Төмөр дөрөө сэтэртэл бүжсэн үндэсний модерн урлаг

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Төмөр дөрөө сэтэртэл бүжсэн үндэсний модерн урлаг

Монголын үндэсний модерн урлаг өөрийн гэсэн өнгө төрхийг илтгэсэн анхны бүтээлийг хоёр өдөр ДБЭТ-ын тайзнаа толилууллаа. Нэр нь “Дөрөө”.

Дэлхий ертөнц хүн байгаль хоёрын шүтэлцээн дор оршдог гэдгийг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнолоор орчин үеийн бүжгийн “Натурданс” хамтлаг, Үндэсний дуу, бүжгийн “Түмэн-Эх” чуулгын уран бүтээлчидтэй хамтран модерн бүжгэн жүжгээ үзэгчдэдээ “хүүрнэсэн” юм. Танхим дүүрэн үзэгчидтэй “Дөрөө” модер бүжгэн жүжиг нь Монголын урлагийн зөвлөлийн 10 жилийн ойн хүрээнд зохион байгуулсан орчин үеийн бүжгэн жүжгийн шинэ бүтээл туурвих төслийн уралдаанд шалгаран мэндэлж, жүжгийг МУЗ-ийн дэмжлэг, соёлын өвийг дэмжигч “Энержи Ресурс” компанийн санхүүжилтээр ийнхүү олны хүртээл болгосон юм.

Хонх дуугаран модерн бүжгэн жүжиг эхлэхэд тайзнаа бүдэг гэрэл сүүмийн  Хүннүгийн үеийн дайчдын хэрэглэж байсан эмээлийн сэнжин ган дөрөө харагдана. Тогорууд ганганан голын сайран дээр тогорууны өндөг цайран харагдана. Тайзны баруун талд Азийн ятгын хатан хаан хэмээн өргөмжлөгддөг ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ харин зүүн талд гурван морин хуурч эртний хэлбэр хийц бүхий ясан морин хуураар хөгжимдөн тогорууд халин дүүлэн бүжнэ.  “Дөрөө” модерн бүжгэн жүжиг хоёр бүлэг, долоон үзэгдэлтэй. Жигүүртэн шувуу эх байгальдаа хэрхэн баясч цэнгэдэг, хосоороо ямархан жаргал эдэлдгийг бүжигчид яруу тод, уран сэтгэмж бүхий бүжгийн хөдөлгөөнөөр дамжуулан илэрхийлсэн юм. Тогорууны ааш, авир, хөдөлгөөнийг модерн бүжиг, үндэсний бие биелгээний хөдөлгөөнтэй хослуулан гаргасан нь уг бүжгэн жүжгийг улам чимж байлаа.

Уг бүжгэн жүжгийн хамгийн эрч хүчтэй буюу ан авын хэсэг. Дайчин эрс сүр хүчээ гайхуулан тайзнаа бүжих нь бахадмаар. Нум сумаа агсан тэд сүр хүчийг гайхуулна. Тэдний хувцас эдлэлийг түүхэн судалгааны дагуу Кидан, хүрэлийн үеийн баатруудын хувцасны загвараар урласан аж. Анд улангассан эрс санаандгүй тогорууны өндгийг мориороо бяц гишгэнэ.

Уй гашууд автсан эм тогоруун гуниг шаналалыг хуваалцаж буй тогоруун сүрэг. Сэтгэл өвдөм энэ л агшинд тайзнаа эмгэнэлт аялгуу эгшиглэн үзэгчдийн сэтгэлийн харууслыг улам төрүүлнэ. Хайр харууслын бүжгийн төгсгөлд тогоруунууд газар нэвсийн унаж, хагархай өндөгнүүдээ даран энхрийлж, толгой нь тэнгэрт хандан цоролзох нь амар амгалан, хагацалгүй амьдралыг гуйх мэт. Тогоруун өндөг хагаран дотроос нь гурван ангаахай тэнцэж ядан бүжнэ. Уран нугараач залуус ангаахайн дүрд хувирсан нь бас нэгэн чимэг нь байлаа. Тайзнаа ангаахайн амьдралын төлөөх тэмцлийн дараа эмэгтэй уртын дууч энэллийн дуугаар шуранхай хадаав.  Амьд үлдсэн тогоруунуудын тэнгэрт мөргөсөн мөргөлийн бүжиг өрнөнө. Түүгээрээ тэд бие биенээ энэрэх сэтгэлгүй бүхнийг зүхсэн, бас аргаа барж царайчилсан, гуйж, гутарсан уянгын агаад далд хилэнгээ бүжгээр илтгэв. Үрдээ зовнисон эхийн сэтгэл, хөөрүү залуу насны омог бардам хөдөлгөөний нийлбэр тайзнаа үргэлжилнэ.

Хараал буюу тавдугаар хэсэгт бөөгийн бүжгээр хагацал үзсэн тогоруунуудын аргаа барсан харууслаа хэн нэгэнд илэрхийлж гомдлоо тайлан буй мэт догшрохыг харуулна. Тайзан дээрх дөрөө хагаран, цэргүүд үхэтхийн унана. Тогоруу төмөр дөрөө сэтэртэл хараадаг гэдэг энэ буюу.

Тайзан дээр дүүрэн бамбай. Гэвч нэг ч хөдлөхгүй. Тогорууны хараал хүрсэн цэргийн хувь заяа энэ ажээ.

Жүжгийн цомнолыг Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт Б.Лхагвасүрэн, хөгжмийг Ш.Өлзийбаяр бүтээж, найруулагчаар хөгжмийн зохиолч Г.Түвшинтөр, бүжиг дэглээчээр СУИС-ийн багш, “Түмэн-Эх” чуулгын бүжиг дэглээч М.Мөнгөнцэцэг томилогдсон байна. Найруулагчаар Д.Энхбаяр, хувцасны дизайнераар доктор Б.Мөнхцэцэг, тайзны зураачаар Н.Содномдорж ажиллаж, Б.Жаргал, Ч.Сэсээрхүү нар гоцлон бүжсэн.

“Дөрөө” модерн бүжгэн жүжгийн нээлтийн тоглолтын төгсгөлд тайзнаа Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт Н.Жанцанноров уран бүтээлчдэд баяр хүргэн “Монголын урлагийн зөвлөл нэг ийм төсөл санаачлаад, бизнесийн байгууллагуудтай хамтарч ажиллаад та бид өнөөдөр үр дүнг нь үзэж байна. Бид уг төсөлдөө үндэсний, утга төгссөн өгүүлэмж бүхий, Монголд орчин үеийн бүжгэн жүжиг хөгжиж байна гээд гадагшаа харуулах хэмжээний гэсэн болзлыг хангасан байх хэрэгтэй гэдэг шалгуурыг тавьсан. Түүний үр дүн ямар болсныг үзэгчид та бүхэн шүүнэ. Бид сая энэ модерн бүжгэн жүжгийг үзээд нэг их алдаагүй сонголт хийсэн банйа гэсэн бодолтой суулаа. Энэ бол хамгийн чухал. Монголын орчин үеийн модерн бүжгэн жүжиг ийм байх ёстой гэсэн үг бол биш. Ийм байж болох юм гэсэн санааг манай уран бүтээлчид гаргаж ирж байгаа юм. Энэ бол үндэсний модерн бүжгэн жүжгийн эхлэл. Нэг ёсондоо тэд малгайг нь бүтээлээ. Цаашид үүнийг хэрхэн биежүүлж, авч явах нь манай залуу уран бүтээлчдээс шалтгаална” хэмээн урмын үг хайрласан юм.  

Үндэсний бие биелгээг модерн бүжигтэй хослуулан анх удаа тайзнаа толилуулсан гэдгээрээ тэдэнд алдаа оноо ч байсан болов уу. Мэргэжлийн уран бүтээлчдийн нүдээр алдаа оноо ихтэй байлаа гэсэн шүүмж зарим нэгний амнаас сонссогдсон ч уран бүтээлчдэд зориг гарган энэ бүтээлийг анхдагч болон тайзнаа тавьсанд нь баяр хүргэмээр санагдсан шүү. Анхны бүхэн сайхан.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

Г.ДАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж