Уул уурхайн яам, Монголын шатрын холбоо, “Энержи Ресурс” компанитай хамтран 15.5 сая төгрөгийн шагналын сантай, шатрын түргэвчилсэн тоглолтын тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа. Уул уурхайн салбарын 90 жилийн ой, “Уурхайчдын өдөр”-т зориулан зохион байгуулсан уг тэмцээнд зургаан их мастераас гадна Монголын шилдэг 100 шатарчин өрсөлдсөнөөрөө онцлог байлаа. Гурван өдрийн турш оюун ухаанаараа өрсөлдсөн уг тэмцээнд эрэгтэйчүүдээс их мастер Ц.Батчулуун түрүүлж, Б.Гүндаваа удаалсан бол мастер У.Насанжаргал гуравдугаар байрт шалгарчээ. Эмэгтэйчүүдийг их мастер Б.Мөнгөнтуул найман оноогоор тэргүүлж, спортын мастер Г.Баярмаа удаалсан байна. Уул уурхайн сайд Д.Ганхуяг энэхүү тэмцээний үеэр оролцсон тамирчдад баяр хүргэж, амжилт хүссэн байна.
У.БОЛОР