Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн мэдүүлээд буй эл төсөлд Засгийн газрын гишүүн нэг л байнгын хороонд харьяалагддаг байх, ингэхдээ хариуцаж буй салбараасаа өөр байнгын хорооны гишүүн байхаар тусгаад буй юм. Мөн Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг Төрийн байгуулалтын байнгын хороо, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийг Эдийн засгийн байнгын хороо тус тус хэлэлцдэг байх зэрэг заалт тусгаад байна. Тэгвэл одоо мөрдөж байгаа хуулийн хүрээнд УИХ-ын гишүүн гурав хүртэлх байнгын хороонд харьяалагдаж байгаа юм.
Бүлгээр хэлэлцсэн хоёр дахь асуудал нь УИХ-аас өнгөрсөн долоо хоногт баталсан Засгийн газар таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргахтай холбогджээ. Нэгэнтээ УИХ-аас бонд гаргах эрхийг өгсөн тул эхний ээлжинд гаргах 1.5 тэрбум ам.долларыг юунд зарцуулах вэ гэдгийг нарийвчлах шаардлагатай болж буй юм. Тиймээс Эдийн засгийн хөгжлийн яамнаас төлөвлөгөө гаргаж, эргэж бүлэгт мэдээлэл өгөхөөр тогтжээ. Одоогийн байдлаар Засгийн газар 1800 км хөндлөн төмөр зам барих, Сайншандын аж үйлдвэр байгуулах, банкуудын зээлийн хүүг бууруулах, инфляцийг нэг оронтой тоонд барих чиглэлээр ашиглах нь үр дүнгээ өгнө гэж үзэж байгаа.
Засгийн газраас таван тэрбум ам.долларын үнэт цаас гаргасан нөхцөлд гадаадын банкууд худалдан авах саналыг олонтаа тавьж буй. Нэгээр тогтохгүй нэлээд хэдэн банк тавьж байгаа. Тэднээс тавьсан хүсэлт болон бусад зүйлээ харгалзан үзэхээр жилийн 4-6 хувийн хүүтэй зээл босгох бололцоо бүрдэж байгаа юм.
Гурав дахь асуудал нь нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбогджээ. Ямар ч байсан Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас гурил үйлдвэрлэгчдийг нэгдүгээр зэргийн гурилын үнийг нэг кг-ыг нь 550 төгрөгөөс дээш өсгөхгүй байх гэрээ байгуулснаар энэ төрлийн бүтээгдэхүүний үнэ тогтворжсон. Махны үнэ буурч байгаа. Ажил хөдөлмөр эрхлэх хүсэлтэй иргэний тоо нэмэгдэж байгаа зэрэг эерэг үр дүн дагуулах болсон. Тиймээс Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд Ардчилсан намын бодлогыг барьж ажиллах нь чухал байна гэж тус бүлгийн хуралдаанаас үзсэн талаар бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.