Иргэнд хувьцааг нь мөнгөжүүлж олгох боломжгүй

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Иргэнд хувьцааг нь мөнгөжүүлж олгох боломжгүй

С.Батболдын Засгийн газар өнгөрсөн жил иргэн бүрт “Эрдэнэс тавантолгой”-н 1072 ширхэг хувьцааг үнэ төлбөргүй олгох шийдвэр гаргаж байсан юм. Гэхдээ иргэд хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлт гаргаж, энэ хүрээнд үндэсний компаниудад хувьцааг худалдан авах хүсэлт гаргаснаар түүнээс орж ирсэн мөнгийг иргэнд олгохоор төлөвлөсөн. Харин энэ ажил өнөөг хүртэл хэрэгжих бололцоогүй байгаа аж. Сангийн сайд Ч.Улаан энэ тухай хэлэхдээ “Нэг сая төгрөгийн хувьцааг бэлэн мөнгө болгох асуудлыг хэлж мэдэхгүй байна. Компанийн тухайд дээд тал нь 30 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний хувьцаа худалдаж авах бололцоотой. Түүнээс дээш авах бололцоогүй. Төр хувьцааг худалдаж авч мөнгө болгон иргэддээ өгье гэхнээ төсөв даахгүй.  Яагаад гэвэл 1.5 их наяд төгрөг шаардаж байгаа. Иргэдийн хувьд ирээдүйгээ бодвол хувьцаагаа авах нь илүү ашигтай, энэ рүү явах ёстой” гэсэн юм.
Мөн асуулгатай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой” компани хэзээ Хүний хөгжлийн санд мөнгө төвлөрүүлж, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг өгөх тухай асуудал байлаа. Тус компанийн захирлын тайлбарласнаар бас л бүтэл муутай аж. Учир нь “Эрдэнэс тавантолгой” компани нүүрсээ урьдчилан зарж, Хятадын хөрөнгө оруулалттай компаниас 350 сая ам.доллар авсан байгаа. Уг нь үүгээр компанийнхаа тоног төхөөрөмжийг сайжруулж олборлолтоо хийхээр төлөвлөсөн байсан. Харамсалтай нь, Хүний хөгжлийн санд хөрөнгө төвлөрүүлэх боломжгүйгээс шалтгаалж урьдчилан зарсан нүүрснийхээ 350 сая ам.долларыг иргэн бүрт сар тутамд олгож байсан 21 мянган төгрөг, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хоёр үе шаттайгаар олгосон 330 мянган төгрөгийн эх үүсвэр болгон өгсөн, олборлолт хийхэд шаардагдсан шатахуунаа өр зээл тавьж байж шийдэж ирсэн. Одоо зээлээ төлөх гэж чардайж байгаа.  Ядаж байхад дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унах болсон. Тиймээс Хүний хөгжлийн санд ойрын хугацаанд мөнгө төвлөрүүлэх бололцоогүй. Гэхдээ гар хумхин суусангүй гадаад талаас зээл эрэлхийлж буй гэнэ.

Харин Сангийн сайд Ч.Улааны тайлбараар бол УИХ-аас 2012 оны төсвийн тодотголыг батлахдаа ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг энэ онд багтаан өгөхөөр төсөвт хөрөнгийг суулгаж өгсөн ч эх үүсвэрийг зааж өгөөгүй тухай онцоллоо. Байдал амаргүй ч эх үүсвэр дайчлах ямар боломж байна, тэр бүгдийг эрэлхийлж буй, мөн 21 мянган төгрөгөө авч чадаагүй иргэдэд ирэх онд мөнгийг нь өгөх чиг барьж байгаа юм байна. 

Дээрх мэдээллийг сонссоны дараа УИХ-ын гишүүн Г.Уянга “Сайдын алба хашиж байхдаа эрх мэдлээ ашиглаж тойрогтоо нэг сая төгрөгийн үлдэгдэл 340 мянган төгрөгийг өөрийн нэрээр тараасан гишүүдэд хариуцлага тооцох ёстой. Эл асуудлыг Авлигатай тэмцэх газар шалган нягтлах ёстой” гэж мэдэгдэв. Эрх мэдлээ ашиглагсдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, Д.Хаянхярваа нар багтаж байгаа юм. Мөн УИХ-ын гишүүн Д.Батцогт “Ардчилсан нам, МАН хамтдаа засаг барьж байхдаа иргэн бүрт 21 мянган төгрөг олгохоор шийдвэрлэсний зэрэгцээ 1072 ширхэг хувьцаа олгох, мөнгөжүүлэх шийдвэрийг гаргаж байсан учраас Ардчилсан нам өмнөх Засгийн газрын дуусгаагүй ажлыг ажил хэрэг болгох ёстой” гэж хэллээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж