Иргэд төсвийн талаар ярьж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Иргэд төсвийн талаар ярьж байна


Мэдээллийн “NEWS” агентлаг, NEWS.mn сайт, “EАGLE NEWS” телевиз, “NEWS” продакшн Төсвийг ард түмнээр хэлэлцүүлэх МУ-ын Засгийн Газрын санаачилгыг дэмжин, төсөв хэлэлцэж дуусах хүртэлх хугацаанд иргэд, албан байгууллага, хувийн хэвшлийнхний саналыг Төсөвт тусгахаар “ТӨСӨВ-2013” медиа кампанит аяныг өрнүүлж байгаа билээ. Энэ хүрээнд иргэдээс төсвийн талаарх санал, сэтгэгдлийг сонслоо. Бид иргэдэд “Төсвийн тухай мэдээлэл хэр байгаа, аль салбарт хөрөнгө оруулж, төсөв батлах хэрэгтэй байна вэ” гэсэн асуулт тавилаа.
БЗД-ийн иргэн, ахмад настан Ж.Рэнцэн:
Шинээр хэлэлцэж, батлах гэж байгаа төсвийг одоогоор юуных нь ч тухай мэдэхгүй байна. Үүнийг илүү ил тод болгох хэрэгтэй. Ямартай ч хүн амын эрүүл мэндийг сайн анхаарах хэрэгтэй.  Эмнэлгийн хүрэлцээ маш муу байна гэж хэлмээр байна. Үзэж байгаа эмнэлгийнх нь эмч нар эхо руу заачихаад л өвчтөнд гар хүрч, үзэхгүй аргалаад байх юм. Чангуураа гоёлын юм шиг зүүж явахын оронд орчин үеийн техник технологийн хөгжилтэй хослуулж, өвчтөнтэйгээ илүү сайн харьцах хэрэгтэй.   Тиймээс эмнэлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эмч нарын чадварыг сайжруулах хэрэгтэй байна. Хамгийн гол нь төсвөө ил тод, зарцуулах юмандаа зарцуулж, хяналт тавиасай.

Ахмад настан Ц.Чанцалдулам:

 Зам, барилгад хөрөнгө сайн оруулах хэрэгтэй байна. Энд тэнд замын овгор эсвэл хонхор хэсэгт зам гарч яваад уначих шахах юм байна шүү дээ. Барилгууд их шигүү баригдаж байна. Энэ дундуур бага насны хүүхэд, өндөр настай хүмүүс, ер нь бүгдээрээ л явахад хэцүү байна. Энэ байдлыг л анхаарч засмаар санагдаж байна. Бас ахмадуудыг дэмждэг, асар сувилдаг хөгжлийн төв ч юм уу газар байгуулвал сайн л байгаа. Тэрнээс биш төсөв хаана хаана батлагдаж байгааг мэдэхгүй.

БЗД-ийн иргэн Х.Оюунцэцэг:

Энэ утаа дэндлээ шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр ажил хийлээ л гэх юм. Зуух ашиглаж байна л гэх юм. Утаа багассан юмгүй л байна. Үүнийг сайн үр дүнтэй ажил болгох хэрэгтэй байна. Нүүрсийг хөнгөлөлттэй үнээр өгнө гэж байх шиг байна. Энэ уг нь зөв л дөө. Ер нь хэрэгтэй төсвөө үр ашигтай зарцуулах хэрэгтэй байна. Бас хамгийн гол нь нийслэлийг задлах хэрэгтэй. Хаана нь үйлдвэрлэл үйлчилгээгээ явуулах юм, хаана нь хүмүүс алхаж явах юм гэдэг хот төлөвлөлтөө шийдэх нь зөв. Гадаадын орнууд шиг дугуйн зам барих нөхцөл байдал нь хэр юм бол гэдгээ судлаад баричихвал энэ замын асуудал ч багасах байх. Одоо байгаа төвдөө замын ачааллаа яаж бууруулах юм? замаа тэлэх, дугуйн замаа хийх зай алга байна. Ийм л зүйлдээ эхлээд хэрэгтэй газар нь төсөв, хөрөнгө мөнгөө зарцуулчихвал асуудлууд эхнээсээ шийдэгдэнэ.

Сүхбаатар дүүргийн иргэн н.Эрхбаяр:

Улс орны төсвийн талаарх мэдээлэл бол алга. Хаанаа яаж зарцуулагддаг нь тодорхойгүй. Орлого муутай хүмүүсийн амьдрал үнэхээр хэцүү байна. Өдрийнхөө хоолыг яаж аргалдаг гэж бодож байна. Энэ бүх хүмүүс гэр хороололд л амьдарч байна шүү дээ. Тэгэхээр орлого муутай хүмүүсээ дэмжих хэрэгтэй байна. Уг нь амьдарч байгаа хороогоор нь дамжуулж хүмүүсээ анхаарч, дэмжих ёстой байтал хорооны үйл ажиллагаа тусламж, үйлчилгээ бол үнэнийг хэлэхэд танил талын хүрээнд л байна. Бас гэр хорооллын цахилгааны асуудал чухал. Яадаг вэ гэхээр, гэр хорооллын айл зурагт, хөргөгч хоёроо л тогтмол ажиллуулж байна. Цахилгааны хүчин чадал үнэхээр муу. Плитка, угаалгын машинаа ажиллуулахад хүндрэлтэй. Тэгэхээр амьдрал энэ зуур л хязгаарлагдаад байна. Энэ асуудлыг төр засгийнхан анхаарч үзээсэй.

КМТС-ийн оюутан Б.Булган:

Одоогоор төсвийн талаар мэдэхгүй байна. Нийслэлийн иргэний хувьд замын асуудал хүнд байна. Хонхор, хотгоргүй замаар явмаар байна. Бас шороо босоод эрүүл мэндийн хувьд ч тэр, хувцас хунарт шингээд хэцүү байдаг. Ийм асуудлаа эхлээд шийдчихвэл сайн л байна.

Сүхбаатар аймгийн VII багийн өндөр настан Б.Мядагмаа:

-Телевизээр явж байгаа мэдээг л хааяа харах юм. Төсөв хэлэлцэх үед өөрт хамаатай гэсэн зүйлүүдийг л голчлон анхаарч байгаа. Жишээлбэл,  Би насаараа бага ангийн багш хийсэн хүн. Энэ жилийн төсөвт багш нарын нөхөн олговрын асуудлыг нухацтай хэлэлцэх болов уу гэтэл зарим асуудлыг хойшлууллаа. 2010 онд тэтгэвэрт гарсан бидний хэсэг нөхөд буюу 59 багш хамтраад багш нарт нөхөн олговор олгуулах асуудлаар Засгийн газарт өргөх бичиг хүргүүлж байсан юм. Одоогийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд байгаа багш нарт нөхөн олговор олгуулах асуудал бол 1995 оноос хойш тэтгэвэрт гарсан багш нарт л хамаатай байгаа юм. Би бол 1992 онд тэтгэвэрт гарсан. Төрийн албан хаагчдад бол олгох нөхөн олговор харьцангуй өндөр байдаг гэж сонссон. Тиймээс 1995 оноос хойшхи гэлтгүй амьд байгаа нийт багш нарт нөхөн олговор олгуулах асуудлыг анхаарч үзэхийг хүсч байна.

Баянзүрх дүүргийн иргэн н.Энхтайван:

-Надад ирэх оны төсвийн талаар ямар нэгэн мэдээлэл алга. Улсын төсвийг сонирхож суухаас өөр чухал асуудал зөндөө байна шүү дээ.

Баянзүрх дүүргийн V хорооны иргэн Л.Лодойсамба

-Төсөв баталлаа гээд л жил бүр баахан мөнгө хэлэлцдэг юм. Би оройд л харж байна. Өнгөрсөн жил өндөр настнуудад өгнө гэсэн мөнгөө одоо болтол өгөөгүй байна, мөн иргэдийн нэг сая төгрөгийг хэзээ өгөх вэ гэдэг асуудал байна. Тиймээс хэрэгжүүлж чадах зүйлээ л төсөвт тусгаасай гэж бодож байна. Манай улсад одоогоор хууль гэж юм алга байна. Хүн бүр л өөрийн мэдлийн хүрээнд хууль зохиодог болсон цагт төсвөөс илүү анхаарч хэлэлцэх асуудал зөндөө байна. Наймаачид, микроны кондуктор, цайны газрын эзэд гээд л бүгд л хууль зохиогчид байна шүү дээ. Төсөв хэлэлцэж дууссаныхаа дараа эрхэм гишүүдийг өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийг буулгах асуудлаар сайтар хэлэлцээсэй гэж хүсч байна.

Иргэн Ж.Жаргалсайхан:

-Одоогоор төсвийн хуваарилалтыг хэлэлцээд л байх шиг байна. Нарийн учрыг сайтар мэдэхгүй ч сонирхож л сууна. Шинэчилсэн Засгийн газрынхан дорвитой  үйлс бүтээхээр хичээж, иргэдэд хэрэгтэй зүйлсийг эхнээсээ хэрэгжүүлж эхлээд байна. Манайхан нэг өглөө босоод ирэхэд л бүх зүйл сайхан болно гэж андуураад байдаг юм. Ирэх дөрвөн жилд ард иргэдийн амьжиргааны төвшин нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байгаа шүү. Тиймээс иргэдэд өгөөжтэй, амьдралд нь аль болох дэм болох төсвийг л хэлэлцэж батлаасай гэж хэлэх байна.

Боловсрол, Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Батзориг:

-Энэ асуултад иргэн хүний хувьд хариулъя. Төсөвт бага зэрэг дутагдлууд байна. Энэ удаагийн шинэчлэлтийн Засгийн газар иргэдийн саналыг сонсохгүйгээр, намын мөрийн хтөлбөрт тусгагдсан асуудлуудыг түлхүү оруулж байгаа санагдаж байна. Тиймээс цаашдаа байгууллагуудын үйлдвэрчний эвлэлийн гишүүдээр дамжуулж иргэдийн санал бодлыг илүү тусгах хэрэгтэй гэж бодож байна. Багш нарын нөхөн төлбөр, эрүүл мэндийн асуудлын тухайд бол дөрвөн асуудлыг хэлэлцлээ.  Хөдөө орон нутагт боловсролын салбарт ажиллаж ажилчдад таван жил тутам олгох тэтгэмж, боловсролын туслах ажилчдын тэтгэвэрт гарахад нөхөн төлбөр олгох асуудлыг  хойшлууллаа. Мөн боловсролын салбарт ажиллаж байгаа ажилтнуудын таван жилд нэг удаа хамрагдах асуудлыг хууль бус гээд хассан байгаа. 

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж