Есөн хүнтэй ”Челси” талбайдаа хожигдлоо

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Есөн хүнтэй ”Челси” талбайдаа хожигдлоо

Английн Премьер лигийн есдүгээр тойрогт Super Sunday "Челси" болон "Манчестер Юнайтед" багуудын тоглолтоор үргэлжиллээ. Хүснэгтийг тэргүүлж буй "Челси" гуравдугаар байрт яваа "Манчестер Юнайтед"-ыг өчигдөр орой талбайдаа хүлээн авсан юм. Талбайн эздийн хувьд Фрэнк Лампард Аваргуудын лигт "Шахтёр"-тэй хийсэн тоглолтод бэртэл авсан тул талбайд гараагүй, мөн Жон Терри торгуулийн улмаас тоглолтод оролцсонгүй. Харин "Юнайтед" өвдөгний бэртлээс эргэн ирсэн Эшли Янг гараанд гарч тоглосон.

Лигтээ гайхалтай амжилттай яваа "Челси" талбай дээрээ эхний 12 минутад л хоёр гоол алдаж, фенүүдээ гонсойлгосон. Дөнгөж гурав дахь минутад Ван Персигийн цохьин цохилт хөндлөвч онож, хамгаалагч Дэвид Луизийн биед ойн хаалганд орсон. Харин 12 дахь минутад Ван Перси Валенсиягийн дамжуулалтаар хоромхон зуур тооны харьцааг 2:0 болгож чадсан. Ийм байдалд орсон "Челси" удаа дараалан довтолж байсан ч хаалгач Де Хеа цөөнгүй аюултай довтолгоог зогсоож, багаа аварч байлаа. Гэхдээ 44 дэх минутад Х.Матагийн чөлөөт цохилтыг хааж чадалгүй тооны харьцаа ойртсон.

Хоёрдугаар хагас бүр ч илүү сонирхолтой өрнөлөө. Хоёрдугаар хагасын эхэнд Дэвид Луиз 16-гийн шугам дотор гар хүрсэн ч айлд торгуулийн цохилт заагаагүй. Үүний дараа 53 дахь минутад бразиль залуу Рамирес Оскарын дамжуулалтыг мөргөн гоолдож, 2:2 болгосон юм. Харин 63 дахь минутаас эхлэн тоглолт "Челси"-гийн эсрэг эргэсэн гэхэд болно. Хамгаалагч Б.Иванович Э.Янгийг сул гарсан үед нь унагааж улаан карт хүртсэн. Мөн 69 дэх минутад довтлогч Ф.Торресийг жүжиглэсэн хэмээн үзэж, шүүгч М.Клаттенбург түүнд хоёр дахь шар картыг өгснөөр "Челси" маш хүнд байдалд орсон юм.

Есүүлээ үлдсэн талбайн эзэд хамгаалагчдаа сэлгээгээр оруулж ирсэн боловч Чичарито 75 дахь минутад эцсийн цэгийг тавьсан. Харамсалтай нь, уг гоол отон байрлалаас орсон боловч хажуугийн шүүгч түүнийг хараагүй юм. Ийнхүү ширүүн өрсөлдөөнтэй, будлиантай тоглолт 3:2 харьцаатай талбайн зочдын ялалтаар өндөрлөлөө. "Челси" хожигдсон ч лигийг 22 онооотой тэргүүлсэн хэвээр бол "Манчестер Юнайтед" тэдний ард ганцхан онооны зөрүүтэй болж ирлээ.

Статистик үр дүн:
Бөмбөг эзэмшилт: "Челси" 51%, "МанЮ" 49%
Хаалга чиглэсэн цохилт: "Челси" 14 (11), "МанЮ" 15 (7)
Булангийн цохилт: "Челси" 8, "МанЮ" 6
Алдаа: "Челси" 13, "МанЮ" 11

БИЛГҮҮН
www.sportbox.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж