Дүүргүүдийн анхан шатны төлөөлөл, ИТХ-д өрсөлдөхөөр мандатаа авсан гишүүдээс гадна АН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Нийслэлийн АН-ын дарга, Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл, УИХ дахь АН-ын бүлгийн дарга УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, НАН-ын дэд дарга Ц.Энхцэнгэл нарын 1000 гаруй хүн уг зөвлөгөөнд оролцлоо. Э.Бат-Үүл дарга зөвлөгөөнийг нээж үг хэлэхдээ “Бид нийслэлд үнэмлэхүй ялалт байгуулж чадлаа. Ардчилсан хувьсгал ялснаас хойшхи 22, коммунизмыг тооцвол 90 жилийн дараа АН нийслэлийг удирдах эрхийг ард түмний дэмжлэгтэйгээр авлаа. Бид энэ эрхийг авахын тулд Нийслэлийн АН-аас боловсруулан ард түмэндээ санал болгосон нийслэлийг хөгжүүлэх 5А мөрийн хөтөлбөрөө ярьсан. Бид хэзээ ч худлаа ярих ёсгүй. Итгэл үнэмшлээ хэдийнэ алдсан хүмүүс эхэндээ бидэнд итгээгүй ч ажлаа хийгээд үз гэж итгэсэн. Хийнэ гэсэн сэтгэл байсан учраас бид олон зүйлийг хийж хэрэгжүүлж эхэллээ. Үр дүнгээ өгч байна. Ажлаа аваад эхэлсэн зүйлсээс үр дүнгээ өгч байгаа олон зүйл байна” хэмээгээд замын бөглөрлийн эсрэг хийж хэрэгжүүлж байгаа ажил, нийслэлд бугшаад байсан авлига гэгч мананг арилгах тэмцэл, мөрөөдөл мэт санагдаж байсан метро, 2040 онд олимп зохион байгуулах тухай “үлгэр” бодит үнэн гэдгийг ард түмэндээ ойлгуулж олон үр дүнтэй ажил хийж байгаа тухайгаа дуулгалаа.
Сэтгэл байхад болохгүй зүйл гэж байдаггүй гэдгийг ажлаа аваад удаагүй ч харуулж чадсан Үүл баатраар Нийслэлийн АН-ын удирдах ажилтнууд бахархаж байна гэдгээ хэлээд хамтын хүчээр нийслэлээ хөгжүүлэхэд бидний зүтгэл хэрэгтэй хэмээж байсан юм. Хотын даргын хийж хэрэгжүүлж байгаа ажлуудаас өнөөдөр ч гэсэн үр дүнгээ өгч эхлэсэн олон ажил байсныг онцлох нь зүйтэй. Тухайлбал, төмөр замаа түшиглэн нэг худалдааны төвөөс нөгөө худалдааны төв хүртэл галт тэрэг явуулах ажил эхлэлээ тавьсан, нийслэлийн төсөв хөрөнгийг иргэдэд ил тод байлгах, Засаг даргын болон удирдах албан тушаалтнуудын гаргасан захирамж, тушаал шийдвэр гурав хоногийн дотор цахим сайтад байрлах, хугацаандаа зарлагдаагүй тохиолдолд хүчингүй болох, иргэдээс ирсэн санал, хүсэлт захидлыг иргэн өөрөө биш төрд ажиллаж иргэнд үйлчлэхээр ирсэн төрийн ажилтан холбогдох албан тушаалтанд хүргэж байх зэрэг хийж эхэлсэн ажлууд нь иргэдийн хүсч хүлээж байсан ажил байсан гэдэг нь тодорхой байжээ. Хотын дарга замын хөдөлгөөнд дугаараар хязгаарлаж оруулах шийдвэр гаргаад нэлээдгүй хугацаа үдсэн.
Саяхан энэ шийдвэрийг цаашид үргэлжлүүлэх эсэхээр ард түмний хүсэлтийг сонсоход саналаа ирүүлсэн иргэдийн 87 хувь нь дэмжиж, 13 хувь нь эсэргүүцсэн байна. Э.Бат-Үүл дарга “Ямар ч төгс шийдвэрийг 20 хувь эсэргүүцсэн байдаг. Гэтэл тэр 20 хувиасаа долоон хувиар доогуур эсэргүүцэж байгаа нь үнэхээр төгс шийдвэр болсон гэдгийг харуулсан. Гэхдээ бид энэ ажлаа ингээд хаяхгүй. Өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа автомашины хэрэглээг багасгахын тулд автобус, нийтийн тээврийн үйлчилгээг VIP болгож, нэгдүгээр эгнээгээр нийтийн тээврээр зорчигсод хувийн унаатай мэт байх нөхцөлийг бүрдүүлнэ” гэсэн юм.
Э.Бат-Үүл ба түүний нөхдийн хийж хэрэгжүүлж байгаа ажил шат шатандаа буюу дүүрэг, хороодод хүргэхийн тулд олуулаа ялж, хот шиг хот байгуулахыг уриаллаа. АН-ын дарга, Ерөнхий сайд Н.Алтанхуяг тус зөвлөгөөнд оролцогсдыг олуулаа биш олонхуулаа ялалт байгуулахыг уриалсан юм. Тэрбээр “Ардчилагчид УИХ, НИТХ-ын сонгуулиар олуулаа болсон. Харин одоо олонхуулаа болох хэрэгтэй байна. Саяны сонгуульд олуулаа гэсэн чинь жаахан дутуу хэлчихэж. Ардчилагчид юмыг хийж чаддаг гэдгийг харуулах ёстой. Нийслэлд юм хийж болдог юм байна гэсэн итгэл төрүүлж, шийдвэртэй зүтгэж ард түмний итгэлийг ажлаараа авч чадсан Э.Бат-Үүл, Д.Баттулга даргадаа баярлалаа гэж хэлмээр байна. Та бүхэн араас нь ялалт байгуулна гэдэгт итгэлтэй байна. 22 жилийн өмнөөс та бүхэн ардчиллын төлөө зүтгэсэн унаган тамир нь ардчиллын төлөө хүмүүс юм. Ардчиллынхан бол үнэхээр сэтгэлтэй, шинэчлэлт өөрчлөлтийг хийж чаддаг хүмүүс гэдгийг харуулахын тулд бид олонхуулаа болмоор байна. Хийх гэсэн сэтгэл зүрх байхад болдог гэдгийг нийслэлд, Засгийн газар, УИХ-д аль алинд нь харуулж байна. Олон жил иргэдэд хаалттай байсан Төрийн ордонг нээлттэй болголоо, тунгалаг төртэй болгохоор 1111 утас ажиллуулсан. Өдөр болгон иргэдээс ирсэн санал, хүсэлтийг ганцхан товч дараад сонсоод хариултыг нь тэр даруйд нь өргөн мэдүүлж байна. Та нарын минь дэмжлэг ямар хэрэгтэй юм бэ гэдгийг би гүн гүнзгий мэдэрлээ. Хийж хэрэгжүүлж байгаа ажлаа дүүрэг, хороодод хүргэх гэхээр өмнөөс баахан шалтаг шалтгаан тоочоод өчнөөн тэрбум төгрөг нэхээд, “май чи” гэж хэлээд суучих юм. Үнэхээр хүнд суртал гэдэг зүйл бүрэн утгаараа хэрэгжиж байна. Тийм учраас энэ хүмүүсийг бүгдийг сольмоор байна. Тэдний араас та нар гарч ирээд ажлаа хиймээр байна” хэмээгээд хот шиг хөгжиж, хүн шиг амьдрахын тулд ялалт байгуулахыг хүссэн юм. Хотод цаашлаад улс оронд хийж байгаа ажлыг хотын дарга Э.Бат-Үүл, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар танилцуулсан бол харин хууль тогтоох байгууллага буюу УИХ-д АН-ынхан хэрхэн ажиллаж, ямар амжилт гаргаж байгааг Д.Эрдэнэбат гишүүн удирдах ажилтнуудад танилцуулж, бүх зүйл хуулийн дагуу, чин үнэнчээр явагддаг гэдгийг шат шатандаа хэрэгжүүлж ажиллахыг санууллаа хэмээн Нийслэлийн Ардчилсан намын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.