Шатахууны үнийн гэрээ байгууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Шатахууны үнийн гэрээ байгууллаа

ОХУ шатахууны экспортын татвараа нэмснээр Монголд нийлүүлэх импортын үнэ дагаад нэмэгдсэн. Тиймээс шатахууны үнэ өсөх нь гэсэн айдас олны дунд байсан бол өнөөдөр энэ талаарх гэрээнд Уул уурхайн яам, Монголбанк, шатахуун импортлогч гэсэн гурван талын төлөөлөл гарын үсэг зурлаа. Тодруулбал, Төв банкнаар дамжуулж шатахууны үнэ өсөх голлох шалтгааны нэг болох валютын ханшийн хэлбэлзлийн нөлөөллийг багасгах учиртай гэрээг үзэглэлээ. Хамгийн гол нь ийнхүү гэрээг байгуулснаар шатахууны үнэ одоо байгаагаараа тогтвортой байх гэнэ. Энэ талаар Уул уурхайн сайд Д.Ганхуягаас тодрууллаа.

-ОХУ шатахууны экспортынхоо үнийг нэмсэн. ОХУ-ын шатахууны экспортын үнэ нэмэгдэхэд урьд жилүүдэд дагаад л үнэ нэмэгдэж байсан. Одоо шатахууны үнэ ямар байх бол?

-Бид шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд өнөөдөр Монголбанк, шатахуун импортлогч компаниудтай хамтарч гэрээ байгууллаа. Үндсэндээ экспорт, хилийн үнээс гадна гадаад валютын үнийн өсөлтийг барих арга хэмжээ авч болохоор юм гэж үзсэн. Гэрээ байгуулснаараа шатахууны үнэ тогтвортой байна. Ер нь дэлхийд ирэх жил газрын тосны бүтээгдэхүүн харьцангуй тогтвортой байх хандлагатай байгаа.

-Монголбанктай хамтарч шатахууны үнийг хэрхэн барих юм бэ?

-Төв банктай хамтарч валютын нөлөөллөөс гарахын тулд шатахуун импортлогч аж ахуй нэгжүүдэд хөнгөлөлттэй зээлийг бий болгох юм. Учир нь шатахуун импортлогч компаниуд шатахуунаа авахын тулд өндөр хүүтэй зээл авдаг. Харин шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд энэ өндөр хүүтэй зээлийг Төв банктай хамтраад хөнгөлөх юм. Үндсэндээ хүү багатайгаар санхүүжүүлнэ.

-Зээлийн хүүг хэдээр тооцож байна?

-Шатахууны үнийг барих зорилгоор олгож буй зээлийн хүүг нэг оронтой тоонд барих байх. Гэхдээ тухай бүрт нь Төв банк хүүгийнхээ хэмжээг зарлаад явна.

-Одоогоор ямар компаниуд гэрээнд оролцсон байгаа вэ?

-Одоогийн байдлаар “Эм-ойл”, “Шунхлай”, “Магнай трейд” гэх зэрэг дөрвөн компани гэрээ байгууллаа. Цаашдаа “Петровис”, “Ник” компаниуд гэрээнд гарын үсэг зурна гэдгээ илэрхийлсэн.

-Энэ дөрвөөс бусад нь үнээ нэмбэл яах вэ?

-Шатахуун стратегийн бүтээгдэхүүн гэж тодорхойлогддог учраас импортолж, худалдаалж байгаа компани хувийн ч гэсэн тодорхой хэмжээний үүрэг хүлээдэг учраас шууд үнээ нэмэх нөхцөл байхгүй л дээ.

-Гэрээ хэдий хүртэл хүчинтэй бол?

-Гэрээ дөрвөн жилийн туршид хүчинтэй.

-Улсын шатахууны нөөц одоогоор ямар байна вэ?

– Улсын газрын тосны бүтээгдэхүүний баталгаат нөөц 34-35 сая тонн байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж