Хятадын эрдсийн импорт нэмэгдэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Хятадын эрдсийн импорт нэмэгдэнэ

Дэлхийн эрсдийн зах зээл дэх гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын эрдсийн импортын хэмжээ сүүлийн саруудад эрчимтэй буурч буй ч, эрэлт нэмэгдэх хандлага ажиглагдах болов. Тухайлбал төмрийн хүдрийн импорт сүүлийн хоёр сарын турш эрчимтэйгээр нэмэгдэж эхэлжээ. Төмрийн хүдрийн импорт өнгөрсөн есдүгээр сард 65 сая тоннд хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 7.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт ажээ. Түүнчлэн энэ нь сүүлийн хорин сарын хугацаан дахь хамгийн дээгүүр үзүүлэлт болохыг Хятадын Гаалийн ерөнхий газар мэдэгджээ. Харин коксжих нүүрсний хувьд Хятадын импорт нэлээд хэмжээгээр багасч буй нь ихээхэн хачирхалтай байгаа юм.

Өнгөрсөн есдүгээр сарын байдлаар Хятадын коксжих нүүрсний импорт 2.42 сая тонн болж, өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад 37.5 хувиар буурсан дүн гарчээ.  Энэ нь жингийн хувьд өнгөрсөн оны тавдугаар сараас хойшхи хугацаан дахь хамгийн доогуур үзүүлэлт ажээ.  Гангийн үйлдвэрлэлд ашиглагддаг хоёр бүтээгдэхүүний нэг нь эрэлттэй байхад нөгөө нь мөн л адилхан эрэлт нь өсөх болов уу гэсэн шинжээчдийн таамгаас эсрэг дүр зураг зах зээлд ажиглагдаж байгаа юм. Хятадын зах зээлд одоогийн байдлаар коксжих нүүрсний эрэлт тааруу байгаа тул үнэлгээ ч сул хэвээр.

Хятадын хувьд байршлаасаа хамаараад коксжих нүүрсний үнэ янз бүр байдаг ч нэг тонн коксжих нүүрсний дундаж үнэ одоогоор 128 ам.доллартай байгаа ажээ. Гэхдээ Австрали “брэнд”-ийн нүүрс Хятадын боомтууд дээр үнэлгээ нь ялимгүй өсч 142-149 ам.доллар/тонн болжээ. Коксжих нүүрсний зах зээл төдийлөн сэргэхгүй байгааг зарим шинжээч сүүлийн саруудад ган үйлдвэрлэгчид төмрийн хүдрийн агуулахаа дүүргэх бодлого баримталсантай холбон тайлбарлаж буй юм. Энэ нь ч төмрийн хүдрийн үнэ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлжээ. Яг одоогийн байдлаар дэлхийн зах зээлд төмрийн хүдрийн үнэ 110-120 ам.доллар/тонн-д хүрээд байгаа нь уг түүхий эдийн үнэ өнгөрсөн есдүгээр сарын эхээр 90 ам.доллар/тонн-оос доош ороод байсантай харьцуулахад нэлээд өссөн дүн юм.

Харин коксжих нүүрсний хувьд үйлдвэрлэгч нарт аль хэдийнэ хангалттай нөөц бүрдсэн байсан тухай шинжээчид тайлбарлаж байна. Хятадын коксжих нүүрсний импорт энэ оны эхний хагаст нэлээд эрчимтэй нэмэгдсэн нь өнгөрсөн гуравдугаар улиралд импорт бага байсны бас нэгэн шалтгаан ажээ. Эхний хоёр улиралд Хятадын коксжих нүүрсний импорт нэлээд их байсныг зөвхөн өнгөрсөн зургадугаар сард гэхэд тус улс 6.49 сая тонн коксжих нүүрс импортолсноос харж болно. Иймээс зах зээлд коксжих нүүрсний үнэ төмрийн хүдрийнхтэй адил нэмэгдэхгүй байгаа ажээ.  Гэхдээ Хятадын Засгийн газрын дэд бүтцийн бүтээн байгуулалтыг дэмжих бодлоготой холбоотойгоор ирэх оноос эхлэн коксжих нүүрсний эрэлт ч мөн адил нэмэгдэх боломж харагдаж байна.

Хятадын гангийн үйлдвэрлэлийн эрчим өнгөрсөн есдүгээр сард дунджаар 1.9 сая гаруй тонн/өдөр байсан нь өмнөх наймдугаар сарынхаас хоёр хувиар өссөн дүн ажээ. Хэдийгээр өнгөрсөн оны мөн үеийн байдлаар Хятадын ган үйлдвэрлэл хоёр сая тонн байсан ч тус улсын гангийн үйлдвэрлэл цаашдаа нэмэгдэх хандлагатай байна. Энэ нь цаашдаа коксжих нүүрс, төмрийн хүдрийн эрэлт нэмэгдэх таамгийг ч мөн баталгаажуулж байна.  

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж