Албан тушаал аваад амаа хамхихгүй байхыг санууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Албан тушаал аваад амаа хамхихгүй байхыг санууллаа

МАХН-аас  өнгөрсөн  бямба гаригт  “Ард  түмний их  хуралдай” арга хэмжээг  зохион байгуулав.  Их хуралдайд  МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам,  Монголын Либерал Нам  болон Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл,  Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг нам, эвсэл, иргэний нийгмийн  20 гаруй  байгууллагын төлөөлөл, дэмжигчид оролцож байгааг  зохион байгуулагчид нь оролцож байлаа.  Хуралдайны эхэнд  тус  намын Ерөнхий нарийн  бичгийн дарга Г.Шийлэгдамба,  намын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва болон Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар илтгэл тавьснаас гадна аймаг, дүүргийн төлөөлөл орон нутаг, дүүрэгт тулгамдаад байгаа асуудлыг хөндөж байв. Их  хуралдайн  эхний өдөр намын дарга Н.Энхбаярын эмнэлгээс бичсэн илгээлтийг нийт төлөөлөгчдөд уншиж сонсгосон.  Гурав дахь удаагаа болж байгаа Их хуралдай өмнөхөөсөө хэд хэдэн зүйлээр онцлог байлаа. Улсын циркт ирсэн төлөөлөгчдийнх нь нас залуужиж, зохион байгуулалт нь сайжирчээ. Хурал удирдаж буй хүмүүсийнх нь дунд У.Барсболд нарын олны танил эрхмүүд  ч чамгүй олон харагдах болжээ. Үүнийг тус намынхан Н.Энхбаярыг ядарсан цагт түшиж тулахаар улс төрд хамтран зүтгэж явсан нөхөд нь МАХН-д ирсэн гэж буй. Харин өөр өнцгөөс нь тэднийг МАН-аас албан тушаал авч чадахгүй учир МАХН-ыг бараадав хэмээн шүүмжлэгчид олон байгаа. Аль нь ч байсан МАХН арай л өөр болжээ хэмээн дүгнэх хүн олон таарав.

 Шударга ёсыг тогтооё, эх орныхоо баялагт эзэн сууя гэдэг  үг индэрт  гарсан  хүн бүрийн  амнаас  унасан гэхэд  болно. Түүнчлэн  Шадар  сайд  Д.Тэрбишдагва тус  намын дарга Н.Энхбаяр  төрийн дээд  албан тушаалд  байхдаа хийж,  хэрэгжүүлсэн  12  ажлыг  нэр  заан  тоочив.

Харин  Эрүүл мэндийн  сайд  Н.Удвал   “УИХ-ын сонгуульд “Шударга ёс” эвсэл 76 нэр дэвшигчээ нэр дэвшүүлэн өрсөлдсөн. Тэр дундаас хамгийн ялалт байгуулах магадлалтай намын дарга Н.Энхбаяр, өмгөөлөгч С.Нарангэрэл, доктор С.Авирмэд, З.Ойдов аварга, Э.Батшугар нарыг бүртгэхээс захиалгаар татгалзаж жагсаалтаас хасч байсан билээ. Гэтэл удахгүй болох  орон нутгийн сонгуульд ч зарим нэр дэвшигчийг бүртгэхгүй, хасах   явдал гарч байна. МАХН-ын зүгээс бүсийн чуулганыг хийж орон нутагт эрх мэдлээ тогтоосон олигархиудаас салах тэмцлийг хүчтэй явуулж байлаа. Гэтэл энэ тэмцлийн эрч хүч суларч байна. Тиймээс өнөөдрийн  их хуралдайгаас орон нутаг дахь хамжлагат ёсыг халах, орон нутаг дахь олигархиудаас  салахын төлөө дорвитой санал, санаачилга гарна гэдэгт итгэж байна” гэв.  Хэдийгээр  тус  нам Засгийн  газарт  эвсэгч нэг  субьект  мөн ч албан  тушаал аваад  амаа хамхихгүй байхыг  гишүүд нь сануулж байсан.  Удахгүй болох  орон нутгийн сонгуульд ихэнхи  тойрогт МАХН дангаараа орох юм. Харин нэг аймагт ИЗНН-тай хамтрах бол цөөн тооны аймагт МҮАН-тай эвсэхээр болжээ.  Харин  өчигдөр  МАХН-ын  500 гаруй гишүүн, дэмжигчид клиникийн хоёрдугаар эмнэлэгт очиж Н.Энхбаяр даргыгаа “эргэжээ”. Эмнэлгийн зүгээс “Өвчтөн Н.Энхбаярын биеийн байдал сайнгүй байгаа. Хүн оруулахгүй, боломжгүй” гэснээр гишүүд нь эмнэлгийн гаднаас түүнтэй мэндэлж байв.  Цугласан олны дунд МАХН-ын дэд дарга, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба, тус намын нарийн бичгийн дарга У.Барсболд нар байв. Энэ үеэр дэмжигчид нэгэн дуугаар “Шударга үнэн гэж байдаг бол Н.Энхбаяр ялна аа”  “Та ганцаараа биш шүү” гэхчилэн  хашгирч  байсан юм. 

Б.СЭЛЭНГЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж