Засгийн хувь заяа хэврэг байгааг дахин нотоллоо

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Засгийн хувь заяа хэврэг байгааг дахин нотоллоо

Сангийн сайд Ч.Улаан Зас­гийн газраараа золтой туг тахь­чихсангүй.
Монголын түүхэнд хамгийн олон удаа тодруулбал гуравдахиа Сангийн сайдаар
ажиллаж буй Ч.Улаан сайд намрын энэ налгар өдрүүдэд тоо бодож чадахаа
байснаа монголчуудад батлав. Гэхдээ чин үнэнээсээ тоон дунд тол­гой нь
эргэдэг болсон уу. Аль эсвэл мэдэн будилж, санаатай улс төр хийчихэв үү
гэдэг нь нэг л ойлгомжгүй. Учир нь, түүний оруулж ирсэн 2013 оны төсвийн
төсөл бүхэлдээ шинэч­лэлийн Засгийн газрыг хүн чанараа гээж, хүүхэд,
хөгш­дийг ад үзсэн маягтай бол­гож харагдуулсан.

Сурагч­дын үдийн цай, дотуур байр­ны хоолны мөнгийг нэмэг­дүүлс­нийг нь
ор тас хасчихаж. Үүгээр ч “Цэцэрлэгийн хүүх­­дийн хоолны мөнгөний 50
хувийг төр хариуцна гэсэн” заалт оруул­сан нь харин ч эсрэгээрээ гэж
байгаа. Нэг ёсны “Төр зуун хувь даана” гэснийг нь  Ч.Улаан сайд­тай
Сангийн яамны баг ийн дур мэдэн өөрчилсөн хэрэг. Тэр ч бит­гий хэл
Цөмийн энергийн газрын өмнөх даргын 2013 оны төсөвт оруулахаар өгсөн
саналыг нь тэр чигээр нь Төсвийн тухай хуу­лийн төсөлд шигтгэчихсэн нь
Ерөнхий сайд Н.Алтанхуягийг “50 тэрбумаар цөмийн эрчим хүчний станц
барихаар санаарахлаа” гэсэн гэм бурууг үүрэхэд хүргэсэн. Яг үнэндээ
Ч.Улаан сайдыг ийм гэнэн алдаа гаргах хүн гэдэгт нэг л итгэмгүй. Ядаж л
“Сангийн сайд болгосонгүй” гэдэг гомдлоор Ардын намаас гарч, МАХН-д
элссэн, “Сангийн сайд л болно” гэсэн хүсэлтээр УИХ-ын дэд даргын
суудлаас татгалзсан санасан бүхэндээ хүрч, сарвайсан бүхнээ авдаг хүн
болохоо тэр харуулсан. Тэгэхээр хэн ч гэсэн ийм их үнээр авсан Сангийн
сайдын суудал дээрээсээ энэ мэт алдааг санаандгүйгээр гаргачихлаа гэхэд
нэг л итгэмгүй. Тийм ч учраас Ардчилсан намаас УИХ-д сонгогдсон зарим
нэг гишүүд “Энэ Сангийн яам чинь Ардын намд цаагуураа үйлчлээд, тэдэнд
улс төр хийх боломж олгоод байна шүү дээ” гэх анхааруулгыг Ерөнхий
сайдад өнгөрсөн долоо хоногт хүргэсэн дуулдсан. Магадгүй цаагуураа
“МАХН-ын Сангийн сайд МАН-д тусалчихав уу” гэж хардсан ч байж болох л
доо. Гарцаагүй нөхцөл байдлаас үүдээд ийн хардсан бол нэг их буруу биш л
байх.

Ингэж   Сангийн  сайдын санаа­тай, санамсаргүй нь мэдэгдэх­­гүй үйлдэл
шинэчлэлийн Засгийн газрыг ард олонд муухай харагдуулж байх зуур “Ард
түмний их хуралдай” АСА цирк болсон нь бас л сонин. Тус хуралдаанд
Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга, МҮАН-МАХН-ын “Шударга ёс” эвслийн
тэргүүн Н.Энхбаяр илгээлт ирүүлжээ. Товч дурдвал “Өөрөө, өөрсдөө
жаргахын тулд албан тушаалд очсон хүмүүс байвал өнөөдөр ажлаа өгөцгөө.
Харин ард түмнийхээ зовлонг нимгэлэхийн тулд ажиллаж байгаа бол хэнээс ч
битгий ай. Юунаас ч бүү шантар. Гэхдээ чухамхүү ард түмнийхээ төлөө
ажиллаж, зүтгэж байгаагаа өдөр бүр нотло. Өдөр бүр харуул. Хэлж
ярьснаараа биш, хийж бүтээснээрээ харуул. Хуурч молигодсоноороо биш,
хуруу хум­саа хугалан байж зүтгэснээрээ батал. Хийж бүтээж зүтгэж байгаа
эсэхээ өөрсдөө битгий магтан дүгнэ. Бусдаар шүүмжлүүлэн дүг­нүүл. Тэгж
дүгнүүлэхээсээ бүү ай” гэжээ. Түүнчлэн “Эрхтэн дархт­нууд яагаад намайг
гэм буруу­гүй байхад надтай ямар ч холбоогүй асуудлаар, ямар ч
үндэслэлгүйгээр хүчээр ял тулгаж хэлмэгдүүлэв. Тэд надаас айж байгаа
учраас тэр. Би тэдний хийж байсан, одоо хийж байгаа, ирээдүйд хийж
магадгүй бузар булай юмыг нь мэдэж байгаа учраас тэд айж байгаа юм.
Мэдээд зогсохгүй тэр тухай нь хэлж, дэлгэн тавьж байгаа учир, цаашид
улам их хэлнэ, дэлгэнэ, шүүмжилнэ, хамгийн гол нь ард түмнээ өмөөрч
тэдэнтэй тэмцэнэ гэж айж байгаа учир тэд намайг ямар ч үнээр хамаагүй
дарж авахыг хичээж байгаа юм. Гэхдээ би няцахгүй, шантрахгүй. Үнэний
төлөөх тэмцэл хүнд хэцүү гэдгийг ойлгож ухамсарлаж байгаа” гэв.

Өнгөрсөн хугацаанд тэрбээр өөрийн ил захидлыг “Эрх баригчид намайг
хэлмэгдүүлж байна” гэж эхэлдэг  байсан бол энэ удаад “Эрхтэн дархтнууд”
хэмээн булзаа­руулж. Арга ч үгүй. Өөрөө бараг л Засгийн газарт, УИХ-д
ажиллаж байгаа болохоор тэр биш. Намынх нь дэд дарга Д.Тэрбишдагва нь
Шадар сайдын алба хашиж, төрсөн хүү нь Монголбанкны ерөнхийлөгчөөр
ажил­­­лаж байхад тэр яахан “Эрх бариг­чид” хэмээн чанга хашгирах билээ.
Ичихээ мэддэг бол шүү дээ. Гэсэн ч тэрбээр өөрийг нь суллахгүй бол
засаг тогтворгүй гэдгийг “Ард түмний их хуралдай”-н 2000 төлөөлөгчөөр
нэгэн зэрэг хэлүүлж чадсан юм.

Засгийн газрын танхимын ги­шүүн, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Төрд
олигархи дэглэм тогтсоныг шүүмжилдэг ч   орон нутагт хамж­­лагат ёс
тогтсныг  хараахан ярьж, хэлэхгүй байна. Орон нутгийн иргэд  дарга
даамлуудыг шүүмжилбэл, үр хүүхдийг маань ажлаас халчих болов уу, өвдөхөд
эмчлэхгүй байвал яах уу, бизнес эрхлэхэд саад болох болов уу гэсэн
айдас, болгоомжлолтой болжээ. МАХН-ын зүгээс бүсийн чуулганыг хийж орон
нутагт эрх мэдлээ тогтоосон олиграхиудаас салах тэмцлийг хүчтэй явуулж
байлаа. Гэтэл энэ тэмцлийн эрч хүч суларч байна. Тиймээс өнөөдрийн  их
хуралдайгаас орон нутаг дахь хамжлагат ёсыг халах, орон нутаг дахь
олигархиудаас  салахын төлөө дорвитой санал, санаачилга гарна гэдэгт
итгэж байна.  Монголын ард түмний зовлон бидний зовлон юм” гэж байгаа
дуулдсан. Шинэчлэлийн Засгийн газрыг эвсэж байгуулсан дүрмээ дагавал
Ардчилсан нам, Иргэний зориг-Ногоон нам, “Шударга ёс” эвсэл хамтарч Орон
нутгийн сонгуульд орох ёстой. Гэтэл Н.Удвал сайдын ярианаас харахад тэр
орон нутгийг гартаа авсан зөвхөн Ардын намынхны эсрэг бус Ардчилсан
намынхны эсрэг ч тэмцэнэ гэсэн үг. Ядаж л Өмнөговь аймаг байна. Тэнд
бүхэл бүтэн “Ажнай” корпорацийн эзэмшил аймаг болчихоод байгаа. Энэ
тохиолдолд МАХН зүгээр орхивол тэнэг хэрэг болно. Цаашлаад Сүхбаатар
аймаг байна. Ардчилсан нам өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд тус аймагт
хамгийн сайн байршиж чадсан. Ийм байхад Ч.Улаан сайд өөрийн нөлөөллийг
эргүүлж авахын төлөө шинэчлэлийн Засгийн газрын нэгдмэл эрх ашгаа
эрхэмлэж үлдэнэ гэвэл худлаа. Сангийн сайдын төлөө намаасаа гарсан хүн
бүхэл бүтэн нэг аймгийн төлөө Засгийн тараавал гайхах зүйл үгүй л байх.

Цаашлаад Шадар сайд Д.Тэрбиш­дагва Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр шиг сайн
хүн Монголын төрд байгаагүй гэдгийг нэхэн дурсч, түүнийг
хэлмэгдүүлэлтээс аврах их аян эхлүүлж буйгаа зарласан. Энэ зарлалыг нь
Н.Энхбаярыг туйлын ихээр эгдүүцэн эсэргүүцдэг Хууль зүйн сайд Х.Тэмүүжин
нь хэрхэн хүлээж авахыг таашгүй. Тийм  учраас засагт орсон сайдууд “Ард
түмний их хуралдай” ард түмний нэг хэсэг болж харагдах нь өөрөө
шинэчлэлийн Засгийн газрын хувь заяа хэврэг байгааг нотолсон гэж болно.
Магадгүй Сангийн сайдын санамсаргүй алдаа, экс Ерөнхийлөгчийн элдэвтэй
илгээмж хоёр үүний нотолгоо биз ээ.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: УЛС ТӨРИЙН ТОЙМ сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж