Монголчууд тэнгэр язгуурт, чонон сүлдтэй ард түмэн гэдэг үүднээс уран цутгуурын анхны үзэсгэлэнгээ Чингэс хааны есөн өрлөг жанжин, есөн тугийг уран бүтээлийн гол санаагаа болгосон ажээ. Мөн уран бүтээлдээ монгол үндэсний тэнгэр язгууртай гэсэн бүхнийг тусгахыг хичээжээ. Үзэсгэлэнд Хүннүгийн үеийн гурван баримал, Чингис хааны үеийн ес, байгаль эх дэлхийн сэдэвтэй таван баримал тавигджээ. Уран бүтээлч бүтээлүүдийнхээ санааг гурван жил гаруй хугацаанд бодож боловсруулсан байна. Уран бүтээлчдийн бүтээлийг ийнхүү хүрэл цутгуураар цутгах болсныг маш том боломж гэж тэнд цугларсан хүмүүс олзуурхаж байлаа.
-Чингис хааны есөн өрлөгийг та яагаад чоноор төлөөлүүлж дүрсэлсэн юм бэ?
-Бөртэ чоно, Гоо маралын удамтай монголчууд бид аливаа хийморилог бүхнийг чонотой зүйрлэдэг. Чингэс хааны өрлөг жанжид хийморилог эрс байсан гэдэгт би эргэлздэггүй. “Монголын нууц товчоо”-нд Чингис хааны ноход гэх нь ч бий. Байлдааны тактик, арга барил нь ч ан хийх чоно мэт байсан болоод тэгж нэрлэсэн гэдэг. Тиймээс би тэднийг есөн өөр чонын дүрсээр цутгаж, дээр тус бүр есөн тугаа залсан юм.
-Монголд анх удаа хүрэл цутгуурын үйлдвэр байгуулагдсан гэх юм. Энэ үйлдвэрийн талаар товчхон тайлбарлахгүй юу?
-“Монгол уран цутгуур” нэртэй хүрэл цутгуурын үйлдвэр манайд анхных. Солонгост олон жил ажиллаж амьдарч байгаад эх орондоо ирсэн миний дотнын анд Д.Эрдэнэбилэг маань энэ үйлдвэрийн хөрөнгө оруулалтыг хийж, уран бүтээлч талаас нь намайг дэргэдээ авч үйлдвэртээ ажиллуулж байна. Өмнө манай улс аливаа хөшөө дурсгалаа хүрэлдэж илүү удаан эдэлгээтэй болгоё гэхэд заавал Хятад, эсвэл хойд хөршийг зорьдог байсан юм. Тэгж явах нь манай улсын эдийн засагт ихээхэн хор хохиролтой байсан. Харин одоо бид урд хөршийнхөөс илүү өндөр төвшинд чанартай цутгуур хийж байна гэдгийг миний энэ үзэсгэлэнгийн уран бүтээлүүд батлах байх.
-Хүрэл металлыг яг хүрэл зэвсгийн үеийнх шиг үйлдвэрлэж болдог юм уу?
-Бололгүй яах вэ. Хүрэл металлын найрлагад олон төрлийн элементүүд ордог. Тухайлбал, зэс, гууль, цайр гэх мэт металлын дундаас цэвэр хүрлийг гарган авдаг юм. Бидний цутгаж буй энэ хүрэл хэдэн зууны настай байх болно. Ер нь хамгийн бөх бат зүйлээр л монголчууд төдийгүй хүн төрөлхтөн хойч үедээ түүх дурсгалаа үлдээж ирсэн байдаг. Хамгийн бат бөх материалд эхлээд чулуу дараа нь хүрэл металл ордог юм. Тиймээс л бидний өвөг дээдэс бидэнд Хүн чулуу, буган чулуу, хүрэл эдлэлүүдээр өв соёлоо өвлүүлсэн хэрэг шүү дээ.