-Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийн гол агуулга юу вэ?
-Нэгд, Монгол Улсад үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор, хоёрт, төрийн үйл ажиллагаа тасралтгүй явах ёстой гэдэг үүднээс төслүүдийг өргөн барилаа. Тодорхой хэмжээний хүндрэлүүд гараад байгаа учраас Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улсын төрийн тэргүүн, үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч гэдэг утгаараа хуулийн төсөл санаачилж УИХ-ын даргад өргөн барьж байгаа юм.
Эдгээр хуулиар гол зохицуулах зүйл нь УИХ-д суудалтай, наймаас дээш суудал авсан нам, эвслүүд бүлэгтэй болох асуудлыг шийднэ. Үүнтэй холбоотойгоор өмнөх хуулийн зохицуулалтаар хүндрэлтэй байсан зөрчилдөөнүүдийг арилгаж, хуулийг илүү боловсронгуй болгож байгаа гэж ойлгож болно.
Хоёр дахь нь өмнө нь нам, эвслийн бүлгүүд хуралдаанаас хугацаагүй завсарлага авдаг байсан. Энэ байдал нь улс орны чухал асуудлуудаар УИХ-аас шийдвэр гаргахад тодорхой гацаа, хүндрэл үүсгэдэг, улс төрийн янз бүрийн үл ойлголцол үүсгэдэг байсан. Энэ хүндрэл бэрхшээл, гацааг арилгах үүднээс завсарлагыг хугацаатай болгох төсөл барилаа.
-Ямар хугацаа тавьсан бэ?
-Эхний удаа ажлын таван өдрөөр завсарлага авч болно. Шаардлагатай гэж үзвэл нам, эвслийн хүсэлтээр хуралдаан даргалагч ажлын гурван өдрөөр нэмж сунгаж болохоор зохицуулж байгаа.
УИХ бол байнгын ажиллагаатай, тасралтгүй ажилладаг байгууллага байх ёстой. Үндсэн хуулийн зарчим нь ч тийм. Парламентат ёсны өнгөрсөн 20-иод жилийн түүхэнд УИХ-ыг тойрсон янз бүрийн бэрхшээл байсан. Үүнийг даван туулахад өргөн барьсан хуулийн төсөл томоохон алхам болж чадах байх гэж харж байгаа.
-Байнгын хороодын гишүүдийн тоог бас зохицуулахаар болсон юм уу?
-УИХ-ын нэг гишүүн олон байнгын хороонд харьяалагддагийг больё, цөөлье гэлээ. Засгийн газрын гишүүд нэг л байнгын хороонд харьяалагдана. Тэр байнгын хороо нь тухайн яаманд нь хяналт тавьдаг байнгын хороо байж болохгүй гэж орууллаа. Тухайлбал, Хууль зүйн сайд УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны гишүүн байж болохгүй гэсэн үг.
“Парламентын гишүүн Засгийн газрын гишүүн болчихлоо. УИХ –аас Засгийн газраа хянах боломжгүй болчихлоо” гэсэн яриа гардаг. Төрийн эрх мэдэл хуваарилах зарчим, Засгийн газраа УИХ нь хянах ёстой гэдэг зарчим эдгээр хуулийг баталснаар тодорхой хэмжээнд шийдвэрлэгдэж дэвшилттэй алхам болох болов уу гэж харж байгаа. Ийм агуулгатай хуулиудын төслийг өргөн барилаа.