Нүүрсний ганц гарц-БНХАУ

Хуучирсан мэдээ: 2012.10.29-нд нийтлэгдсэн

Далайн боомтод нүүрсээ хүргэх боломжтой болтол манай нүүрс нийлүүлэгч компаниудад дэмжлэг хэрэгтэй байна. Манай гол худалдан авагч Хятадын зах зээлийн эрэлт буурсны улмаас нүүрсний экспорт энэ онд 11 сая тонн хүрээд байна.

Нүүрс хэмээх баялаг маань 2010 онд 16 сая тонн нүүрс экспортосон манай улс 2011 онд 24 сая тонн хүрч, тэр ондоо нийт экспортын 47 хувийг эзлэж улсын төсөвт урьдчилан төсөөлөөгүй их орлого оруулсан. Тиймээс л бид Монгол нүүрс Хятадын зах зээлийн чухал тоглогч-нийлүүлэгч боллоо гэж итгэсэн.
Энэ 24 сая тонныг “Саутгоби Сэндс”, “МАК”, “Чинхуа МАК”, “Энержи Ресурс”, “Тавантолгой” ХК компаниуд  л олборлосон. Сонирхолтой нь эдгээр бүх компани нүүрсээ шууд уурхайн амнаасаа Винсвей гэдэг худалдаа ложистикийн компанид зардаг. 

“Винсвей” “Овооттолгой, Тавантолгой хоёр ордоос олборлосон бүх нүүрсийг худалдаж авч, эрчим хүчээр ангасан Хятадын хэрэглээтэй харьцуулахад 24 сая тонн бол далайд дусал шиг хэмжээ, илүү ихийг олборлох хэрэгтэй байна” гэж ярьж байсныг та сонссон байх.

Тиймээс л бид энэ онд 32 сая тонныг гаргана, эдийн засгийн хямрал боллоо ч жилд 600 сая тонн коксжих нүүрс хэрэглэдэг Хятадад манай нүүрсийг авах хангалттай зай байгаа гэж итгэж байв.

Далайгаар тээвэрлэдэг Автсрали, Индонезийг бодвол бид 50, 250 км-ийн зайнаас буюу хилийн цаанаас л хямд үнэтэй, үнслэг багатай – илч ихтэй Монгол нүүрс нийлүүлж байхад яагаад нүүрсний экспорт энэ онд 11 сая тонн болж буурав?

Хэдий Монголын нийлүүлэгчид олон давуу талтай ч Хятадын зах зээл дээр байр сууриа олох нь бүү хэл тэдний хилээр ч давуулаад гаргачихаж чадахгүй, уурхайн аман дээрээсээ хямдаар худалдаж байгаа нь үнэн.

Экспорт жилийн дотор 8 сая тонноор нэмэгдсэн нь 2010-2011 онд монголчууд бид байр сууриа олж, үнэ цэнэтэй нийлүүлэгч болсон гэж аархах аргагүй байв. Нүүрсээ хэнд, ямар хэмжээгээр зарах нь компаниудын маркетингийн асуудал ч гэлээ нүүрснээс орж ирэх орлого манай эдийн засагт асар чухал үүрэгтэй.

Нүүрсний үнэ буурч, худалдан авагч олдохгүй байгаа үед төр хувийн хэвшилтэй хамтарч нүүрсээ борлуулах арга хайх нь зүйтэй гэдгийг энэ жилийн экспортын 11 сая тонн хэмээх тоо харуулсан болов уу. 

Хамгийн ойрын худалдан авагч -өвөр Монголын мужууд болон ганг ихээр үйлдвэрлэж хэрэглэдэг бусад мужуудтай харилцаа тогтоож, нүүрсээ олон жил тогтвортой хугацаанд нийлүүлэх санаачлага эхлүүлэх хэрэгтэй байна.

Гэхдээ тэдэнд хүрэхийн тулд яамдууд хятадуудтай холбоо тогтоох гүүр болох хэрэгтэй гэж олборлох салбарынхан үзэж байгаа юм.

Учир нь Хятадад гангийн үйлдвэрүүд болон цахилгаан станцууд тухайн мужийнхаа харьяанд, төрийн өмчит компани хэлбэртэй байх нь элбэг. Шинэ Засгийн газар, Уул уурхайн яам болон Гадаад хэргийн яамдын Хятадын мужуудтай харилцаа тогтоож, нүүрс нийлүүлэх санаачлага гаргавал нүүрсээ борлуулахад чухал түлхэц өгч чадна.

Хятадын коксжих нүүрсний хэрэглээ өнгөрсөн жил 600 сая тонн хүрсэн. Үүний 60 гаруй сая тонныг Австрали Монгол хоёроос импортоор авсан байдаг. Энэ жил хямралаас болж коксжих нүүрс болон төмрийн хүдрийн үнэ хоёр жилийн доторх хамгийн бага цэг дээр ирэв. 

Гэхдээ Хятадын дотоодын нүсэр том бүтээн байгуулалтууд, шинэ хотуудын бүтээн байгуулалтад ган зайлшгүй хэрэгтэй учраас хэрэглээ удахгүй дахин нэмэгдэнэ гэж зарим мэргэжилтнүүд ялангуяа монголчууд итгэхийг хүсч байна. Хятадад хотжилтийн бүтээн байгуулалт 2040 он хүртэл үргэлжлэж, гангийн үйлдвэрлэл жилд нэг тэрбум хүрэх болно CRU мэдээлжээ. 

Бид шинэ төмөр замаа бариад нүүрсээ Хятадын эсвэл Оросын нутгаар тээвэрлэж олон улсын зах зээлд гаргахад дор хаяж таван жил зарцуулна. Тэр болтол Хятадуудтай ухаалгаар наймаалцаж, нүүрсээ нийлүүлэх бодит шаардага бидэнд тулгараад байна. Монголын нүүрсийг далайн боомтод хүргэж, худалдан авагчаа сонгох боломжтой боллоо гэхэд ч ойрын гучин жилдээ Хятад бидний гол зах зээл хэвээрээ байх нь тодорхой. Тиймдээ Хятадын мужуудтай сайн харилцаа тогтоож, нүүрсээ тогтвортой, урт хугацаанд нийлүүлэхэд төр хувийн хэвшил хамтран ажиллах ганц гарц гэдэгтэй хэн ч маргахгүй буй за.

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж