2013 оны төсвийн онцлогийн талаар www.zasag.mn сайтад ийн тодорхойлжээ.
Сүүлийн жилүүдэд баримталсан төсвийн бодлого нь санхүүгийн харилцааны хууль эрх зүйн орчныг үндсээр нь шинэчлэн, төсвийн бодлогыг макро эдийн засгийн тогтворжуулалтын нэг үндсэн хэрэгсэл болгож төлөвшүүлэх замаар санхүү-төсвийн харилцааны ил тод, оновчтой байдлыг хангаж төсвийн сайн засаглалд шилжих түүхэн алхам хийхэд чиглэгдэж зохих үр дүнд хүрээд байгаа билээ. Үүний тод илрэл бол Улсын Их хурал 2010 онд баталсан “Төсвийн тогтвортой байдлын тухай”хууль болоод 2011 оны төгсгөлд баталсан “Төсвийн тухай хууль” бөгөөд ирэх 2013 оноос эдгээр хуулиудыг бүрэн хэмжээгээр дагаж мөрдөх болно.
“Төсвийн тухай хууль”-ийн гол зохицуулах харилцааг энгийн байдлаар томьёолбол, “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуулиар тогтоосон тусгай шаардлагын үзүүлэлтүүдээр тогтоогдсон нийт орлого, зарлага, өрийн хэмжээнд багтаан бүх шатны төсвийн байгууллагын үйл ажиллагааны зардал, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээ, улс орныг хөгжүүлэх хөрөнгө оруулалтын төслүүд хэрхэн хамгийн үр ашигтай байдлаар жилийн төсөв болж батлагдан зарцуулагдах үйл явцын дараалал, зарчим, оролцогч талуудын эрх, үүрэг, хяналт, хариуцлагыг тогтоож өгсөн явдал юм. Уг хуульд төсвийн бүтэц, шатлал, ангилал ямар байх, орлого бүрдүүлэгч эх үүсвэрийг зохих шатны төсөвт хэрхэн хуваарилах, мөнгөн хөрөнгийн болон өр төлбөрийн удирдлагын тогтолцоо, төв болон орон нутгийн төсвийн харилцаа, төсвийн ил тод байдлыг хэрэгжүүлэх зэрэг харилцааг шинэчлэн зохицуулахаар зааж өгсөн.
Нэгдсэн төсвийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн “Төсвийн тогтвортой байдлын тухай” хуульд заасан төсвийн тусгай шаардлагууд 2013 оны төсвийн жилээс эхлэн бүрэн хэрэгжиж эхэлнэ. Өмнөх жилүүдэд зөвхөн төсвийн орлогыг тэнцвэржүүлж тооцох болон улсын өрийн хязгаарлалтын тусгай шаардлагууд үйлчилж байсан бол 2013 оны төсвийн жилээс зарлагын өсөлтийг зохистой түвшинд тогтоох зорилготой төсвийн зарлагын тусгай шаардлага, төсвийн тэнцлийн тусгай шаардлага буюу нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцлийг дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр хувиас илүүгүй алдагдалтай төлөвлөх шаардлагуудыг хангахаар төсвийн төслийг боловсрууллаа.
Бизнесийн орчныг сайжруулах үүднээс татвар, гаалийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотойгоор бизнес эрхлэгчдэд учирч байгаа зарим саад бэрхшээлийг арилган, татвар төлөх, тайлагнах үйл ажиллагааг хялбаршуулах замааар татвар төлөгчдийн цаг хугацаа, зардлыг хэмнэх, түүнчлэн татвар, гаалийн албаны үйл ажиллагааг нийтэд ил тод, нээлттэй болгох арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.
Төсвийн орлогын төлөвлөлтөнд татварын хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар татварын хувь, хэмжээг өөрчлөх, эдийн засаг дахь татварын ачааллыг нэмэгдүүлэхгүй байх гэсэн бодлогыг баримтлалаа.
Зорилтот үр дүндээ хүрч, нийгэм эдийн засагтүр ашгаа өгсөн, цаашид үргэлжлүүлэх шаардлагагүй болсон зарим татварын хөнгөлөлт, чөлөөлөлтийг багасгах замаар татварын орлогын суурийг нэмэгдүүлэх, татварын тэгш, шударга байх зарчмыг хангахаар төсвийн төсөлд тусгалаа.
Орон нутгийн төсвийн бие даасан байдлыг хангах зорилтын хүрээнд орон нутгийн төсвийн орлогыг “суурь орлого”-оор буюу Улсын Их Хурлаас баталсан татварын хувь, хэмжээний доод хязгаараар төлөвлөн боловсрууллаа. Иргэдийн төлөөлөгчдийн хурал тухайн орон нутгийн онцлог байдалтай уялдуулан татварын хувь хэмжээг өөрөө тогтоох бөгөөд тогтоосон хувь хэмжээ нь татварын доод хязгаараас давсан тохиолдолд тус орлогыг тухайн орон нутгийн хөгжлийн санд төвлөрүүлж, орон нутаг өөрөө захиран зарцуулах боломжтой болох юм.
Далд эдийн засгийг бууруулж, татварын орлогын бааз суурийг нэмэгдүүлэх зорилгоор татвар хураалт, хяналт шалгалтын чанарыг сайжруулж, татварын албаны мэдээллийн баазыг өргөжүүлж ажиллахаас гадна ард иргэдэд татвараа сайн дураараа төлөх, үүрэг хариуцлагаа ухамсарлан биелүүлэх нь сайн иргэн хүний шинж чанар гэж ойлгуулахад чиглэсэн үйл ажиллагааг улам эрчимжүүлэх болно.
Зарим стратегийн ордуудын хөрөнгө оруулалтын гэрээг эргэн авч үзэж, гэрээнд өөрчлөлт оруулах замаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлнэ.
Төв болон орон нутгийн төсвийн харилцаанд санхүүгийн дэмжлэг, орлогын болон тусгай зориулалтын шилжүүлгийн шинэ механизм хэрэглэх замаар орон нутгийн төсөв санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах чухал шинэчлэлтийг эхлүүлнэ.
Орон нутгийн хөгжлийг дэмжих, бүс нутгийн тэнцвэртэй байдлыг хангах зорилготой “орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан” бий болно. Улмаар энэхүү сангаас олгох орлогын шилжүүлэг болон санхүүгийн дэмжлэгийг тодорхой аргачлалд үндэслэн засаг захиргааны нэгжүүдэд хуваарилах зарчимд шилжих нь орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, төсвийн төвлөрлийг сааруулахад чухал хувь нэмэр оруулна.
Засгийн газрын бус эрх мэдлийн байгууллагуудын төсвийн хараат бус байдлыг хангах зорилгоор Ерөнхийлөгч, Шүүх эрх мэдлийн байгууллагууд, УИХ болон түүнд ажлаа тайлагнадаг Төсвийн ерөнхийлөн захирагчид, Прокурор зэрэг байгууллагуудын төсвийг зохих журмын дагуу зөвшилцсөн хэмжээнд төсөвт тусгах.Цалин, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг тогтвортой байлгах (2012 онд цалин дунджаар 53 хувь, тэтгэврийн доод хэмжээ 71.2 хувь, халамжийн тэтгэвэр 1.9 дахин өссөн).
Засгийн газрын байгууллагуудын (гадаад харилцааны яамнаас бусад) гадаад томилолтын зардлыг нэмэгдүүлэхгүй байх.
Нормын хувцасны зардлыг нэмэгдүүлэхгүй байх, шинэ төрлийн хангалтыг хойшлуулах.
Нийгмийн халамжийн сангаас ядуу өрхөд олгох тэтгэмжийг зогсоож, хоол тэжээлийн хөтөлбөрийн хамрах хүрээ, нэг иргэнд ногдох хөрөнгийн хэмжээг нэмэгдүүлэх.
Нийгмийн баталгааны асуудлыг салбар бүрт өөрөөр тогтоож, тухайн нэг салбарыг онцгойлон нэмэгдүүлдэг явдлыг зогсоож нийтлэг нэг байлгах зарчмыг баримтлах.
Макро эдийн засаг, төсвийн тогтвортой байдлыг дэмжих, бэлэн мөнгөний нийлүүлэлтээс шалтгаалсан эдийн засгийн халалт үүсэхээс сэргийлэх зорилгоор ашигт малтмалын салбараас орох орлогыг хуримтлуулах, баялагийн сангийн хэлбэрээр ажиллуулах зарчмыг баримтлах.