Туг бариад гүйх цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

“Шинэчлэлийн” гэсэн нэрийг өөртөө наагаад авсан нөгөө Засгийн газар маань “Алтан загасны эмгэний” замаар оров бололтой. Хоосон авдартай засаг авлаа гэж нулимс унагах шахаж байсан тэд өдөржин шөнөжин ажиллахаар болсон. Өдөржин шөнөжин ажиллаж эхэлсний эхний үр дүн нь гарч олон яамтай, олон чиг хандлагаа тодорхойлсон танхимтай болоод авав. Тэгээд “шинэчлэлийн” гэсэн тодорхойлолтоо хийлээ. Намаа шинэчлэх гэхээр нь хуучин “хувьсгалтаараа” үлдэнэ гэж зүтгэсэн хүмүүстэй эвсч байгаа болохоор “шинэчлэлийн гэсэн нэр авах ёстой байлгүй яахав дээ.

Батлагдсан хуулиа үг үсгээр нь засчихдаг сайд нартай, дандаа дээр суусаар байгаад хууль дүрмээсээ илүү гишгиж амиа борлуулж ирсэн хувьсгалч МАН-ынхны ихэмсэг тоомсоргүйг нь ашиглаад хуулийг нь харуулж байгаад тэднийг бүлэг мүлэггүй болгож дөнгөлөө. Хөөрхийс, “Хууль гууль болжээ” гээд л эсэргүүцэлгүй яахав. Хууль нь тэдний үед “алт” байсан ч юм шиг. Гэнэт хуулиа санасан МАН-ынхан гудамжинд жагсаад л зулзаган лидерүүдийнх нь нэг нь жагсаалыг сонирхогч дундаас нэг хөгшнийг татаж гаргаад “Зангиа, мангиад зүүгээд их болоо шив дээ…” гээд загнах юм. Өмнө нь тэр хөгшнийг зангиа зүүгээд ирвэл гайгүй тушаал өгөх гэж байсан юм шиг.

Шинэчлэлийн Засгийн газрын “хоёрдугаар ээлжийнхэн” ерөнхийдөө хоолондоо ороод дуусч байх шиг байна. Харин одоо ямар бодлого, чиг хандлагаар явахаа олигтой тайлбарлаад өгөх л үлдээд байх шиг. Гэхдээ л цөөнгүй хүмүүс “хоёр”, “гурав” дугаар ээлжинд багталгүй үлдэв бололтой. Тэднийг яах вэ гэсэн асуудал гарах нь мэдээж. Ингээд л “Төрийн нарийн бичгийн даргаас эхлүүлээд албад, агентлагийн дарга нарын статусыг “улс төрийн” болгох санаа эрх баригчдад төрөв үү дээ. Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, цэргүүд бүгд л тэнд багтах юм уу даа. Яахав “архаг”-уудыг ”төрөл арилжуулах” гэсэн санаа л гэж бодоод өнгөрөхөөс.

Уул шугамандаа эрх барьсан намынхан бүгд л сонгуулийн дараа хуучин эрх баригчдаасаа албан тушаалуудыг нь булаан авна гэсэн бөөн бужигнаан болох нээ. Монголын бараг бүх хүн л ямар нэгэн албан тушаалд суух боломж тодорч байна, харав уу.  Тийм болохоор гайгүй шиг намыг дагаад зүтгээд бай. Тэр хооронд “шинэчлэгчид” шинэчлэх юмгүй болох вий. Шархүү би ч улаан туг бариад гүйхэд яагаад болохгүй гэж?

А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж