
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл:
-УИХ-ын чуулганаар хэлэлцэж буй 2013 оны Төсвийн төсөлд оновчтой хөрөнгө оруулалт олон бий. Нэг цоо шинэ бодлого орж ирж байгаа. Тэр нь барилгыг нэг жилийн дотор барьж гүйцэтгэхээр болсон. Өмнө нь төсөвт өртөг нь хоёр тэрбум гэж бодоход энэ жил 500 саяыг дараа жил бас тодорхой хэмжээний мөнгийг гэдэг юм уу төсөвтөө тааруулж, барилга барьдаг байсан бол энэ жилийн төсөвт суулгаснаар барилгыг нэг жилийн дотор гүйцэтгэх, барилга барихад бэлэн хөрөнгө оруулалтыг хийж байгаа юм. Нэг барилгыг 3-4 жил барьдаг байсан бол одоо нэг жил барих шаардлагын дагуу хөрөнгө оруулалтыг сайтар нягталж, судалсны үндсэн дээр хөрөнгө оруулалтаа зохицуулсан. Зураг төсөв батлагдсан, газрын маргаангүй барихад бэлэн буюу тендер зарлагдахад бэлэн болсон барилгад хөрөнгө оруулалтыг суулгасан нь нэг онцлог бас оновчтой хөрөнгө оруулалтын нэг юм. Арга барилын хувьд өөрчлөлттэй төсөв хэлэлцэгдэж байна. Ерөнхий сайдын багц мөнгө зарцуулалт нь тодорхойгүй байна гэх шүүмжлэл гараад байгаа. Энэ мөнгийг Засгийн газрын хуралдаан дээр задаргааг нь мэдэж байсан. Төрийн өмнө нь хийж байгаагүй ажлыг гаргаж ирэх шаардлагатай байсан. Төрийн албан өнөөдөр нийтийн алба болж байгаатай холбоотой төрийн алба нийтэд үйлчлэх обьект, орон тоо, тоног төхөөрөмж зайлшгүй шаардлагатай болж байгаа юм. Тухайлбал, 11-11 төвийг байгуулж, иргэдээ сонсч, түүнд хариулт өгдөг боллоо. Гэх мэтчилэн Засгийн газрын гишүүд мэдэж байсан учраас яаралтай ажил хийх ёстой гэдэг үүднээс багцаар нь оруулж ирсэн юм. Гэхдээ УИХ-ын чуулганы хуралдаанд Төсвийн төслийн хэлэлцүүлгийн үед задаргааг танилцуулна.

-Оновчтой хөрөнгө оруулалтууд гэвэл өнгөрсөн жилийн эхлүүлсэн ажлуудаа хийхэд зарцуулахаар болсон байсан. Энэ бол эхэлсэн ажлаа дуусгах, хөрөнгө оруулалтуудыг гаргаж, бүтээн байгуулалтд оруулж буй том хөрөнгө оруулалт. 2013 оны Төсвийн төслийг дагаад Концессын хуулийг өөрчилнө гэж яриад байгаа. Хувийн хэвшилд эрх мэдлийг шилжүүлэхийг шуурхайлах хэрэгтэй. Энэ бол зөв. Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулж, Концессын хуульд өөрчлөлт оруулахыг УИХ дээр хэлэлцээд баталдаг байвал чухал юм. Ер нь дэд бүтцийн салбарт дэлхий нийтийн хямрал, эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед дэд бутцийн салбаруудад хуучин байсан хөрөнгө оруулалтаа хийхээр болсон байсан. гэхдээ энэ хөрөнгө оруулалтууд нь өнгөцхөн харагдаж байна. Тухайлбал, замууд, томоохон сургууль, цэцэрлэгийн барилга, шугам хоолойн шинэчлэл зэрэгт төсөвт өртөгөөсөө маш бага хэмжээгээр тусгасан зүйл хагадсан. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар
-Оновчгүй гэхээс илүү шүүмжилмээр зүйл нь өнгөрсөн УИХ-ын амлалтуудыг биелүүлэх гэж маш их асуудал болгож байна. Тооцоологдоогүй байж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон асуудлыг үргэлжлүүлэн хийхийн тулд хөрөнгө мөнгөний асуудлыг нааш, цааш нь болгох ажлыг хийж байгаа нь хүндрэлтэй, муу тал байна. Шинэ Засгийн газар богино хугацаанд Төсвийг батлуулах гэж байгаа нь сайн тал юм. Ингэж байж л ажил урагшлах юм. Зарим нэг хөрөнгө оруулалт дээр зарцуулалт байхгүй гэсэн шүүмжлэл гарсан. Өмнө нь тооцоологдоогүй ажлууд олон гарч ирж байгаатай холбоотой юм. Өөрөөр хэлбэл, Засгийн газар үйл ажиллагаа үргэлжлэх явцад гэнэтийн, онцгой нөхцөл үүссэнээс гарч ирж байгаа зүйл бий. МАН-ынхан Засгийн газрын үед олон янзын тоолоогүй төслүүд оруулж ирснээс болж, өмнө нь хөрөнгө оруулалтаа хийж байгаагүй,энэ онд төсөв нь орох байсан хөрөнгө оруулалтыг хийхийн тулд зарим нэг мөнгийг тавьсан. Түүнийг МАН улстөр хийх тоглоомондоо ашиглаад байна гэж харж байгаа.
УИХ-ын гишүүн Су. Батболд:
-Оновчтой гэхээсээ илүү оновчгүй хөрөнгө оруулалтыг тодотгомоор байна. Зарцуулалт нь тодорхойгүй, Тухайлбал, сайд, дарга нар нь өөрийнхөө тойрогтмаш их хэмжээний хөрөнгө тавьдаг, жигд бус хуваарилдаг ийм төсөв хэлэлцэгдэж байна. Оновчтой хөрөнгө оруулалт гэдэг нь ард түмэнд хэрэгтэй хөрөнгө оруулалтууд байх ёстой. Энэ удаагийн төсөв дээр цалин, тэтгэвэр нэмэх ёстой. Инфляци нэмэгдсэн үед хүмүүс яаж амьдар гэж байгааг ойлгохгүй байна. Дэд бүтэц, хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалтууд төсөвт дусгагдаагүй байна.
УИХ-ын гишүүн М.Батчимэг:
-Төсвийг үр ашигтай, ашиггүй гэдэг дээр хүн бүр өөрсдийн байр сууриа илэрхийлэхээс илүү үр ашиг нь юу байна, оновчтой хөрөнгө оруулалт нь юу байна гэдгийг судалж, баялаг бүтээх ашигтай салбарт хөрөнгө оруулах ёстой юм. Үүн дээр УИХ-аас ажлын хэсэг гаргах байдлаар зохицуулалт хийсний дараа оновчтой эсэхийг ярих хэрэгтэй. Ер нь бол оновчтой биш гэдэг бол баялаг бүтээгдэхгүй, эргэн төлөгдөхгүй, өр зээл байдлаар ашиглах, нийгмийн халамж хэлбэрээр тараах зэргийг зээлийн мөнгөөр хийж болохгүй гэж үзэж байна. 2010 оны УИХ-ын Үндэсний аюулгүй байдлын баримтлалын Эдийн засгийн аюулгүй байдлын заалтад гадаадаас авч байгаа гадаадаас авч буй зээлийг эргэн төлөгдөх, баялаг бүтээх буюу эргэн төлөгдөх нийгмийн салбарт зарцуулна гэсэн байгаа юм. Эргэн төлөгдөхгүй нийгмийн салбарт хөрөнгө оруулбал улс оронд өрийн дарамт үүснэ. Одоогоор үр ашигтай, ашиггүйгээр нь зааглаж байгаа зүйл нь эргээд баялаг бүтээх үр ашигтай салбар юм. Баялаг бүтээж байгаа салбарын аль нь илүү үр ашигтай гэдгийг тооцоо судалгаан дээр үндэслэж гаргах ёстой зүйл. Хэн нэг нь цээжээрээ энэ нь ашигтай гэж яриад байвал ямар нэг буруу зүйл явж байна л гэсэн үг юм.

-УИХ-ын чуулганаар хэлэлцэж бус Төсвийн төсөл дотор оновчтой хөрөнгө оруулалт олон бий. Зүйл заалт бүрээр нь нэрлэвэл их зүйл бий. Тухайлбал, уул уурхайн болон томоохон аж ахуй нэгжээс авдаг татварыг өмнө нь бараг авч байгаагүй. Гэтэл 2013 оны төсвийн дагалдах хууль болох Татварын хуульд хэд хэдэн компаниудаас авч чаддагүй татварыг авах, тогтоох зарчмыг баримталсан өөрчлөлтүүд оруулсан нь сайшаалтай байна гэж харж байна. Нөгөө талаас сүүлийн жилүүдэд уул уурхайн том орд газруудаа эдийн засгийн эргэлтэд оруулахтай холбоотойгоор төсөв их тэлж байгаа. Нэмэгдэж байгаа энэ төсвийг зөвхөн уул уурхайгаас хамааралтай хараат энэ төсөв их эмзэг гэдэг нь дэлхийн эдийн засаг бага зэрэг өөрчлөхөд мэдрэгдэж байна. Цаашдаа ч эдийн засаг хямрах, ялангуяа урд, хойд хоёр хөршийн эдийн засгийн өсөлт саарах, буурах төлөвтэй байгаа үед илүү мэдрэгдэж байгааг бүгд мэдэж байна. Мөн манайх шиг уул уурхайн бүтээгдэхүүнээ өртгийн татваргүйгээр шууд олборлон гаргадаг, нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгож чадахгүй явж ирсэнтэй холбоотой төсөв батлагдаад байна. Уул уурхайн орлогыг тусгай санд төвлөрүүлээд улстөрийн хүчний амлалтыг биелүүлдэг энэ төсвөөс салах хэрэгтэй гэсэн байр суурьтай байдаг. Гэтэл энэ алдаа мөн 2013 оны Төсөв дээр давтагдахаар байна. Өмнө нь олонхиор хүч түрэн шийдэж, төсвийн зүйл заалт тодорхойгүй, өөрчлөлт хийж чадаагүй. Хамгийн чухал нь төсвийн зарцуулалт, гүйцэтгэл нь тодорхой байх ёстой. Гэтэл энэ удаагийн төсөвт тодорхойгүй зүйлүүд олон байна. Тухайлбал, Ерөнхий сайдын 50 тэрбум, шинэчлэлийн засгийн газрын зардал 31 тэрбумыг хэрхэн яаж, зарцуулах нь тодорхойгүй байна. Зөвхөн Ерөнхий сайдынх бус яамдын сайд нарын багцад хэдэн тэрбумыг зарцуулалт байхгүй тодорхойгүйгээр оруулсан нь жинхэнэ үрэлгэн төсөв батлагдах нь гэж харж байна.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:
-Энэ удаагийн төсөвт 2012 оны төсвөөс үргэлжлэсэн дэд бүтцийн салбарын ажлын гүйцэтгэлд хөрөнгө оруулалтын 60-70 хувийг нь зарцуулахаар болсон. Мөн боловсрол, эрүүл мэндийн салбарт хийгдэж байгаа ажлууд үргэлжилж байх ёстой. Үүнийг оновчтой хөрөнгө оруулалт гэж харж байна. Мөн томоохон үйлдвэржилт, дэд бүтцийн ТЭЗҮ-г боловсруулахаар болж байгаа нь сайшаалтай байна. Аймгийн төвүүдийг хот болгох зорилго тавьсантай уялдуулж, сумын төвүүдэд дэд бүтцийг сайжруулах тал дээр хөрөнгө оруулалт хийгдэхээр тусгагдсан.
Энэ удаагийн төсөв бол хямралын үеийн төсөв. Тиймээс таналт хийх зүйлүүд олон байна. Хямралыг даван туулахын тулд дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэх, урсгал зардлуудаа багасгах тал дээр анхаарах ёстой. Хөрөнгө оруулалтын хувьд оновчгүй гэж хэлэхэд хэцүү байна. Гэхдээ Ерөнхий сайдын багцад орсон 50 тэрбум, шинэчлэлийн 31 тэрбум зэрэг зарцуулалт тодорхойгүй хөрөнгө оруулалтын задаргааг УИХ-ын чуулгаанаар 2013 оны Төсөв хэлэлцүүлэх хугацаанд танилцуулаач гэсэн хүсэлтийг бид тавьж байгаа.

-2013 оны Төсвийн төслийг оновчтой, оновчгүй гэхээсээ илүү тухайн аймаг, сум орон нутаг, нийслэлд хэрэгтэй зүйлүүдийг оруулж ирж байна. Хөрөнгө оруулалтын хувьд баримтлах зарчим нь зураг төсөлтэй гэсэн шаардлага тавьсан байна. Зарчмын хувьд хөрөнгө оруулалтыг тодорхой хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд асуудлыг шийдэх ёстой юм. Тухайлбал, Монгол Улсын хэмжээнд экспортод чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих ёстой юу, дотоодын импортыг орлох бүтээгдэхүүний чиглэлээр төр ямар бодлого барих, үндэсний үйлдвэрлээ яаж дэмжих ёстой гэдэг нь Төсвийн хөрөнгөөр дамжин хийгдэх ёстой юм. Үүн дээр л асуудлыг гаргаж ирэх ёстой. Ялангуяа Засгийн газраас гаргаж буй таван тэрбум ам.долларын бондын асуудал байна. Үүний хөрөнгө оруулалтын задаргааг гаргаж ирж ярих ёстой юм. УИХ хэдийгээр Засгийн газарт бонд гаргах эрхийг нь нээж өгдөг ч хэрэгжилтэд нь тодорхой хяналт тавих ёстой юм.
УИХ-ын гишүүн Б.Наранхүү:
-Жил бүр гэр хорооллынхонд зуух тараах байдлаар 40, 50 тэрбум төгрөгийг үрэх нь үр дүн авчрахгүй. Түүний оронд Улаанбаатар хотын дэд бүтэц, зураг төслийг нэгмөсөн шийдэх төсвийг 2013 оны төсөвт суулгаж, ажлыг далайцтай эхлүүлэх хэрэгтэй байна. Дээр нь Засгийн газраас гаргахаар төлөвлөсөн таван тэрбум ам.долларын үнэт цаасыг болж өгвөл 20 тэрбумд хүргэж зоригтойгоор бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх цаг үе болсон.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:

-Боловсролын салбарын нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр УИХ-аар баталсан хуулийг хэрэгжүүлэх ажлыг үе шаттайгаар эхлүүлээсэй гэж бодож байна. Одоогоор нэг зэрэг боловсролын салбараас 5000 багш, ажилчид тэтгэвэрт гарна гэж байхгүй. Төсөвт анх тооцоолсноор БШУ-ны яам 1000 орчим багш ажлаас халагдана гэдэг ч юм уу хэмжээнд нь тооцоод санхүүжилтийг нь суулгаад яваасай гэж бодож байгаа юм. МАН-ын зүгээс зарчмын байр сууриа илэрхийлж, боловсролын салбарт ажиллагсдын 25 жил тасралтгүй ажилласан бол нэг удаагийн тэтгэмжийг үе шаттайгаар оруулж ирэхээр шийдвэрлэсэн нь сайшаалтай байна. МАН-ын гишүүд өөрсдийн байр суурийг илэрхийлж байгаа.
УИХ-ын гишүүн А.Бакей:
-Засгийн газраас өргөн барьсан 2013 оны нэгдсэн төсөв өмнөх жилийнхээс нэлээд онцлогтой байна. Яагаад гэвэл, Монгол Улсын эдийн засгийн төлөв байдал тийм сайн биш байна. Уул уурхай тэр дотроо нүүрснээс олох орлогын хэмжээ нэлээд хэмжээгээр буурчихсан. Өмнөх Засгийн газраас авсан төсвийн орлогын төлөвлөгөө их хэмжээгээр тасарсан. Энэнтэй холбоотойгоор өмнөх 2012 оны хөрөнгө оруулалтаар хийх байсан томоохон обьектууд төсвийн тодотголоор дахиад 2013 онд шилжсэн гээд олон бэрхшээлүүд байна. Нэг үгээр хэлбэл, өмнөх онд эхэлсэн өөрөөр хэлбэл, төсөв мөнгө их хэмжээтэй байсан үеийн хөрөнгө оруулалт голлосон төсөв болчихоод байгаа. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой шинэлэг заалт орсон ч гэлээ бага хувийг эзэлж байна. Танаж болох үрэлгэн зардал байна. Төсвийн хөрөнгө оруулалтын жагсаалтыг судлаад үзэхээр зарим жижиг агентлагуудад доод тал нь 80 сая, дээд тал нь 200, 300 сая төгрөгөөр компьютер тоног төхөөрөмж худалдан авах зардал түгээмэл тусгагдсан байгаа. Үүнийг хянахгүйгээр оруулж ирсэн нь хариуцлагагүй явдал. Энэ бол цамаан, үрэлгэн загнасны нэг хэлбэр. Нарийн нягтлах ёстой байсан. Үүнд Засгийн газар анхаарах ёстой. УИХ-ын гишүүн С.Одонтуяа
-Засгийн газраас үе шаттайгаар таван тэрбум ам.долларын бонд гаргах гэж байна. Бонд гаргана гэдэг нь гадаадаас маш бага хүүтэй хөрөнгийг төвлөрүүлж бүтээн байгуулалт хийх бололцоотой болно. Одоогоор банкууд өндөр хүүтэй зээлийн эх үүсвэр босгож байна. Хэрвээ бид жилийн дөрвөөс таван хувийн хүүтэй бонд аваад үүгээрээ бүтээн байгуулалтын төсөл хэрэгжүүлж чадвал энэ нь өөрөө эргээд бүтээн байгуулалтыг гардаж хийдэг компаниудад маш том хөшүүрэг болно. Яагаад гэхээр хувь компаниудын хийж чадахгүй том том бүтээн байгуулалтууд байна. Төр эдгээрийн техник эдийн засгийн үндэслэл боловсруулах, хувийн хэвшлийг татан оролцуулахад энэ мөнийг зарцуулна. Бондыг нийгмийн халамж, төсвийн алдагдлыг нөхөхөд зарцуулахгүй. Тэгэхээр одоо гаргах бондоор их бүтээн байгуулалтыг хийж чадаж гэмээнэ үр ашгаа өгөх учраас зориулалтаар нь зүй зохистой ашиглах нь л чухал байна даа.