Тэрбээр Монголын хамгийн олон ангит цуврал бүтээл “Амьдралд тавтай морил” киног анх продюсерлан ажиллаж байсан юм. Түүний дараа “Валентины захидал”-ыг залууст дэлгэхэд чамгүй үүрэг гүйцэтгэсэн. Харин энэ удаад өөрөө зохиолыг нь бичин, продюсероор нь ажилласан гээд дуулгах сонин ихтэй байлаа.
-Таныг юу кино урлаг руу хөтлөн оруулав?
-Би марктенгийн мэргэжилтэй. Сургуулиа төгсөөд маркетингийн чиглэлээр “Номин холдинг”-д ажиллаж байлаа. Маркетингийн нэг элемент бол телевизийн реклам. Тэгээд хувиараа жижиг студи байгуулан телевизийн реклам хийж эхэлсэн. Нэгэнт л студи байгуулсан учраас реклам хийхийн хажуугаар нэвтрүүлэг хийдэг байлаа. Ингэж явж байгаад нэг нэвтрүүлэг хийн хөтлөгчөөр нь “Захиалгат инээд” хамтлагийн Мөөжгийг авсан. Миний цаад хүсэл мөрөөдөл бол ер нь кино байсан. Манай өвөө, эмээ нар кино урлагийн хүмүүс байсан учраас кино хийх юмсан гэсэн мөрөөдөл дотор минь байнга байсан. Тэгээд Мөөжиг таараад надад хоёулаа нийлээд 80 ангитай кино хийе гээд “Амьдралд тавтай морил”-оо анх эхэлсэн. Мөөжиг бид хоёр хамт гадуур, дотуур явж, багаа бүрдүүлэн зохиолын санаа оноогоо ярилцан есөн сарын хугацаанд үргэлжилсэн нөр их ажлын ард гарч, дэлгэцээр “Амьдралд тавтай морил” цуврал кино мэндэлсэн. Тэгж л анх кино урлагт хөл тавилаа.
-Анхны продюсерласан ажил тань олон ангит кино. Кино урлагийн салбарт олон ангит бүтээл бол зах зээл багатай шүү дээ?
-Мэдээж хэцүүгүй зүйл гэж юу байхав. Учиргүй мөнгө олоод ашигтай байх талаасаа биш л дээ. Миний хувьд тэр бүтээлийг дэлгэцэнд гаргах санаа л хамгийн гоё байсан. Одоо бол телевизүүд өөрсдөө бие даан сериал хийгээд байгаа. Тэдний хувьд уран бүтээлч, тоног төхөөрөмж нь бэлэн. Харин яг бие даагаад хэдэн залуучууд телевизийн 80 ангит бүтээл хийнэ гэдэг хэцүү байсан. Одоо бол хамгийн олон ангитай сериал бол “Амьдралд тавтай морил” байгаа шүү дээ. Түүнд чинь асар их мөнгө ордог. Монголын нийгмийн хариуцлагатай хэдэн компаниудынхаа дэмжлэг, туслалцаа найз, нөхөд, ах дүү, хамаатан садан оролцоогүй хүн байхгүй. Манай хажуу талын дэлгүүрийн эгч хүртэл тусалсан байх жишээтэй. Тиймэрхүү байдлаар 80 ангит кино гарч байсан.
-“Валентины захидал” дээр бас ажилласан байх аа?
-“Амьдралд тавтай морил” кино маань есдүгээр сард дуусахад долоо хоног амарсан уу, үгүй юу дараагийн кино руугаа орсон нь “Валентины захидал” юм. Бид 80 ангит кино хийж байхдаа л залууст зориулсан ийм бүтээл хийе гэж ярилцаад явж байсан юм.
-Та энэ удаа өөрөө кино зохиол бичлээ. Арваннэгдүгээр сарын 1-нд нээлтээ хийхээр товоо зарлаад байгаа “Би эмэгтэй хүн” киноныхоо тухай сонирхуулахгүй юу?
-Жүжигчин Б.Навчаа гол дүрд нь тоглосон кино байгаа. Энэ киноны зохиолыг нэлээд дээр үеэс бодсон. “Би эмэгтэй хүн” кино зохиолын нэр нь анх “Хамгийн сайхан эмэгтэй” гэдэг нэртэй байсан. Зохиолын санаан дээрээ ганц нэг шийдэл олоод жүжигчин Навчаатай уулзахад баяртай хүлээж авсан. Хэрвээ жүжигчин Навчаа энэ саналыг хүлээж авалгүй цааргалсан бол энэ кино өнөөдөр нээлтээ хийхгүй л байх байсан.
-Жүжигчин Навчаад л зориулж бичсэн кино зохиол байсан юм уу?
-Тийм шүү. Зохиолын санаа, ерөнхий бүх зүйлсээ эхлээд толгой дотроо бодчихоод Навчаатай уулзсан. Тэгээд Навчаа зөвшөөрсөн учраас тэр шөнөдөө бичиж эхэлсэн. Зохиолоо бичиж дуусаад багаа бүрдүүлж, найруулагчаар Бэхбаатар, “Guys-666” хамтлагийн Төгсөө нарыгаа ажиллуулсан.
-Киноны постер дээр жүжигчин Навчааг дөрвөн өөрөөр гаргаж харуулсан. Яагаад ингэж сонгох болов?
-Киноныхоо дүрээр ч юм уу, хэсгээс нь аваад постероо хийж болох байсан ч киногоо жаахан нууцалсан. Одооноос хүмүүст хэлээд л байгаад юм. Та нарт “цочир” бэлэг барина аа гэж. Бодсоноос нь шал өөр зүйлийг үзүүлнэ гэж төлөвлөөд байна.
-Хамтран ажилласан кино багаа танилцуулахгүй юу?
-Найруулагчаар Бэхбаатар, А.Төгсбаяр, ерөнхий зураглаачаар Отгондаваа, ерөнхий зураачаар Оргил, хөгжмийн зохиолчоор Одбаря буюу Оки, дууны найруулагчаар Хишигбүрэн, нүүр хувиргагчаар Шүрэнчимэг ажилласан. Киноны гол дүрд жүжигчин Навчаа, залуу жүжигчин П.Шүүдэрцэцэг, жүжигчин П.Баттөр, жүжигчин А.Баттүшиг, залуу жүжигчин Нараа нартай хамтран ажилласан.
-Монголын кино Холливудын хэмжээнд хүрэхэд хол гэж зарим нь ярьдаг. Энэ тал дээр таны бодол?
-Холливудынхан шиг 100 сая ам.доллараар кино бүтээ гээд өгвөл монголчууд тэдний хэмжээнд кино хийх потенциаль байдаг. Монгол хүний оюун ухааныг би илүү гэж хардаг.