Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Миний хотын ойн баяр

Нийслэл хот маань  373 жилийн ойтогоо учран золгож байна. Энэ өдөр 373 жилийн ойн хүрээнд Соёлын төв өргөөнд “Эх орны эх орон”  тоглолт, Сүхбаатарын талбайд “Спортлог Улаанбаатар” өдөрлөг болсон. Харин Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Д.Лувсаншаравт хүндэтгэл үзүүлэх найрал дууны тоглолт Соёлын төв өргөөнд  өнөөдөр болох гэнэ. Мөн өнөөдөр нийслэлийн удирдлагууд “Мэлхийт” хөшөөнд хүндэтгэл үзүүлж, нийслэлийн Сүлдэт хуурыг анх удаа нийслэлчүүдийн өмнө цэнгүүлэнэ. Энэхүү хүндэтгэлийн үйл ажиллагаа зэрэг ойн хүрээнд олон арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

Нийслэл маань сүүлийн үед олон нэртэй болоод буй. Утаанбаатар, түгжрэлбаатар, бохирбаатар гээд олон нэр гуншин зүүдэг ч үнэн хэрэгтээ хэн  ч нийслэлээс зугатдаггүй. Учир нь энд л хөгжил, цэцэглэлт, бас “илүү амьдрал” харагддаг болохоор тэр биз. Утаатай, түгжрэлтэй, бухимдлаар дүүрэн гэх ч хэн ч нийслэлийг орхидоггүй харин ч жил ирэх бүр шилжин ирэгсдийн тоо нэмэгдэж, бүл нэмсээр.

Хөгжлийг дагаж нүүдэл, суурьшил нэмэгддэх нь зүй. Гэтэл өдөр ирэх бүр нэмэгдэж буй хөгжил, цэцэглэлтээ бид яагаад ярьдаггүй, дандаа шүүмжилдэг юм бол. Бид хэзээ ч хэдхэн минут хүлээдэг автобустай, өдөр бүр сүндэрлэх байшин барилга, зам даган байрлах хогийн сав, ногоон байгууламж, нийтийн соёл бага багаар ч болов нэмэгдсээр байгааг хэзээ ч магтддаггүй.

Мэдээж миний хот олон хүн амтай, гэр хорооллын тоо нэмэгдсэн, өвөл нь утаатай, зун нь шороотой нь үнэн. Нэгэнт бий болсон зүйлээс цаг хугацааны уртад салдаг болохоос нэг дарга солигдоод нэг өдөр энэ бүгдийг арилгах чадвар хаана ч үгүй биз. Шүүмжлэх, шаардах эрх нь нийслэлийн иргэдэд нээлттэй. Тэр хэрээр  бид ч гэсэн цэвэр цэмцгэр, хоггүй, улсын нийслэлийн хөгжилд хувь нэмрээ оруулах ёстой. Өөрөөр хэлбэл, нийслэл муухай, утаатай, түгжрэлтэй, бухимдалтай гэж хэлэх эрх нь танд нээлттэй ч нийслэлийн иргэн та бас өөрийн хувь нэмрээ оруулж, хогоо хогийн саванд хаяж, утаагүй түлш, зуухыг хэрэглэж, түгжрэхгүн тулд нэгдүгээр эгнээгээр зорчих автобусаар үйлчлүүлж хотын иргэний үүргээ биелүүлэх ёстой.  Нийслэлийн удирдлагууд бодлогоор дэмжиж, ажлаа хийх ёстой бол үүний нэг гүйцэтгэгч нь иргэн та. Аливаа улсыг дэлхий дахинд таниулах, сурталчлах хамгийн том зүйл нь тухай улсын нийслэлийн хөгжил. Өдөр өдрөөс нэмэгдэх хөгжлийн түүчээгээ бид мартах бус магтах бас ёстойгоо хааяа нэг ч болтугай санаж баймаар.

Би, та бид бүгдээрээ нийслэлийн иргэн. Нийслэлчүүд бид 373 жилийн ойн баяраа тэмдэглээд өнгөрөхөөс  илүү хотын соёлд суралцаж, нийслэлийн хөгжилд хүн бүр хувь нэмрээ оруулах ёстой билээ. Нийслэлчүүддээ 373 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье.


Ш.ОЮУНЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж