлага хоёрын аль нь алийгаа дагуулаад байна гэдэгт эрх зүйн үүднээс дүгнэлт хийж үзэх ёстой. Зардлаа хэтэрхий их тавиад байвал мөнгө л урсаад байна гэсэн үг. Үргүй зардлыг сайн анхаарах ёстой.

-Эрх мэдэлтнийг дэмжсэн, нууц төсөв гэж нэрлээд байгаа?

-Тийм шүүмжлэл их бий. Ер нь энэ төсвийн цаана нэлээн их зүйл нуугдаж байх шиг. Бүр цаана нь улс төр явж байгаа гэх хардалт байх шиг байна. Уг нь бүхнээ ил гаргаад, хэлэлцүүлчихвэл зүгээрсэн.

-Монгол Улсын Засгийн газраас таван тэрбум ам.долларын бонд гаргах төслийг УИХ-д өргөн барьсан. Ийм их хэмжээгээр бонд гаргах нь хэр зөв юм бол?

-Засгийн газар бондоор их хөрөнгө оруулалт хийх гэж байгаа юм шиг байна билээ. Бондоо гадаадад гаргаж борлуулна. Гадаадын сонирхогч томчууд Монголын уул уурхайн их баялгийн нөөцөд итгэж байгаа байх. Тиймээс манай Засгийн газрын бондыг худалдан авбал хөрөнгө оруулалтын эх үүсвэр болно. Манай яам, тамгын газрын мэргэжилтнүүд энэ талаар сайн тооцоо биз. Миний бодлоор одоогийн Засгийн газар гадаадад бонд гаргахыг хэт их шүтээд байна.

-Таван тэрбум ам.доллар гэдэг 8.2 их наяд төгрөг. Манай улсын нэг жилийн төсвөөс давсан том тоо шүү дээ. Хэдийгээр он дамжин тавих өр ч гэсэн арай л их биш үү?

-Миний дээр хэлсэнчлэн бондыг их шүтэж байгаа хэрэг. Энэ нь тэгээд ч бодитой ажил болох уу гэдэг дээр сайн бодох хэрэгтэй. Ер нь ирэх жилийн төсөв улс төрийн шинжтэй боллоо. Мэдээж улс төр байлгүй яахав. Гэхдээ эдийн засаг талаасаа сайн харах хэрэгтэй.

-Жижиг дунд үйлдвэрлэлийг хэр дэмжсэн төсөв болсон бэ. Сөрөг хүчнийхэн энэ талаар нэлээн өөлж байгаа?

-Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжихгүй байна гэж байхгүй. Гэхдээ улсын нөөцийн шатахууныг хадгалдаг сав багатай нь бажигдсан үед их хэцүү юм билээ. Уржнан жил бид нэлээн самгардсан шүү дээ. Бензинийн үнэ гадаад зах зээл дээр өсөхөд л нөөц байхгүй. Худалдаж аваад нөөцлөх гэхээр агуулах сав байхгүй. Тэгэхээр улсын мэдлийн нөөц савыг бүрдүүлэхээс эхлээд нэлээн мөнгө зарах ёстой. Миний ажсанаар энэ талаар юу ч тусгаагүй байгаа.

О.МӨРӨН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж