СЗХ-ны салхи үзээгүй дарга

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Салхиар дэгддэг хуй шиг үе үе олны анхаарлыг татдаг асуудлуудын нэг нь
хадгаламж зээлийн хоршоодын гэх хэрэг. Найман жилийн өмнө 26 хадгаламж
зээлийн хоршоо дараалан дампуурсаны 8301 хохирогчийн хохирлын 50 хувийг
төрөөс гаргахаар 2007 онд хууль баталснаар энэ хэрэг бага зэрэг намжсан
гэж хэлж болох ч өнөөдөр ч хохирогчид нь хохирлоо нэхэмжилсээр, үе үе
жагсаал цуглаан хийж, шаардлага тавьсаар байгаа. Ийн хадгаламж, зээлийн
хоршоод дампуурахаас өмнө аюулын харанга үүсээд байгааг олон удаа
анхааруулсан боловч богино хугацаанд их хэмжээний хүүгээр мөнгөө өсгөөд
авах гэсэн “хариуцлагагүй” хохирогчдыг буруутгаад өнгөрсөн. Үүний цаана
хадгаламж зээлийн болоод банк бус санхүүгийн байгууллагуудын хууль эрх
зүйн орчин, үйл ажиллагаанд нь тавих хяналт ч сул байсныг дурдаад
өнгөрсөн. Чухам яг энэ хэргээс үүдэн Санхүүгийн зохицуулах хороо хэмээх
байгууллага олны анхааралд гарч ирсэн гэж хэлж болохоор.

Харин энэхүү байгууллагын анхны дарга Д.Бадраа агсан мөнөөх хадгаламж,
зээлийн хоршоодын асуудлаас үүдэн амь насаа алдсан бол түүнээс хойш
өнөөдрийг хүртэл Санхүүгийн зохицуулах хороо хэмээх энэ нууцлаг гэмээр
байгууллагыг Д.Баярсайхан хэмээх эрхэм толгойлж буй. Гэхдээ түүнийг хаа
нэгтэй хэвлэлд ярилцлага өгснийг эс тооцвол олон нийт төдийлөн мэдэхгүй.
Анхны дарга Д.Бадраа агсныг амиа алдсаны дараа буюу 2006 онд
Д.Баярсайхан Санхүүгийн зохицуулах хорооны даргаар томилогдсон. Бүрэн
эрхийнх нь хугацаа 2011 онд дуусгавар болоход тухайн үеийн УИХ-аар бараг
100 хувийн саналаар улираан томилсон. Тэгэхээр МАН /хуучнаар МАХН/
дангаараа, МАН /хуучнаар МАХН/ АН хамтарсан эвслийн, эрх баригчид
дангаараа “хоцорсон” МАН-ын гээд гурван засгийн нүүр үзсэн буянтай эрхэм
болж таарч байгаа юм. Аргагүй л ажилдаа сүрхий эр байж таараа. Ингээд
дүгнэчихье гэтэл бас Санхүүгийн зохицуулах хороо гэдэг эрхэм байгууллага
маань яг юу хийдэг билээ гэхээр бас эргэлзээ төрөөд ирэх юм.

Хадгаламж зээлийн хоршоодын сунжирсан хэргийн үеэр ч, Анод, Хадгаламж
банкны дампуурлын халуун үеэр ч Санхүүгийн зохицуулах хороо хэмээх
байгууллага сүүдэрт нуугдсан мэт чимээгүй өнгөрсөн. Хадгаламж зээлийн
хоршоодын хэргийн хувьд шинэ тулгар байгуулагдаж, анхныхаа шалгалтыг
хийж эхэлснийх нь дараахан анхны дарга нь цаг бусаар амь насаа алдсан,
түүнээс хойш өмнө нь тусгай зөвшөөрлийг Хууль, зүй дотоод хэргийн
яамнаас олгож, Монголбанк үйл ажиллагаанд нь хяналт тавьдаг байсан гэсэн
тайлбараар “хуурай” байдаг бол Анод банкны хувьд аль хэдийнэ үйл
ажиллагаа нь доголдож, мөрдлөгө шалгалт хийж эхлээд байхад хувьцааг нь
хөрөнгийн биржээр арилжаалснаар байсныг Санхүүгийн зохицуулах хорооныхон
“үл харсаар” цаг алдсан гэдэг шүүмжлэл байдаг. Ийн Монголыг доргиосон
хоёр хэрэгт яалт ч үгүй холбоотой баймаар нэг байгууллага сүүдрийн
сүүдэрт оршсоор. Өнөөдөр Санхүүгийн зохицуулах хорооны гол хараа хяналт
тавих ёстой хөрөнгийн зах зээл дээр ч хувьцаа эзэмшигчдийн хувьцааг
луйвардсан, хувьцааны ханшийг зохиомлоор хөөрөгдөж байсан гэх маргаанууд
дэгдсэн ч мөн л хэсэг хугацааны дараа “элсэнд шургасан” хэвээр байна.
Тухайлбал, өнгөрсөн жил гэхэд нэр бүхий компани “Тавантолгой” компанийн
хувьцааг эзэмшигчдээс нь хууран мэхлэх замаар авсан, үнийг нь хөөрөгдсөн
гэх хэрэг гарсан ч сонирхсон лавлахыг хүссэн хэвлэлийнхэнд “Мэдээлэл
өгөх боломжгүй” гэсэн үгээр халхавч босгочихсон.

Өнөөдөр шинэ тулгар гэгдэж байгаа хөрөнгийн биржид дэгээ ороохуйц
асуудал зөндөө байгаа, үүнийг харин Санхүүгийн зохицуулах хороо мэдэж,
хянаж байгаа болов уу гэсэн эргэлзээ төрөхийн зэрэгцээ, улаан цайм
маргаан дэгдэж, хэрэг мандаад байхад ийн тайлбар өгч байсан юм чинь  юу
бол доо гэсэн давхар эргэлзээ бас байсаар байна. Ингэхэд Санхүүгийн
зохицуулах хороо юу хийдэг байгууллага юм бол?

Б.ТУЛГА  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж