
“Хүндэт доктор” цолыг тус сургуулийн ерөнхийлөгч Нихара Койчи өөрийн биеэр гардуулсан юм. Мөн уг арга хэмжээнд Япон улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такэнори Шимизү, Монгол-Японы найрамлын нийгэмлэгийн төлөөлөгчид, болон бусад албаны хүмүүс оролцлоо.
Монгол Япон улсын хооронд 1990 оноос хойш оюутан солилцооны хамтын ажиллагаа эхэлсэн бөгөөд одоогоор Монголоос 1000 гаруй оюутан тус улсад суралцдагаас 200 гаруй нь тэтгэлгээр болон хувиараа суралцдаг юм байна. Мөн тус улсад Монголын 5000 гаруй иргэд ажиллаж, амьдарч байгаа. Энэ жил Монгол-Япон улс дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ой тохиож байгаа бөгөөд энэ ойн арга хэмжээний үеэр БШУ-ны сайд “Хүндэт доктор” цол хүртэж байгаа нь тэмдэглүүштэй үйл явдал гэдгийг онцолж байлаа.
Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийн төгсөгчдөөс хамгийн өндөр алба хашиж байгаа нь БШУ-ны сайд Л.Гантөмөр гэдгийг тус сургуулийн ерөнхийлөгч онцолж байлаа. Мөн тэрээр “Улс эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны үйлсэд өөрийн хувь нэмрийг оруулж, сайдын үүрэг гүйцэтгэж байгаа нь бахархалтай санагдаж байна. Манай сургууль төгсөгчдөөс хамгийн өндөр алба хашиж байгаа нь Л.Гантөмөр сайд юм. Суралцаж байх хугацаандаа судалгааны ажил хийж, докторын зэрэг хамгаалахуйц суралцаж байсан юм. Түүний хийж бүтээж буй үйлсийг нь үнэлэн өөрийн биеэр шагналаа гардуулахаар Монгол Улсад айлчлан ирээд байна” гэлээ.
Мөн энэ арга хэмжээнд оролцсон тус улсаас Монгол Улсад суугаа элчин сайд Такэнори Шимизү “Манай хоёр улс дипломат харилцаа тогтоогоод 40 жил болж байна. Энэ жил 40 жилийн ой тохиож байгаа юм. Хоёр орны хоорондын харилцаа боловсрол, эрүүл мэнд зэрэг олон талын харилцаатай. Тэр дундаа Япон улсад суралцаж төгссөн олон залуус салбар бүрт амжилттай ажиллаж байна. Мөн манай улсад суралцдаг гадаадын оюутны тоогоор Монгол Улс нэгт ордог. Япон улсад амжилттай суралцаж, улс эх орныхоо боловсрол, шинжлэх ухааны салбарыг удирдаж байгаад нь талархал илэрхийлье” гэлээ.
Японы Нагаокагийн Техник Технологийн их сургуулийн “Хүндэт доктор” Л.Гантөмөр “Сургуулийн маань багш өөрийн биеэр ирж энэ хүндэт шагналыг өгч байгаад нь баяртай байна. Хийж бүтээж буй зүйлийг маань үнэлж, “Хүндэт доктор” хэмээх хүндтэй цолыг олгосонд баярлалаа. Өөрийн удирдаж буй салбартаа цаашид олон зүйлийг хийгээрэй гэсэн даалгавар гэж бодож байна. Япон улсад тэтгэлгээр суралцаж төгссөн цөөхөн оюутны нэг нь би. Цаашид хоёр орны боловсролын салбар дахь үйл ажиллагааг улам үргэлжлүүлэхээр ажиллах болно” гэсэн юм. БШУ-ны сайдын хувьд анх шалгалтад орох гэж багагүй будилж байсан гэнэ. Шалгалтдаа хоцорч очоод, шалгалт өгөх боломжгүй болж байсан ч тухай үеийн сургуулийн шалгалт авч байсан багшийн хүсэлтээр шалгалт өгч тэнцэж байсан гэж хуучилж байсан юм.