Өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Өнгөрсөн долоо хоног дэлхий дахинд

Эргэх дэлхийн эрээн, бараантай долоо хоног шувтарч шинэ долоо хоног эхэлж байна. Өнгөрч буй долоо хоногт олон үйл явдал болж өнгөрлөө. Хойд Америк төдийгүй дэлхийн эдийн засгийн гол тоглогч АНУ-ын ерөнхийлөгчийн төлөөх цуврал халз мэтгэлцээний хамгийн сүүлчийнх нь болж Обама ялалт байгуулав. Ойрхи дорнод төдийгүй лалын ертөнцөд өөрийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлсэн Малала охиныг буудсан этгээдүүдийг баривчиллаа. АНУ-ын зүүн эрэг болоод Карибын тэнгист хүчтэй салхи дэгдэж 140 гаруй хүний амь насыг авч одов. Долоо хоног шувтарч байх мөчид Мьянмарын Рахине дүүрэгт буддист болон муслимын үзэлтнүүдийн хооронд мөргөлдөөн гарч 60 гаруй хүн нас баржээ. Мөн эдийн засаг нь хямраад байгаа Испани улсын байдал бүр дордсон төдийгүй ирэх сараас Европын холбоо болон олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас зээл авах нь бараг тодорхой болоод байгааг дэлхийн хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээлэв. Технологийн салбарт бас нэгэн мэдээлэл дэгдсэн нь “Apple” корпораци хуучин ашиглаж байсан технологиудаа шинэ бүтээгдэхүүнүүддээ нэмж тоноглохоор болж байгаагаа зарласан юм.

Обама ялалт байгуулав

АНУ-ын ерөнхийлөгчийн төлөөх цуврал гурван мэтгэлцээний хамгийн сүүлийнх нь өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт боллоо. Эхний мэтгэлцээнд бүгд найрамдахчууд итгэл төгс ялалт байгуулж, дараагийн мэтгэлцээнд Ардчилсан нам хариугаа авч мэтгэлцээний харьцаа 1:1 болоод байсан юм. Тиймээс сүүлийн мэтгэлцээн нэр дэвшигчдийн хувьд маш чухал “тулаан” болоод байлаа. Ажиглагчид төдийгүй дэлхий нийтийн хувьд энэ мэтгэлцээнийг тэсэн ядан хүлээж байсан билээ. Сүүлийн мэтгэлцээн Барак Обама 50-иас илүү хувиар өрсөлдөгчөөсөө илүүрхсэнээр ялалт байгуулсан байна. Гурав дахь мэтгэлцээнд хоёр нэр дэвшигч гадаад бодлогын талаар мэтгэлцсэн бөгөөд Ромни, Обама нарын улс төрийн хоёр өөр үзлийг олон нийтэд таниулсан билээ.

“Гадаад бодлогын асуудал ерөнхийдөө хэцүү. Сүүлийн дөрвөн жилийн турш хийсэн цэргийн ажиллагаануудад АНУ-ын иргэд дийлэнхэд нь таагүй хандаж байсан. Гадаадын иргэд ч үүнийг өөр өнцгөөс нь хардаг. Харин өнөөдөр Ромнигийн дэвшүүлсэн санаанууд ерөнхийдөө зөв байсан. Гэхдээ тэрээр нийт америкчуудыг бүгдийг нь доромжилсон өнгө аястайгаар хариулсан нь эргээд өөрийг нь боомилчихлоо” гэж СNN агентлагын тоймч Марк Мардель ярьжээ.

Орон даяар явуулсан санал асуулгаар мэтгэлцээний дараа Обамагийн рейтинг Ромнигоос нэг их илүү гарахгүй байгаа нь сонгууль маш өрсөлдөөнтэй болоход нөлөөлөх гол хүчин зүйл болж болзошгүй байна. Мэтгэлцээнд ялагдсан нэр дэвшигч ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулбал түүхэнд тэмдэглэгдэх үйл явдал болох юм. Судлаачдын үзэж байгаагаар Обама хэдийгээр мэтгэлцээнд ялалт байгуулсан ч сонгуульд ялалт байгуулах нь эргэлзээтэй ажээ.

Малалаг буудсан сэжигтнүүдийг баривчлав

Лалын ертөнцөд өөрийн үзэл бодол, дуу хоолойгоо илэрхийлснийхээ төлөө хэт даврах үзэлтнүүдэд буудуулсан Малала охин дэлхийн хамгийн алдартай охины нэг болоод байна. Их Британид эмчлүүлж бага, багаар биеийн байдал нь дээрдэж байгаа энэ цаг мөчтэй зэрэгцэн эх нутагт нь түүнийг буудсан хэрэгт буруутгаж есөн хүнийг баривчиллаа. Цагдаа нар Малала охиныг алахаар санаархсан хэргийн гол сэжигтнээр Атта Улла Хан гэгч 23 настай химийн чиглэлээр магистрт суралцдаг нэгнийг эрэн сурвалжилж байгаа аж. Баривчлагдсан есөн хүний зургаа нь охиныг буудсан хэрэгт тусалсан бол үлдсэн нь Атта Улла Ханы ойр дотны хүмүүс юм байна.

Малала Их Британийн нэгэн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд гэмтлийнхээ улмаас ярьж чадахгүй байгаа аж. Гэхдээ тэр бичгээр ойр дотныхонтойгоо харилцаж, твиттерт сэтгэгдэлээ үлдээж байгаа юм.

“Үнэн хэзээд ялдаг. Гэмт этгээдийг нэн даруй олж шийтгэлийг нь хүлээлгэх ёстой” гэж Энэтхэгийн хөгжмийн зохиолч Р.Р.Рахман твиттер хуудсанаа бичжээ.

Байгалийн гамшиг Америк тивд

Карибын тэнгист дэгдсэн Сенди нэрт хар салхины улмаас Куба, Мексикийн хойг, АНУ-ын зүүн эрэг, Канадын зүүн эрэг, Ямайка, Багамын арлууд, Гайти зэрэг улсуудад хохирол учруулсан бөгөөд одоогийн байдлаар 67 хүн нас бараад байгаа ажээ. Хар салхи Куба болон Гайтид маш их хохирол учруулсан бөгөөд Гайтид 51 хүн, Куба улсад 11 хүн нас бараад байгаа юм байна. Мөн Сенди хар салхи дайрсан улсуудад онц байдал тогтоосон байна.

Канад улсад 7,7 магнитудын газар хөдлөлт болсны улмаас зүүн эрэг орчимд нь цунамигийн аюул нүүрлээд байна. Одоогийн байдлаар хохирлыг нарийн тооцоолоогүй байгаа юм.

Мьянмарт зэвсэгт мөргөлдөөн болов

Үүнийг зэвсэгт мөргөлдөөн гэхээсээ соёлын мөргөлдөөн гэж нэрлэвэл зохимоор. Рахине дүүрэгт болж байсан муслимчуудын Эйд аль Адха нэрт баярын үеэр тус нутгийн буддистууд мөргөлдөөн үүсгэж, сүүлдээ эмх замбараагүй байдал болон хувирсан бөгөөд 60 гаруй хүн нас барж, олон арван хүн орох оронгүй болжээ. Тус дүүрэгт өнгөрөгч таван сараас байдал ээдрээтэй болж эхэлсэн бөгөөд зөвхөн зургадугаар сард л гэхэд 100 гаруй хүн нас барсан бол наймдугаар сард 88 хүн нас баржээ. Одоогийн байдлаар соёлын мөргөлдөөнд өртөгчдийн тоо 90 мянгад хүрээд байгаа юм. НҮБ-аас уг асуудлыг анхааралдаа авсан бөгөөд бүс нутгийн дээд байгууллагуудад нь энэ тухай тайлан мэдээ яаралтай ирүүлэхийг Мьянмарын эрх баригчдаас шаардаад байгаа юм. Энэ газар соёлын мөргөлдөөн өмнөх жилүүдэд гарч байсан ч сүүлийн таван жилийн хугацаанд нам тайван байсан билээ.

Өнгөрсөн долоо хоногт болсон бас нэгэн сонин үйл явдал гэвэл ямар нэгэн байгууллагаас тусламж авахгүй гэж байсан Испанийн эдийн засаг эргэлзээтэй байдалд хүрч байгааг тус улсын ерөнхий сайд Марионо Рахой мэдэгдсэн юм. Уг нь Европын холбоо нэн даруй тусламжийн мөнгө санал болгож байгаа ч одоог болтол зээл аваагүй байсан билээ. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар Испани ирэх сар гэхэд олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагаас зээл авах юм байна.

Тоймч Б.БОЛОРСҮХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж