Харцаар удирдах технологийг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2012.10.28-нд нийтлэгдсэн

Харцаар удирдах технологийг танилцуулав

Өнөөдөр таблет, ухаалаг утас зэрэг төхөөрөмжүүдийг удирдахад даралт мэдрэх дэлгэц голлон ашиглагдаж байгаа бол дуу хоолойны удирдлага зарим хэлбэрээр хэрэглээнд нэвтэрч эхлээд байна. Тэгвэл эдгээрийн дараагийн түвшний интерфейс болох нүдний хөдөлгөөнөөр удирдах технологийг NTT Docomo компани бүтээж CEATEC JAPAN 2012 үзэсгэлэнд танилцуулсан байна.

"i beam" хэмээн нэрлэгдэх энэ технологи нийтийн тээврээр зорчих, эсвэл цүнх зэрэг зүйлсийг барьж яваа тохиолдолд нүдний хөдөлгөөнтэй хамт өрөөсөн гараар төхөөрөмжүүдийг удирдах боломжийг бүрдүүлнэ. Туршилтын хүрээнд танилцуулсан төхөөрөмжийн доод хэсэгт байрлах хос камер хүний нүдний хөдөлгөөнийг мэдэрч, нүдний харц хааш нь чиглэж байгааг танидаг байна.

Тухайлбал веб хөтчийн сонголт хийхийг хүссэн цэгт харцаа төвлөрүүлэнгээ дэлгэцийн аль нэг хэсэгт хуруугаар дарвал хүссэн үйлдэл хийгдэх болно. Дүрслэлийг томруулах, жижигрүүлэхийг хүсвэл дэлгэцийн аль нэг хэсэгт харцаа төвлөрүүлэнгээ хуруугаараа чирэх хөдөлгөөн хийхэд хангалттай. Энэ тохиолдолд даралт мэдрэх дэлгэцийн удирдлагад шаардагдах 2 хурууны даралтын нэгийг нүдний хөдөлгөөнөөр орлуулжээ.

Мөн сонголт хийхийг хүссэн цэгт 1 секунд орчим хугацаанд харцаа төвлөрүүлэх тохиолдолд хурууны даралт хийлгүйгээр үйлдэл хийгдэх боломжтой. Тухайлбал электрон номын хуудасны буланд харцаа төвлөрүүлж хуудас эргүүлэх үйлдэл хийнэ. Энэ технологи одоогийн байдлаар туршилтын шатанд байгаа учир хэдийнээс хэрэглээнд нэвтрэх нь тодорхойгүй байгаа юм.

Эх сурвалж: http://robomec.blogspot.com/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж