ДБЭТ-ын уран бүтээлчид хагас зууны түүхт театрынхаа 50 дахь улирлын тоглолтын хуваарьтаа өнгөрсөн он жилүүдэд бүтээсэн, дэлхийн хүн төрөлхтөн хүлээн зөвшөөрсөн сонгодгууд болон үндэсний тодотголтой хамгийн шилдэг уран бүтээлүүдээ багтааснаараа онцлог юм.
Дж.Вердийн “Реквием” бүтээлийг Гавьяат жүжигчин, дуурийн гоцлооч С.Мөнгөнцэцэг, Соёлын тэргүүнхий ажилтан, гоцлооч Р.Доржхорлоо, гоцлооч Б.Гомбо-Очир, Д.Бямбажав нарын дөрвөн хүчирхэг хоолой найрал дуучдын хамт латин хэлээр үзэгчдэд сонордуулав. ДБЭТ-ын симфони оркестр энэ үдшийн зочдын бүрэн эзэмдсэн юм. Уг бүтээл Амирлуулахуй, Хилэнт гэсгээлийн өдөр тохиохуй, Тавиг буюу өргөл, Ялгуугсдад одуулах залбирал, Оройн дээдэд золиослох тавигийн хурга, Энхжингийн гэгээ, Эрхэт эзэн минь, зовлонгоос гэтэлгэж хайрла гэсэн долоо ангитай.
Зохиолч Урианхай өчигдөр уг бүтээлийн нээлтийн үеэр “Энэ бүтээл нь сүнсийг амирлуулж буй бөгөөд хагацал зовлон учирсан хэн бүхэнд тэдний төлөө хөгжмөөр дамжуулан буян үйлдэж буй хөгжмийн томоохон зохиол бүтээл юм” хэмээн онцлон хэлсэн. Тиймдээ ч Вердийн уг бүтээлд харуусал дагуулсан өнгө аяс, их уй гашууг илтгэх мэт сүрлэг хөгжим, гуниглан гашуудах зөөлөн аяз бүгд багтсан гэлтэй.
Харин удирдаач Ж.Бүрэнбэх “Би ярьдаггүй. Тайзнаа буруу харж байгаад дуучид, оркестороороо та бүхэнд нэг цаг 30 минут ярих учраас” хэмээсэн. Тэрээр удирдан тоглуулж буй уран бүтээлээрээ үзэгчидтэй ярилцаж, тэдний сэтгэл зүрхийг эзэмдэн, хөнгөн гунигт автуулж, мөн хязгааргүй уудамд аялуулан цэнгүүлж чаддаг тийм л шидтэй.
Дж.Верд бол дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг. Тэрээр 80 гаруй наслахдаа 26 дуурь бичсэн аж. Түүний зургаа дахь бүтээл ийнхүү өчигдөр дуурийн театрын тайзнаа амилсан юм.
Түүний энэ бүтээлийг сонгон авч тоглох болсон шалтгаан нь 50 хүрсэн хүн бол амьдрал дээр хат суусан байдаг шиг дуурийн театр 50 жилийн ойдоо зориулан театр таван настайдаа тавьж байсан энэ бүтээлээ хат суусан 50 насандаа дахин тоглосуу хэмээн сонгож авсан гэнэ. Мөн нэгэн үед сэргэн мандаж байсан Монголын найрал дууны урлагийнхнаа дахин сэргээх хоёр дахь удаагийн том оролдлого нь аж.
Ирэх 2013 онд Дж. Вердийн мэндэлсний 200 жилийг ой угтуулан дэлхий нийтээр 2013 оныг “Дж.Вердийн жил” хэмээн зарлаад байгаатай. Тийм ч учраас манай театрын уран бүтээлчид тус ойд зориулан уг бүтээлийг тайзнаа толиллуулжээ.
Уг бүтээл хөгжмийн талаас олон онцлогтой. Тиймээс яг хөгжмийн зохиолчийн бичсэн тус бүрэлдэхүүнээр тоглохоор зорьсон гэж удирдаач Ж.Бүрэнбэх дуулгасан юм. Хөгжмийн талаас нь товч танилцуулахад, симфони найрал хөгжим буюу дуурьт фагот буюу үелэх бүшгүүр голдуу хоёр байдаг бол энэ бүтээлд Верди дөрвийг оруулж, соло хэлбэрэр бичсэн. Тайзнаа тоглолтын дундуур тэр гайхалтай фаготын дөрвөл соло эгшиглэхийг сонсох гайхалтай байсан шүү. Мөн симфони найрал хөгжимд хоёроос гурав л бичигддэг турба хөгжим уг бүтээлд найм байдаг ба энэ л үдэш дуурийн театрын сомфони наймууланг нь оркестр эгшиглүүлсэн. Верди найрал дууны хоёр хамтлагт энэхүү бүтээлээ зориулан бичсэн аж. Тиймээс энэ л үдэш ДБЭТ-ын найрал дуу, Бүх цэргийн дуу, бүжгийн эрдмийн театрын найрал дуучдыг урьж хоёр найрал дууны бүрэлдэхүүнтэйгээр өчигдөр “Реквием” бүтээл эгшиглэлээ. Тоглолтын төгсгөлд хүн бүр алга ташин “браво” хэмээн уухай хадаан “Реквием”-ийг эгшиглүүлсэн уран бүтээлчдэд баяр хүргэсэн юм. Тэд энэ үдшийг “амирлууллаа”.