Монгол улсын эрчим хүчний салбарт 1987 оноос хойш шинээр нэг ч дулааны цахилгаан станц баригдаагүй бөгөөд нэгдсэн сүлжээнд ажиллаж буй цахилгаан станцуудын цахилгаан, дулааны үйлдвэрлэх хүчин чадал нь одоогийн цахилгааны хэрэглээ болон Улаанбаатар хот дахь дулааны хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй болоод байна. Одоо ашиглагдаж байгаа дулааны цахилгаан станцууд нь олон жил ажиллан хуучирч найдвартай байдал нь буурсан ба улс орны эдийн засгийн өсөлтийн өндөр хувь, уул уурхайн хөгжил болоод Улаанбаатар хот дахь их барилгажилтын төлөвлөлт зэрэг хүчин зүйлс нь эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болохыг зайлшгүй шаардаж байгаа болно.
2011 оны намар “Улаанбаатар ДЦС-5” төслийн урьдчилсан шатны тендерийн нээлтэд 36 аж ахуйн нэгж оролцох сонирхлоо илэрхийлж, тендерийн бичиг баримтаа худалдан авчээ. Тэдгээрээс 11 консорциум л тендерт оролцох саналаа ирүүлсэн байна. Ингээд шинэ он гарангуут ТӨХ-ноос “Митсуи Со. Ltd”, “Самсунг Си анд Ти, КОСПО, Очир төв”, “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” болон “Даилим, Ланко” гэсэн дөрвөн консорциумыг хоёрдугаар шатанд шалгаруулав. Харин 2012 оны үндэсний баяр наадмын өмнө эцсийн дүнгээр “Интернэйшнл Пауэр Жи Ди Эф Суез, Поско Энержи, Сожитс Корпораци, Ньюком ХХК” төслийн давуу эрхтэй оролцогчоор шалгарсан юм.
Тус консорциум Монгол Улсын Засгийн газрын 2010 онд баталсан “Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт”-ын дагуу Улаанбаатар хотын цахилгаан болон дулааны хэрэгцээг хангах зорилгоор Дулааны V цахилгаан станцыг барихаар ажлаа эхлээд байна. Ийнхүү концессын барих- өмчлөх-ашиглах гэсэн гэрээний төрлөөр эрчим хүчний барилга байгууламж барьж, ашиглалтад оруулаад цахилгаан, дулаан үйлдвэрлэх юм.
Утаанаасаа залхсан Улаанбаатарчуудын хувьд уг станц нь агаарын бохирдлын хувьд хамгийн өндөр түвшний чанарын үзүүлэлт бүхий тоног төхөөрөмж тавихаар сонгожээ. Ялангуяа зуух, турбин болон станцын бусад үндсэн тоноглолыг дэлхийн шилдэг технологи, туршлага, ноу-хау бүхий Simens, Alstom, Genereal Electric, ABB зэрэг үйлдвэрлэгчдээс нийлүүлэх юм байна. Станцын зуухыг Багануур, Шивээ-Овоогийн нүүрсний техникийн шинж чанарт нийцүүлэн хамгийн тааруу нөхцөлд ч цахилгаан, дулааныг найдвартай үйлдвэрлэхээр тооцоолжээ. Тэр ч байтугай цахилгаан үйлдвэрлэхгүй үед ч дулаанаар хангах боломжтой, ус бага хэрэглэдэг техникийн шийдэлтэй аж.
Өвлийн ид ачааллын үед эрчим хүчний энэхүү тав дахь эх үүсвэр ашиглатад орсноор нийт 450 МВт цахилгаан, 587 Гкал/цаг дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Технологийн хувьл орчин үеийн CFB буюу эргэлдэгч буцламтгай давхрагат шаталтат технологиор үйлдвэрлэл явуулах юм байна. Эхний 150 МВт-ын блок 2015 оны аравдугаар сард, мөн тийм чадлын хоёрдугаар блок 2016 оны хоёрдугаар сард, гурав дахь нь зургадугаар сард ашиглалтад орохоор төлөвлөжээ. Нийт 1,3 тэрбум ам. долларын хөрөнгө оруулалттай “Улаанбаатар ДЦС-5” төслийн санхүүгийн багцыг ирэх оны зургадугаар сард бүрдүүлж дуусгана хэмээн мэргэжилтнүүд үзэж байна.
Төслийн хүрээнд Монголын талын гэрээлэгч, нийлүүлэгч нартай хамтран 340 сая ам. долларын гэрээ байгуулж ажиллах бөгөөд станцыг барьж байгуулах ажилд дотоодын компаниудыг туслан гүйцэтгэгчээр түлхүү ажиллуулж, шаардлагатай сэлбэг хэрэгсэл, түүхий эд материал нийлүүлэхэд ч аль болох хамтран ажиллахыг зорино гэж төслийн багийнхан ярив. Ер нь станцын засвар үйлчилгээг 25 жилийн турш хийхэд Монгол Улсын чадвар бүхий гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй хамтрах, түүний дотор барилга угсралтын үед гэхэд 4-5 мянга, ашиглалтын үед 300 гаруй ажилчин ажиллах ажээ.
“Улаанбаатар ДЦС-5” төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн судалгааг H&J Inc болон Мон-Энержи Консалт ХХК 2010-2011 онд Азийн хөгжлийн банкны 1,5 сая ам. долларын санхүүжилтээр гүйцэтгэжээ. Түүнийг Эрдэс баялаг, эрчим хүчний яам үнэлж, ТӨХ тендерийн материалыг боловсруулахдаа гол үндэслэл болгосон байна. Яагаад гэвэл станцын ерөнхий тоног төхөөрөмжийн сонголтыг дэлхийн сүүлийн үеийн технологиудыг харьцуулах замаар хийснээрээ онцлогтой болж. Тухайлбал, нүүрсийг ул ширмэн дээр шатаах технологи, нүүрсийг тоосруулан шатаах технологи, нүүрсийг циклоноор шатаах технологи, нүүрсийг хийжүүлэх технологи, нүүрс, усны хольц шингэн уусмал түлш шатаах технологи зэргээс нүүрсийг буцламтгай давхрагад шатаах технологийг сонгосноороо давуу талтай юм байна. Учир нь бөмбөлөгт буцламтгай шаталтат /эргэлдэгч буцламтгай шаталтат технологи гэсэн хоёр төрөл байдаг. Эргэлдэгч буцламтгай шаталтат зуух нь үр ашгийн хувьд илүү, ашигт үйлийн коэфциент нь 95 хувьд хүрдэг байна.
Ер нь эргэлдэгч буцламтгай шаталтат зуух нь янз бүрийн шинж чанартай нүүрсийг шатаахад тохиромжтой, нүүрсний жижиг хэсгүүдийг ч үр ашигтай шатаадаг, агаарын бохирдлыг хянах боломжтой, халах гадаргуугийн зэврэлт бага гээд техникийн хэлээр өгүүлэх юм бол ихээхэн онцлогтой аж. Ялангуяа үнс зайлуулахад хялбар, тал хувь нь зуухны доод хэсгээр гадагшлах тул цахилгаан шүүлтүүрийн ачаалал буурдаг. Илүүдэл агаар бага, утааны хийнд нүүрстөрөгчийн агуулга өндөр, ашиглахад энгийн агаад ажиллагаанд хурдан оруулж болдог, ачааллын өөрчлөлтийг дагах чадвар сайн. Цаашилбал нүүрсийг автоматаар өгөх, үнсийг автоматаар зайлуулах төхөөрөмж ашиглах боломжтой юм байна. Ашиглалтын явцад засвар үйлчилгээ бага шаарддаг, ажиллагааны найдвартай байдлаараа өндөр үзүүлэлттэй ажээ.
Ийм стандартын зуухыг Америк, Европ болон Ази тивд өргөн ашигладаг. Болгарын Софи, ОХУ-ын Москва, Санкт-Петрбург, БНСУ-ын Сөүл, Польшийн Варшав, Финляндын Хельсинк, Италийн Милан, Канадын Оттава, Ванкувер, АНУ-ын Нью-Йорк зэрэг дөрвөн тивийн хотууд төвлөрсөн дулааны хангамжтай юм байна. Удахгүй улсын нийслэлд тог тасарч, чийдэн унтрахын зовлонгоос ангижирч, Улаанбаатарын цахилгаан, дулааны судсанд илч нэмэх эрчим хүчний тавдугаар эх үүсвэрийн суурь удахгүй тавигдах нь.