Хятад нефть, химийн үйлдвэрийг эсэргүүцэв

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Хятад нефть, химийн үйлдвэрийг эсэргүүцэв

Хятадын Засгийн газраас тус улсын зүүн хэсгийн мужуудад шинээр нефть, химийн үйдвэрүүд барихаар төлөвлөж байгаа ба энэ нь ард иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан байна. Хятадын иргэдийн эсэргүүцэл Нинбо хотод өнгөрсөн баасан гаригаас эхэлсэн. Эсэргүүцэгчид орон нутгийн удирдлагууд болон  “Petroleum and Chemical” корпорацийн охин компанийг байгаль орчныг сүйтгэх гэж байна хэмээн ихээр шүүмжилсэн байна. Энэхүү эсэргүүцлийн жагсаал өчигдрийг хүртэл үргэлжилж, цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарчээ. Эсэргүүцлийн жагсаалд нэг мянга гаруй хүн оролцсон бөгөөд мөргөлдөөний үеэр олон тооны хүн баривчлагдсан байна. Уурлаж, бухимдсан жагсагчид цагдаа нар руу чулуу, тоосго гэх мэт гарт таарсан зүйлээ шидэж байсан бол цагдаа нар тэдний эсрэг нулимс асгаруулах хий, бороохой ашиглажээ. Мөргөлдөөн намжсаны дараа Нинбо хотын удирдлагууд өчигдөр орой эсэргүүцэгчидтэй уулзаж, тэдний хүсэлт, шаардлагыг сонссон байна. Хятадын Засгийн газраас дэмжиж буй нефть, химийн үйлдвэрүүд байгуулах төсөл нь цаашдаа Нинбо хотоор зогсохгүй олон хотуудад энэ мэт эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай байгаа аж. Учир нь сүүлийн жилүүдэд Хятадад агаар, хөрс, усны бохирдол гарах нь ихэссэн бөгөөд үүнд ард иргэд химийн болон нефтийн үйлдвэрүүдийг хамгийн их буруутгадаг байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж