Эвслийн бүлгийн хуралдаанд Монголбанкны дэд ерөнхийлөгч Э.Батшугар болон бусад албаны хүмүүс 2013 онд төрөөс баримтлах мөнгөний бодлоггыг хэрхэн зохицуулах, инфляцийг хэрхэн бууруулах зэрэг арга хэмжээг авч ажиллаж байгаа гэлээ. Инфляцийг нэг оронтой тоонд барьж найман хувьд хүргэхээр ажиллаж байгаа юм байна. Ингэхийн тулд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах, тэр дундаа хүнсий бүтээгдэхүүний үнийг зохицуулахаар Засгийн газартай хамтран ажиллаж байгаа гэлээ.
Мөн тус эвслийн бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Гончигдорж нарын гишүүдээс өргөн барьсан Орон нутгийн сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах буюу “Аймаг, сумдын Засаг дарга нарыг сонгохдоо багийн хуралдаанаар санал хурааж, хамгийн өндөр санал авсан хүнийг томилох” хуулийн төслийг дэмжиж байгаагаа тус эвслийн гишүүд онцолжээ. Тус эвслийн бүлгийн дарга Б.Батцэрэг “Орон нутгийн сонгуульд нийслэлийн иргэд өрсөлдөж байна гэх шүүмжлэл гараад байгаа ч хуулийн дагуу тухайн нутаг дэвсгэрт 180-аас доошгүй хоног амьдарсан гэж заасан байгаа. Үүний дагуу нэр дэвшигчдээ сонгосон. Харин сумын Засаг даргын хувьд тодорхой заасан зүйл байхгүй байгаа. Тиймээс Орон нутгийн сонгуульд өрсөлдөгчийг сонгохдоо тухай нутаг дэвсгэрт амьдарч байсан гишүүдийг сонгосон” гэлээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг УИХ-д өргөн барьсан бөгөөд одоо хэлэлцэгдэж буй. Тус эвслийн бүлэг Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн талаар хэлэлцэж, гишүүд санал солилцсон байна. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг батлах шаардлагатай байгаа бөгөөд хамгийн гол нь сэтгүүлчийн эрх чөлөө, ёсзүйтэй байх ёстой юм. Нөгөө талаар хариуцлагыг өндөржүүлэх нь зүйтэй гэсэн саналыг тус эвслийн гишүүд хэлсэн байна.