
Мөн нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан зарим хүнийг нийслэлийн дээд шагнал “Хангарьд” одонгоор шагналаа. П.И.Шастины нэрэмжит төв эмнэлгийн дарга, Мэдрэлийн мэс заслын ахмад эмч, Хүний гавьяат эмч, Монгол Улсын зөвлөх зэргийн эмч, Төрийн соёрхолт, клиникийн профессор Б.Батчулуун, Монгол Улсын гавьяат тамирчин, олимпийн мөнгөн медальт Н.Төгсцогт, Монгол Улсын гавьяат тамирчин, ОУХМ, олимпийн хүрэл медальт С.Ням-Очир, чөлөөт бөхийн дэлхийн аварга, олимпийн хүрэл медальт С.Батцэцэг, МҮОНР-ийн редактор Н.Буянхишиг, Шүд эрүү нүүрний эмнэг судлалын төвийн зөвлөх эмч, АУ-ны доктор, профессор Н.Пүрэвжав нарыг “Хангарьд” одонгоор тус тус шагналаа.

НИТХ-ын дарга Д.Баттулга “Жил бүрийн аравдугаар сарын 29-нд нийслэлийн төрсөн өдрийг тэмдэглэдэг уламжлалт өдрийг угтан нийслэл хотын төлөө ажил хөдөлмөрөө зориулсан, Монголын нэрийг дэлхийд дуурсгаж явсан, Монгол Улсын шинжлэх ухаан, спорт, эрүүл мэндийн салбарт өндөр гавьяа байгуулсан хүмүүст баяр хүргэж, нийслэлийн хамгийн том шагналыг гардууллаа. Ш.Бира гуай өнөөдөр нийслэлийн хүндэт иргэн боллоо. Нийслэлийн хүндэт иргэн гэдэг бол маш өндөр цол юм. Та бүхэнд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэв.
Мөн “Талх чихэр” ХХК, “Монгол глобал” компаниуд шилдэг аж ахуй нэгжээр шалгарсан байна. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй компаниудаас нийслэлийн бүтээн байгуулалт, хөгжилд оруулсан хувь нэмрийг нь үнэлж шилдэг аж ахуй нэгжээр тодруулсан байна.
“Монгол глобал” компанийн захирал Б.Ганбаяраас шилдэг аж ахуй нэгж болсон сэтгэгдлээс нь хуваалцлаа.
-Шилдэг аж ахуй нэгж болсонд баяр хүргэе. Энэ шагналын гол утга учир нь юунд байна гэж бодож байна вэ?
-Юуны өмнө танай уншигчдад Нийслэлийн хотын 373 жилийн мэндийг хүргэж байна. Тэргүүний аж ахуй нэгж болсны гол утга учир юунд байна вэ гэвэл б жил нийслэлийн өнгө үзэмжийг өөрчлөхөд хувь нэмрээ оруулсан, цаашид ч үүнийгээ хийгээрэй гэсэн үүрэг гэж бодож байна. Хамгийн гол нь иргэддээ сэтгэлд нийцсэн, амар тайван байдлыг хангасан бүх нөхцлийг бүрдүүлж, үйл ажиллагаагаа явуулж байгаарай гэсэн даалгавар гэж ойлгож байна. Ер нь аливаа бизнесийг эрхлэхдээ хэрэглэгчдийн төдийгүй улаанбаатарчуудынхаа тав тухтай, сэтгэл хангалуун үйл ажиллагаа явуулах боломжийг нь олгох нь чухал гэж боддог. Хотын төвд байрладаг “Саруул” төвөөр үйлчлүлэгчдийнхээ тав тухтай орчинг бүрдүүлэхийн тулд ажилладаг. Мөн Баянзүрх дүүргийн Бэлхийн эцэст байрлах “Бэлх” худалдааны төвөө ч яг хотын төвийн дэлгүүрийн стандарт хангасан үйлчилгээний төвийн жишгээр ажиллуулдаг. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд нийслэлийнхээ иргэдийг хүндэлдэг байх ёстой.
-Нийслэлд газар ховордсон ийм үед алга дарам газар олдвол л барилга барих гэдэг болж. Харин танай Саруул худалдааны төв машины зогсоолтой, тав тухтай орчныг илүү бүрдүүлсэн юм шиг харагддаг л даа?
-Аливаа бизнесийг хийж болно. Эргүүлээд бид сайн сайхан зүйл хийх ёстой гэсэн бодолтой хүн л дээ, би. Зарим компани хүүхдийн тоглоомын талбайг дээрэмдээд барилга барьдаг. Би үүнийг эсэргүүцэж үгээ хэлдэг. Зөвхөн мөнгө олох зорилгоор ийм зүйл хийж болохгүй шүү дээ. Шинэ Засаг дарга ажлаа аваад маш их зүйлийг хийж байна. Мэдээж саад учрана. Харин энэ саадыг нь нимгэлэх үүрэг нь бизнес эрхлэгч бидэнд байгаа гэж би боддог юм.