Шуудай нүүрсний төлөө дугаарлах нь

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Шуудай нүүрсний төлөө дугаарлах нь

Шинэчлэлийн Засгийн газрын буянаар Багануурын нэг тонн нүүрс 80 мянган төгрөг рүү буух нь. Сонсоход ч сайхан л мэдээ. Зил-130 машин нүүрсийг 1.2 сая төгрөгөөс буулгахгүй хэмээн ченжүүд гүрийж, нийслэлийн гэр хорооллынхон хэтэвчээ сэгсэрч байхад 40 кг шуудайтай нүүрсийг 3000 төгрөгөөр худалдан авах нь сайхан сонсогдохоос яах билээ. Тиймдээ ч гэр хорооллынхон нүүрсний пүнзээ цэвэрлэж, шуудай сав бэлтгэхээс наахнуур юм болж байна. Гэвч хамгийн чухал асуудал нь энэхүү хямд нүүрсийн долоо хоног хоёр удаа нэг, нэг шуудайгаар л олгох юм. Тэгэхээр долоо хоногт хоёр удаа нүүрсээ авахын тулд хэн нь нүүрсэндээ дугаарлаж, түлшээ бэлтгэх вэ?. Ийм нэг асуулттай тулгарах болов.

Хөгшчүүд ямар ч байсан хүүхэд хардаг ажлаасаа чөлөөлөгдөж нүүрсэнд дугаарлаж ажлын хуваарь гаргаж суухад эхнэр, нөхрүүд долоо хоногийн хэд дэх өдөр нь ажлаасаа чөлөө хүсэхээ тооцно. Нэг өдөр нь эхнэр ажлаасаа чөлөө гуйх бол дараагийн өдөр нь нөхөр ажлаасаа чөлөө хүснэ. Ийм л замаар нүүрстэй болохоос өөр дүр зураг харагдахгүй болов.

Засгийн газраас гаргасан зураглалаар “Улаанбаатар төмөр зам”-ын 28 вагон өдөр тутамд Багануурын уурхайгаас нүүрс тээвэрлэн авчирч, Толгойт, Амгалан өртөөнд буулгах аж. Тэнд нь нүүрсийг 40 кг-аар шуудайлж, хороо, нүүрс мод худалдаалах цэгт хүргэнэ. Харин иргэд гэртээ ойр газраасаа нүүрсээ авах арга замыг эрэлхийлэх ёстой. Хороондоо ойр нь усны тэргээ түрж очиж авна, хол нь унаа машины эрэлд гарахаас өөр аргагүй. Энэ тохиолдолд 40 кг нүүрсийг 3000 төгрөгөөр худалдан авлаа ч замын зардалд дор хаяж 1500-2000 төгрөг төлөх болно. Тооцоо хийгээд үзвэл  нэг шуудай нүүрстэй болохын тулд 4500-5000 төгрөг зарцуулах болж байгаа юм. Хороо хориндоо хамгийн ойр гэртэйгээр жишээ авч тооцоход шүү дээ. Ядахад өнөөх 3000 төгрөгийг нүүрсээ авахдаа өгч болохгүй, түрүүлж банкинд тушаах ёстой. Гурав хоноод шуудай нүүрсийг худалдах болохоор нэг өрх долоо хоногтоо хоёр удаа банкинд мөнгө тушаах ажилтай болно. Тэр цагт банкууд нүүрсний 3000 төгрөг тушаах дараалалд дарагдах нь тодорхой. Нөөцийн гулууз мах худалдах авахын тулд өнгөрсөн өвөл нийслэлчүүд яаж дугаарлаж байлаа, түүн шиг л ирэх сараас банкинд, бас нүүрс борлуулах цэгийн гадаа дугаарлах нь, чөтгөр аваг гэж… Аягүй бол Сонгинохайрханд харьяалатай хэрнээ Хан-Уул дүүрэгт амьдардаг иргэд байхыг үгүйсгэхгүй. Хороо хориноор дамжуулж нүүрс олгохоор бол хэдэн 10 км туулж байж, шуудай нүүрсний бараа харна. Дээр нь хорооны дарга, хэсгийн байцаагчтай ойр хүн нь гайгүй нүүрс авдаг, танил талгүй нь хогон дээр нь “зодолддог” болж хувирч мэднэ. Өнгөрсөн жил гэр хорооллынхныг утаагүй зуух, гэрийн дулаан бүрээсээр хангах ажил зохион байгуулах үед хороод ямар ямар маапаан үүсгэж, дундаас нь хожоо гаргасан талаар одоо ч хэвлэлүүд бичсээр л байгаа. Үнэхээр Засгийн газар иргэддээ хямд үнээр нүүрс нийлүүлэхийг зорьж байгаа бол хүргэх аргаа өөрчлөхгүй бол хүндрүүлсэн ажил болж хувирах нь. Монголчууд 1990-ээд оны эхэнд картын бараатай байх үед талх, мах, гурил будаандаа дугаарлаж байв. Харин одоо шинэчлэлийн Засгийн газрын нүүрэн дээр бүр шуудай нүүрсний төлөө дугаарлах нь. Энэ янзаар монголчууд Н.Алтанхуяг сайдыг шуудай нүүрсэнд дугаарлуулснаар нь дурсах вий. Учир нь П.Жасрайн Засгийн газрыг шилжилтийн үеийн хүндхэн дурсамж, Н.Энхбаярын Засгийн газрыг мянганы замаар, С.Батболдын Засгийн газрыг нөөцийн маханд дугаарласнаар илүү тод санадаг шүү дээ.

Уг нь Монголын ард түмэн УИХ-ын 2012 оны сонгуульд Ардчилсан намд олуулаа ялах боломжийг олгохдоо мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн “Чинээлэг дундаж амьдралтай монгол давхаргыг бий болгох зорилгыг дэмжиж итгэл хүлээлгэснээс биш, шуудай нүүрсэнд долоо хоног тутамд хоёр удаа дугаарлахын төлөө сонголт хийгээгүй л байлтай.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж