Хөгжлийн банкнаас санхүүжих авто замын жагсаалтыг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.27-нд нийтлэгдсэн

Хөгжлийн банкнаас санхүүжих авто замын жагсаалтыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж, 10 гаруй асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хөгжлийн ач холбогдол бүхий дэд бүтцийн хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээний санхүүжилтийг Хөгжлийн банкаар шийдвэрлүүлэх тухай Засгийн газрын тогтоолын төслийг  хэлэлцээд  дэмжлээ. Энэ тогтоолд Хөгжлийн банкны санхүүжилтэд шилжүүлэх өөрийн хөрөнгөөр гүйцэтгэн дараа төлөгдөх нөхцөлтэйгээр баригдаж байгаа болон Улсын төсвийн хөрөнгөөр санхүүжиж байгаа зарим автозамын барилга, байгууламжийн жагсаалтыг хавсралтаар баталж орууллаа. Хавсралтад заасан зам барилгын ажлыг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг гэрээний дагуу санхүүжүүлж, хугацаанд нь хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг Эдийн засгийн хөгжлийн яам болон Хөгжлийн банкны удирдлагуудад даалгалаа. Арвайхээр-Баянхонгор, Баянхонгор, Алтай, Улаанбаатар-Мандалговь, Мандалговь-Даланзадгад, Өндөрхаан-Чойбалсан, Манхан-Дарви зэрэг чиглэлийн хатуу хучилттай авто замын төслүүд энд багтжээ.

Хүүхдийн хоолны зардлын дундаж нормативыг нэмэгдүүллээ

Ерөнхий боловсролын сургуулийн 1-5 дугаар ангийн нэг хүүхдийн үдийн цайны нэг өдрийн зардал 400 төгрөг байсныг ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс 600 төгрөг болгохоор Засгийн газрын хуралдаанаас тогтоол гарлаа. Цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардал 8-10 цаг ажилладаг цэцэрлэгт 1100 төгрөг байсныг 1650, 24 цагаар ажилладаг цэцэрлэг, сувиллын болон тусгай цэцэрлэгт 1600 төгрөг байсныг 2400 төгрөг болгож нэмэгдүүлэхээр болж байна. ­Ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын дотуур байранд амьдардаг нэг хүүхдийн хоолны зардал 1545 төгрөг байсныг мөн нэмэгдүүлж 2315 төгрөг болгохоор Засгийн газрын тогтоолд тус тус тусгажээ. Энэ тогтоол нь ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд хүүхдийн хоолонд хэрэглэх хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн шаардлага, орчны  ариун цэвэрт тогтмол хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргад үүрэг болголоо.

Ажилтан, албан хаагчдаа шагнаж урамшуулах хүсэлт гаргахыг хориглолоо

Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдөр, тодорхой салбар, байгууллагын ой, зарим ажил, мэргэжлийн ажилтан, ажилчдын өдрийг тэмдэглэхдээ ажилтан, албан хаагчдаа төрийн болон төрийн бус байгууллагын аж ахуйн нэгжид мөнгөн шагналаар шагнуулахаар хүсэлт гаргах, хандив, бэлэг болон бусад санхүүгийн туслалцаа авдаг байдлыг таслан зогсоохыг Засгийн газрын хуралдаанаас Төсвийн захирагч нарт үүрэг болголоо.

Төрийн яам, Засгийн газрын агентлаг, орон нутгийн байгууллага, тодорхой салбарын тэгш ойг тэмдэглэн өнгөрүүлэхдээ Засгийн газрын “Түүхэн үйл явдлын ой, тэмдэглэлт өдрийг тэмдэглэх, гавьяат үйлстнийг алдаршуулах, дурсгалыг мөнхүүлэх журам”-ыг хатуу мөрдөж ажиллахыг Засгийн газрын гишүүд, агентлагийн дарга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.   

Товч мэдээ

  • Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжээд Засгийн газрын гишүүдээс гарсан саналыг тусган УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо.
  • Дипломат, албан паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Перу Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ц.Сүхбаатарт олголоо.
  • Ажлын хариуцлага алдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Баттөрийг үүрэгт ажлаас нь чөлөөллөө гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж