Евро бүсэд одоо өрийн хямрал болон евро мөнгөнд хэцүү байдал үүсээд байгаа. Тийм нөхцөлд улс орны алтны нөөц ямар байгаа нь тодорхой байх ёстой. Тиймээс Герман улстөрчид үнэт металлын үндэсний нөөцийн талаар онцгой анхаарах болсонд гайхах хэрэггүй юм.
Герман алтны нөөцөөрөө дэлхийд АНУ-ын дараа ордог бөгөөд 3396 тонн алттай гэдэг. Түүний өнөөгийн зах зээлийн үнэ нь 143 тэрбум евро. Энэ их баялгийнхаа дөнгөж 31 хувийг Герман өөртөө буюу Майн дахь Франкфурт дахь Немецийн холбооны банкинд (Bundesbank) хадгалж байгаа аж. Гэтэл алтны дийлэнх нь гадаад орнуудын агуулахад хадгалагддаг байна. Герман алтны нөөцөө АНУ (45 хувь), Британи (13 хувь), Францын (11 хувь) төв банкуудад хадгалуулдаг ажээ.
Холбооны Тооллогын танхим гадаадын түншүүдийнхээ найдвартай байдалд эргэлздэггүй бололтой. Гэхдээ парламентын даалгавраар герман алтны нөөцийн хадгалалтын асуудлаа шалгаж, хяналтын байгууллага гадаад дахь нөөцдөө тооллого хийж, байнга шалгаж байхыг бундесбанкнаас шаарджээ. Учир нь Холбооны банкны ажилтнууд өөрсдөө хэзээ ч алтан гулдмайн тоо, жинхэнэ эсэхийг Нью-Йорк, Лондон, Парист очин шалгаж байгаагүй аж.
Германы алт яагаад гадаадад хадгалагддаг вэ? Үүнд яг толорхой тайлбар алга. Магадгүй хүйтэн дайны үр дагавар байж болох юм. Гэтэл нөөцийн хэсгийг яагаад Англи, Францад хадгалуулсан бэ гэх асуулт гарч ирнэ.
Эдийн засгийн түүхийн шинжээч Вернер Абельсхаузер (Werner Abelshauser) энэ талаар “Өөр шалтаан, нөхцөл байсан” гэлээ. “Өнөөдөр тэр зүйлийг бүгд мартжээ. Өнгөрсөн зууны тавиад оны сүүлчээр Германы барууны хөршүүдтэй хийсэн худалдаанд асар их зөрүү байлаа. Америкчууд, британичууд болон францчууд үе үе санхүүгийн асуудалтай тулгарч байсан бол харин германчуудад тэр үед тэдний цэргийн хамгаалалт хэрэгтэй байсан юм” гэж профессор Абельсхаузер тайлбарлажээ. АНУ, Их Британи, Францад Германы зээлийн албан ёсны гэрээнээс гадна “германчууд эдгээр орнуудад алтаа хадгалуулахаар өгөөд түүнийг шаардлагатай үедээ ашиглахыг зөвшөөрсөн “тохиролцоо” байсан гэдэгт Абельсхаузер итгэлтэй байна. Тэр тохиролцоо нь дайны эсрэг тал байсан улсад итгэлийг нэмэгдүүлж, худалдааны зөрөөг зөөллөх нөхцөл болж байснаас гадна холбоотны цэргийг Баруун Германы нутагт байлгах нэмэлт баталгаа нь байв.
Санхүүчийн хувилбар: Түүхэн уламжлал ба хатуу валют
Карл-Людвиг Тиле
Огт өөр улс төр багатай хувилбарыг Германы холбооны банкны захиргааны зөвлөлийн гишүүн Карл-Людвиг Тиле (Carl-Ludwig Thiele) гаргалаа. Гадаадын банкуудад алтны нөөцөө хадгалуулах нь “түүхэн уламжлалтай, тухайн үедээ эдгээр худалдааны талбараас бундес банкны мэдэлд алт ордог байсан” гэж тэр хэлсэн байна.
“ХБНГУ 1959 оны аравдугаар сард 529 кг алт худалдан авсан байна. Дайны дараа улс орон нь балгасаар дүүрсэн хүнд үе байсан тул тийм хэмжээний алтыг зөөж хадгалах боломж Германд байгаагүй байсан болов уу” гэдгийг ч тэр онцолсон байна.
"Бид ирээдүйд ч алтаа олон улсын худалдааны талбарт байршуулж, онцгой тохиолдолд гадаад валют авах боломжоо хадгалан үлдэнэ” гэж Карл-Людвиг Тиле мэдэгдэв. Тэрээр хадгаламж найдвартайд эргэлзэж байгаагүйг хэлээд, Нью-Йорк, Лондон, Парисийн түншүүдтэй бундесбанкны харилцаа ямагт сайн байсныг онцлов.
Харин одоо Тооллогын танхимаас шүүмжлэл гарсан тул “Алтны нөөцийн байрлуулалтыг илүү тэнцвэртэй болгон өөрчилнө” гэж бундесбанк мэдэгдлээ. Тухайлбал ойрын хугацаанд Нью-Йоркаас 50 тонн алтаа Германд авчирч, дахин хайлуулан, орчин үеийн гулдмай болгох гэнэ.