”АН, Эвслийн ЗГ их эрсдэл үүрэх боллоо”

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

”АН, Эвслийн ЗГ их эрсдэл үүрэх боллоо”

УИХ-ын гишүүн М.Батчимэгийг энэ    удаагийн “Ярилцах танхим”-даа урилаа.

-Монгол Улсын 2013 оны төсвийг өмнөх жилийнхтэй харьцуулахад зарлага ихтэй болсон гэх шүүмжлэл гараад байна. Ер нь шинэчлэлийн Засгийн газрын анхны тө­сөв өмнөх засгийнхтай харь­цуулахад юугаараа өөр, да­вуу болов?

-Хоёр онцлогийг дурдмаар байна.

Нэгдүгээрт, хэдийгээр эдийн зас­гийн хямрал мэдрэгдэж эхэлж байгаа ч түүнийг дагаж бүсээ чангалах биш, харин сөрж аль болохоор хөрөнгө оруулалтыг бууруулахгүй байх, нэмэгдүүлэх зорилго тавьж байна. Ингэснээр эдийн засагт бодит өсөлт бий болох, ажлын байр нэмэгдэх, цаашилбал, иргэдийн бодит орлого өсөх боломж  дээшилнэ гэж үзэж байна. Хоёрдугаарт, өмнөх жи­лүүдийн төсөв хэт үрэлгэн байсныг засах оролдлого хийсэн. Энэ онд сонгууль угтаж нийгмийн халамж нэрээр бэлэн мөнгө их тараасан нь санхүүгийн нөхцөл байдлыг хүнд­рүүлсэн. Ирэх оны төсөвт нийгмийн халамжийг аль болох шаардлагатай, зорилтот хэсэг рүү чиглүүлэх бод­лого барьсан. Ажлын байр, иргэдийн бодит орлого нэмэгдэх нь ядуурлыг бууруулах гол арга зам байх ёстой гэсэн эвслийн Засгийн газрын бодлогыг төсөвт аль болох тусгахыг хичээсэн гэж үзэж байна.

-Ажлын байрыг яаж нэмэг­дүү­лэх вэ гэдэг нь тодорхойгүй бай­гаа гэж зарим гишүүн үзэж бай­сан. Тэгэхээр энэ санаагаа илүү дэл­гэрэнгүйгээр тусгаж өгвөл зүйтэй санагдах юм?

-Шинэ засгийн газар байгулаг­дангуутаа төсвийг цоо шинээр хийх боломж байхгүй шүү дээ. Төсвийн төсөөлөл эрт гарч, байгууллагууд оны эхнээс л дараа жилийн төсөв дээ­рээ ажиллаж эхэлдэг. Шинэ за­саг байгуулагдах үед Сангийн яам төсвийн саналыг нэгтгэн боловс­руулаад эхэлчихсэн байдаг. Мөн өмнөх онд дутуу хийгдсэн хөрөнгө оруулалтуудыг дараа жил нь үргэлж­лүүлэх шаардлагатай болдог гээд. Төсвийг аравдугаар сарын 1 гэхэд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлж эхлэх хэрэгтэй байдаг учраас шинэ байгуулагдсан Засгийн газарт төсөв дээр ажиллах хугацаа маш бага байдаг. Ийм шалтгаануудаар өмнөх оныхоо инерцийг их хэмжээгээр хадгалсан төсөв орж ирдэг учраас шинэ бодлогыг тусгахыг хичээсэн гэж хэлэхээс өөр аргагүй.

-Ерөнхий сайдын багцад орсон 50 тэрбум төгрөгийг яг юунд зар­цуулах гэж буй нь тодорхойгүй гэж байгаа. Үүнийг та юу гэж харж байна вэ. Уг нь төсвийн задар­гаа­гаа сайн хийх ёстой юм биш үү?

– Яг сая тайлбарласан шалтгаанаар Ерөнхий сайд тооцоо судалгаа нь гүйцэд хийгдэж дуусаагүй боловч шинэ Засгийн газрын бодлогоор ирэх онд заавал хийх ажлууд байгаа учраас л 50 тэрбум төгрөгийн нөөц хөрөнгийг тусгаж өгөөч гэсэн хүсэлт тавиад байгаа юм билээ. Гэхдээ засаг энэ мөнгөний задаргаагаа арай илүү тодорхой болгож тайлбарлана гэж ойлгож байгаа. Би хувьдаа төсвийн хууль, төсвийн сахилга ба­тыг мөрдөж ажиллах ёстой гэж бод­дог. Тиймээс төсөвт аль болох то­дорхой зүйл тусгахын төлөө ажиллах хэрэгтэй гэх байр суурьтай байна.

-УИХ дахь эмэгтэй гишүүд төсөвтэй холбогдуулан Ерөн­хий сайдад цөмийн эрчим хүч ашиглахтай холбоотой асуудлуу­даар асуулга тавьсан. Цөмийн эрчим хүчний эх үүсвэр байгуулах асуудлыг төсөвт тусгасан нь нэлээд яриа болж мэдэх нь. Тийм үү?

-Тиймээ төрөөс энэ салбарт ба­римтлах бодлого, үйл ажиллагаа ойл­гомжгүй байгаа учраас бид асуул­га тавьсан. Төрөөс цөмийн эр­чим хүчний салбарт баримтлах бод­логыг 2009 онд баталсан. Түүнд атомын цахилгаан станц байгуулах, цацраг идэвхт ашигт малтмалыг боловсруулж экспортлох гэд өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуу­лах асуудлууд туссан. Гэтэл Фукушима­гийн ослын дараа дэлхий нийтээр цөмийн эрчим хүчний салбар дахь бодлогоо эргэж харахад хүрсэн. Монгол Улсын Ерөнхийлөгч Засгийн газар, УИХ-д хандаж бодлогоо эргэн харахыг уриалж байлаа. Гэсэн ч энэ талаар өмнөх Засгийн газар юу хийсэн нь тодорхойгүй. Тэр ч бүү хэл энэ оны эхээр Цөмийн энергийн газраас Үндэсний хөгжил шинэтгэлийн хо­роонд атомын цахилгаан станц бай­гуулах асуудлыг судалж хэрэгжүүлнэ гэсэн агуулгатай бичиг явуулж байсан байгаа юм. Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө цөмийн хаягдлаас татгалзах, энэ салбарт хязгаарлагдмал үйл ажил­ла­гаа явуулах зорилт тавьсан. Эвслийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Цөмийн хаягдлыг Монголд булш­лахгүй. Шар нунтгаас цааш нь бо­ловсруулахгүй” гэсэн тодорхой заал­тууд орсон. Шар нунтгаас цааш боловсруулахгүй гэдэг чинь атомын цахилгаан станц барих тухай яриа байхгүй л гэсэн үг. Гэтэл 2013 оны төсвийн төсөлд цөмийн эрчим хүч­ний эх үүсвэр барих ТЭЗҮ-үүдийг боловсруулна, технологийг нь судал­на гэх зэрэг өмнөх Засгийн газрын бодлогыг залгамжилсан ойлгомжгүй заалтууд ороод ирсэн. Энэ салбарын бодлого тодорхой, туйлын нухацтай байх ёстой. Иймээс бид Ерөнхий сайдаас энэ салбар дахь хайгуул, ашиглалтын лиценз, үйл ажиллагаа явуулж байгаа дотоод гадаадын байгууллагуудын үйл ажиллагаа, Засгийн газраас цаашид баримтлах бодлого зэрэг асуудлуудаар  мэдээлэл өгөхийг шаардсан. Ерөнхий сайд хариуг ойрын хугацаанд өгөх байх.

-Засгийн газар таван тэрбум ам.долларын бонд гаргахаар бол­сон. Үүнээс олох хөрөнгөө үр бүтээлтэй зарцуулахгүй бол Мон­гол Улс эргээд асар их өрийн да­рамтад орж, эдийн засаг хямрах гол үндэс болно гэж байгаа. Тийм учраас юун дээр хамгийн их ан­хаарах ёстой вэ?

-Монгол Улс өнөөдөр хөгж­лийн гараан дээрээ байна. Дэд бүт­цээ хөгжүүлэх хэрэгтэй байна. Улаан­баатар хотыг тэлэх, гэр хороол­лыг орон сууцжуулах тулгамдсан шаардлага байгаа. Энэ бүгдийг хий­хэд ихээхэн хөрөнгө шаардагдна. Түүнээс гадна эдийн засаг хямралыг сөрж хөрөнгө оруулалт, ажлын бай­рыг нэмэгдүүлэхэд анхаарч бай­гаа. Тэгэхээр бонд гаргах асуудлыг УИХ-ын олонх гишүүд дэмжиж бай­на. Тооцоо судалгаа, хяналттай хэрэг­жүүлбэл томоохон бүтээн байгуу­лалтыг хэрэгжүүлэх боломж бүрдэх байх. Тиймээс үүний зарцуулалт нь их ойлгомжтой, хяналттай, хариуц­лагатай байх ёстой.

-Бондоос олох ашгийг яг хаана ямар зориулалтаар зарцуулах нь тодорхойгүй, хэтэрхий ерөнхий бай­на гэж УИХ дахь МАН-ын гишүүд шүүмжлээд байгаа шүү дээ?

-Би зарим талаар МАН-ын ги­шүүдтэй санал нэг байна. Бондын хөрөнгийг нийгмийн халамжийн чиг­лэлээр бэлэн мөнгө болгож тараахгүй, эргэн төлөгдөх, баялаг бүтээх салбар, төслүүдэд зарцуулна гэж байгаа. Энэ дотроо дэд бүтэц, барилга, тө­мөр зам гэх мэт чиглэлүүдийг заачихсан байна билээ. Би бол энэ заалт ч их ерөнхий байна гэж бодож байгаа. Таван тэрбум ам.доллар гэдэг бол бүтэн жилийн төсвийн зардлаас ч хамаагүй их мөнгө. Гэтэл бид төсвөө яаж задалж хуульчилдаг билээ. Бондыг Засгийн газар гаргадаг, төрийн мөнгө бол иргэдийн мөнгө. Иймээс зориулалт, зохицуулалт маш тодорхой, хариуцлагын механизмыг сайн тооцсон байх ёстой. Би ийм саналаа чуулган дээр, бүлгийн хурал дээр гээд хаа сайгүй л ярьж байна. Нөгөө талаас энэ зээл эдийн засаг дахь төрийн оролцоог нэмэх биш, харин ч хувийн хэвшил, арилжааны банкуудаа давхар дэмжихэд чиглэх ёстой. Санхүүжүүлэх гэж байгаа төсөл, хөтөлбөр нь хариуцлагатай, сайн боловсруулагдсан, эргэн төлөг­дөх боломжтой, эцсийн бүлэгт улсын нуруун дээр өр болж үлдэхээргүй байх хэрэгтэй. Тооцоо, судалгаа муутай төслүүдийг сэтгэлийн хөдлөлөөр сан­хүүжүүлж эхэлбэл хариуцлагагүй мөнгөний нийтлүүлэлтийг ихэсгэнэ. Төсвийн алдагдал нэмэгдэх гол үндэс болно. Монгол Улсын өрийн дарамтыг нэмэгдүүлнэ. Ер нь бол энэ хэмжээний бонд гаргаснаар, тэр дундаа УИХ-ын тогтоол нь маш ерөнхий заалттай байснаар Зас­гийн газар, Ерөнхий сайд, Эдийн засгийн сайд, Сангийн сайд гэх мэт хүмүүсийн нуруун дээр ачаа ирж байгаа гэсэн үг. Ардчилсан нам, Эвс­лийн Засгийн газар бүхэлдээ их эрсдэл үүрэх боллоо гэж харж байна.

-Засгийн газраас өмнө нь гаргаж байсан бондын хөрөнгийг төсвийн алдагдлаа нөхөхөд зар­цуулж байсан. Харин энэ удаад хөрөнгө оруулалтад зарцуулахаар болсон гэдэг нь гол давуу тал бололтой. Тийм үү?

-Тийм. Энэ бол давуу тал. Дахин хэлэхэд бондын хөрөнгө оруулалт л ашигтай байх ёстой.

-Төсвийн задаргаатай холбоо­той яриандаа эргээд оръё. Цэцэр­лэг, сургуулийн хүүхдийн хоолны зардлын тал хувийг нь эцэг, эхчүүд гаргах саналыг гаргасан. Гэхдээ ирэх онд үүнийг өөрчлөхөө больж байх шиг байна. Энэ ер нь хэр оновчтой алхам болов?

-Ирэх онд үдийн хоолны зардлыг төрөөс 100 хувь даана. Угаасаа ч Засгийн газарт үүнийг өөрчлөх бодлого байгаагүй гэдгийг Ерөнхий сайд хэлж байгаа шүү дээ. УИХ энэ бодлогыг дэмжиж байх шиг байна. Гэхдээ хүүхдийнхээ хоолны зардлын тавин хувийг эцэг эх даах нь зүйтэй гэдэг яриа бол оргүй зүйл биш. Жишээ нь би ийм бодолтой явдаг хүний нэг. Төр хүүхдэд үнэгүй нэртэй чанаргүй, шахааны, эрүүл ахуйн баталгаа муутай хоол өгч цаана нь бас эцэг эхийн хүлээх ёстой хариуцлагыг үгүй хийж байгаагаараа энэ маш буруу бодлого. Төрөөс хүүх­дийн хоолонд төсөвлөсөн мөн­гө угаасаа бага, хүүхдүүд өдөр сургууль, цэцэрлэгтээ хагас өлсгө­лөн байдалтай л байгаа. Эцэг эхчүүд өөрсдөө мөнгөө төлдөггүй учраас хяналт бага, хамаагүй шаардаж ча­дахаа ч больчихдог. Энэ бүхнээс болж хүүхэд хохирно.Үүний оронд төр эцэг эхийнх нь ажлын бай­рыг баталгаажуулж, орлогыг нь бодитойгоор, богино хугацаанд до­рвитой нэмэгдүүлэхийн төлөө л ажиллах ёстой. Ер нь монголчууд гадныхантай харьцуулахад их гэр бүлсэг ард түмэн. Манай нийгэмд өөрт нь соёл уламжлалаа дагасан нийгмийн халамжийн сүлжээ бий. Цалин орлоготой, болж бүтэж яваа монгол хүн төрийн гар харж үр хүүхэд, эцэг эх, ядарч зүдэрсэн ах дүүгээ хаяна гэж байдаггүй юм шүү. Иймээс төр өмнөх ажлаа хийж чадахгүй байж эцэг эхийн хариуцлагыг булаацалдаж, айлын гэр бүлийн амьдрал руу орохоо болих хэрэгтэй. Эцэг эхийг хариуцлагагүй байх зам руу төр өөрөө түлхэж байна. Зүй нь бол хүүхдээ хүмүүжүүлэхэд аав, ээжийн хариуцлага өндөр байх шаардлагыг төр тавих ёстой. Үнэ­гүй байлгах, бэлэн мөнгө тараах бод­логоор дамжаад нийгэмд байгаа ха­риуц­лагын тогтолцоо устаж байна.

-Сурагчдын хувьд тийм байж. Харин багш нарт өгөх тэтгэмжийг үе шаттай болгосон байгаа. Уг нь багш, эмч нарын орлогыг баталгаатай, өндөр байлгах ёстой биш үү?

-Би хувьдаа эдийн засгийн өсөлттэй уялдуулж багш нарын асуудлыг шийдэх ёстой гэж боддог. Өнөөдөр багш, эмч нарын цалин үнэхээр бага байгаа. Гэхдээ үүнийг халамж, мөнгө тараах хэлбэрээр сэтгэж явуулбал бас буруудна. Тэд­ний цалинг нэмэгдүүлэх бодлого нь салбарын шинэчлэлтэй хамт явагдах ёстой. Хөдөлмөрийн үнэ цэнийг нь өсгөж, багш нарын хариуцлагыг дээшлүүлж, тэр хэмжээгээрээ баг­шийн хөдөлмөрийг өндөр үнэлэмж­тэй болгох ёстой.

-Ерөнхийдөө энэ удаагийн тө­сөв нэлээд зарлага ихтэй байгаа. Тэгэхээр орлогоо яаж бүрдүүлэх вэ гэдэг их чухал байна. Төсвийн орлого бүрдүүлэлтэд тодорхойгүй зүйлс олон багтсан гэх шүүмжлэл ч байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Төсвийн орлого бүрдүүлэлтэд татварын хувь хэмжээ хэт өндөр байгаа гэж боддог. Манай төсвийн орлогын 90 гаруй хувь татвараас бүрдэж байна. Эдийн засаг нь харь­цангуй зөв бүтэцтэй оронд энэ тоо дунджаар 60 гаруй хувьтай байдаг жишиг байна. Татварын ачаалал өндөр байх, татвар оногдуулалт оновчтой биш байх нь эдийн засгийн хөгжилд муу нөлөөтэй. Иймээс Засгийн газар татварын шинэчлэлийг үргэлжлүүлнэ гэж ярьж байгааг зөв гэж боддог.

-Ярилцсанд баярлалаа.

Т.ЭЛИСА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж