Вэнь Жябао нууц хөрөнгөтөн үү?

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Вэнь Жябао нууц хөрөнгөтөн үү?

Хятадын Ерөнхий сайд Вень Жябаогийн гэр бүлийг  Америкийн “New York Times” сонин өнгөрсөн баасан гаригийн дугаартаа нууцаар цуглуулсан 2.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй “нууц хөрөнгөтөн” хэмээн бичжээ. Мөн түүний нууц хүрээлэлд хуульчид, бизнесменүүд, найз нөхөд, улстөрчид байдаг хэмээн бичсэн байна.

Харин үүний эсрэг Ерөнхий сайд Вень Жябаогийн өмгөөлөгчид  маргааш нь буюу өнгөрсөн 27-ны орой үгүйсгэсэн мэдэгдэл хийжээ. Энэхүү мэдэгдэлийг “Junhe Law Office” хуулийн фирмийн Бай Тао хуульч, “Grandall” хуулийн фирмийн өмгөөлөгч Ванг Вейдонг нар хамтран хийсэн байна. Тэд Ерөнхий сайд Вень Жябаог гэр бүлийнхээ бизнест оролцдоггүй бөгөөд үүний адил гэр бүлийнхэн нь ч улс төрийн асуудалд оролцдоггүй гэжээ. Мөн тэдний гэр бүлийнхэнд хууль бус аргаар цуглуулсан “нууц хөрөнгө” байхгүй гэж мэдэгдсэн байна. Вень Жябаогийн өмгөөлөгчид “New York Times” сонины энэ мэт худал мэдээллүүдийг тодруулж, шаардлагатай гэж үзвэл хуулийн арга хэмжээ авна гэж мэдэгджээ. Түүнчлэн Хятадын зүгээс тус сонинг Ерөнхий сайдын нэр хүндэд сэв суулгах гэсэн явуургүй арга хэмээн буруутгаж, “New York Times” сонины сайтыг улсдаа хаажээ
.Гэхдээ “New York Times” сонины зүгээс Вень Жябаогийн талаарх мэдээллийг баталгаатай хэмээсэн байна. Үүнээс өмнө гадны орны сонин, сайтуудад Хятадын улстөрчдийн хөрөнгийн талаар нэг бус удаа мэдээлэл гарч байсан бөгөөд өнгөрсөн зургадугаар сард “Bloomberg”-ээс Хятадын ирээдүйн Ерөнхийлөгч гэгдэж буй Си Жинь Пиний санхүүгийн тухай мэдээлэл цацсан юм. Вень Жябао 2003 оноос Хятадын Ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд анх Бээжингийн геологийн институдад ажиллаж байжээ. Мөн тэрээр 1998 онд Хятадын дэд ерөнхий сайдаар ажиллаж байсан байна.  Ерөнхий сайд Вень Жябао нь Хятадын эдийн засгийг хянадаг гол хүн хэмээгддэг юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж