“Newsweek” цааснаас татгалзана

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

“Newsweek” цааснаас татгалзана

“Newsweek” сэтгүүл 2013 оноос цахим хувилбарт шилжинэ.
    
Наян жилийн түүхтэй, хамгийн алдартай долоо хоногийн хэвлэлүүдийн нэг  “Newsweek” сэтгүүл ирэх жилээс цаасан хэвлэлээсээ татгалзан, бүрэн онлайн-форматад шилжихээр болжээ.

“Дижитал формат хэвлэлд илүү хэрэгтэй үе ирлээ” хэмээн сэтгүүлийн ерөнхий редактор Тина Браун хэвлэлийнхээ сайтаар дамжуулан мэдэгджээ. Сэтгүүлийн сүүлчийн цаасан хэвлэл 2012 оны арванхоёрдугаар сарын 31-нд гарах аж. Сэтгүүлийн онлайн хувилбар нь “Newsweek Global” нэртэй болж байгаа бөгөөд уншигчид захиалга өгч, бүртгүүлснээр унших боломжтой юм. “Newsweek Global”-ын гар утасны хувилбар ч бэлэн болж байгааг редакцийнхан онцолсон байна. 

“Newsweek” сэтгүүлийг 1933 онд үүсгэн байгуулсан ба 1961 онд “The Washington Post” сонины газар худалдан авчээ. АНУ болон Канадад уг сэтгүүлийг 1,5 сая уншигч захиалан авдаг ажээ. “Newsweek” онлайн хэлбэрт шилжиж байгаа нь санхүүгийн асуудалтай холбоотой бололтой.

Сэтгүүлийн чанар 2007 оноос эхлэн буурч, 2008 онд 117, 2009 онд 44 ажилтан нь хөдөлмөрийн гэрээгээ цуцалж байжээ. 2010 оны нэгдүгээр улиралд тус сэтгүүлийн зарлага 11 сая ам.долларт хүрсэн бөгөөд сүүлийн жилүүдэд хэвлэх тоогоо 2,5-аас 1,5 сая болгон бууруулсан байна.

2010 онд тус сэтгүүлийг тэрбумтан Сидни Харман гэгч худалдаж авсан бөгөөд дараахан нь сэтгүүлийн 50 хувийг “Inter Active Corp” корпораци эзэмших болж “The Newsweek Daily Beast” компанийн нэр дор нэгтгэжээ.

Бэлтгэсэн: Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж