
Бразилийн Сальвадор хотноо жүдо бөхийн багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд зодоглосон эрэгтэйчүүдийн баг хэсгийн эхний барилдаандаа БНСУ-ын багт ялагдсанаар тэмцээнийг орхижээ. Д.Төмөрхүлэг /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Б.Жанчивдорж /-90 кг/, Б.Тэмүүлэн /+90 кг/ нарын бүрэлдэхүүнтэй оролцсон Монголын тамирчид БНСУ-ын жүдочдод 5-0 харьцаатай ялагдсан байна. Эрэгтэйчүүдийн төрөлд 14 багийн тамирчид өрсөлдсөнөөс ОХУ-ын баг түрүүлж, мөнгөн медалийг Япон, харин Гүрж болон Бразилийн жүдочид хүрэл медаль хүртлээ.
Өмнөх өдөр нь Монголын эмэгтэй жүдочид дэлхийн аваргын татамид барилдаж, тавдугаар байрт шалгарсан билээ.
С.ЦЭЛМЭГ