Монголын оюутны спортын холбоо /МОСХ/-ноос жил бүр оны шилдгүүдээ нэрлэж, шагнадаг уламжлалын дагуу Монгол Улсын 2012 оны шилдэг оюутан тамирчин, шилдэг дасгалжуулагч, шилдэг орон нутгийн сургуулийг тодруулсан байна. 2012 оны тэмцээн, уралдаануудад гаргасан амжилт болоод хийж бүтээснийг нь харгалзан үзэж, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар оны шилдгүүдээ мялаажээ. Шагналыг ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны ерөнхийлөгч Д.Баясгалан дөрвөн жилд нэг удаа чуулдаг МОСХ-ны 6-р чуулганы хаалтын үеэр гардуулсан байна. Дашрамд дуулгахад, тус шагналыг 1993 оноос эхлэн тасралтгүй 19 дахь жилдээ олгож байгаа юм.
2012 оны шилдэг оюутан тамирчид:
- Г.Нандинзаяа – Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн оюутан. ОУХМ, Монгол улсын болон оюутны улсын аварга, ОХУ-ын Казан хотноо зохион байгуулагдсан Дэлхийн оюутны аварга шалгаруулах буудлагын IV тэмцээний 10 метрийн хийн бууны ганцаарчилсан болон багийн төрөлд хос алтан медальт тамирчин. Монгол улсын өсвөрийн болон Залуучуудын рекордыг 398, 399 оноогоор эзэмшдэг.
- Э.Даваачимэг- Үндэсний биеийн тамирын дээд сургуулийн оюутан. ОУХМ, Бөхийн чөлөөт барилдааны Залуучуудын дэлхийн аварга, Финлянд улсын Куортэн хотноо болсон оюутны дэлхийн аварга шалгаруулах Х тэмцээний мөнгөн медальт тамирчин.
МОСХ-ны 2012 оны шилдэг дасгалжуулагч:
- Б.Хэрлэн- Волейболын спортын ОУХМ. Оюутны шигшээ багийн дасгалжуулагч. 2009 оны Тайландын Бангкок хотноо болсон ААШТ-ний хүрэл медальт, 2012 онд Улаанбаатар хотноо болсон Азийн оюутны аварга шалгаруулах II тэмцээнд баг тамирчдаа амжилттай бэлтгэн оролцуулж мөнгөн медаль хүртсэн амжилттай.
МОСХ-ны 2012 оны шилдэг орон нутгийн сургууль:
- Р.Нямцэрэн захиралтай Архангай аймгийн Багшийн сургууль.
2012 онд Орон нутгийн мэргэжлийн боловсролын их, дээд сургуулиудын оюутны спортын 15-р их наадмыг аймагтаа өндөр түвшинд, амжилттай зохион байгуулснаараа оны шилдэг орон нутгийн сургуулиар шалгарч, хүндэт өргөмжлөл, мөнгөн шагнал гардан авлаа.