УИХ-ын дарга З.Энхболд цусаа өгч байхдаа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяртай тус байгууллагын өнөөгийн байдал, тус салбарт хэрэгжүүлэх гэж буй төслийн талаар мөн ярилцсан. УИХ-ын дарга Засгийн газраас Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх гэж байгаа “Эрүүл мэндийн салбарын хөгжил хөтөлбөр-5” төслийг сайхан УИХ-аар зөвшилцсөн гээд энэ төслийн хүрээнд цусны аюулгүй байдлыг хангах чиглэлээр чухам ямар арга хэмжээ авах гэж буйг тодруулсан юм.
Н.Эрдэнэбаяр захирлын мэдээлснээр дээрх төслийн хүрээнд Цус сэлбэлт судлалын үндэсний төвийг шинээр байгуулахаас гадна олон улсын магадлан итгэмжлэлийн шаардлагад нийцүүлэх ажээ. Түүнчлэн 20 аймгийн нэгдсэн эмнэлэг, гурван дүүргийн эмнэлэг, гурван сумын эрүүл мэндийн төвийн цусны аюулгүй байдлын үйл ажиллагааг сайжруулан, тоног төхөөрөмжөөр хангах ажээ. Өнөөдрийн байдлаар зарим аймаг дахь цусны төвүүд зориулалтын хөргүүрийн тоног төхөөрөмжгүйгээс ахуйн хөргөгч, хөлдөөгчид цусан бүтээгдэхүүнээ хадгалдаг юм байна.
Монгол Улсын хэмжээнд 2011 оны байдлаар 20700 донороос цус цуглуулдаг бөгөөд сүүлийн таван жилд цусаа өгдөг донорын тоо тогтмол нэмэгдэж байгаа ч цус цусан бүтээгдэхүүний хэрэгцээг бүрэн хангаж чадахгүй байгаа юм байна.
Тиймээс өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Засгийн газар цусаа бэлэглэх санаачилгыг дэмжин цусны донорын өдөрлөгт хамрагдаж байгаа юм. УИХ-ын дарга ийнхүү хоёр дахь удаагаа цусаа хандивлаж байгаа нь энэ ажээ.