Баянзүрх дүүргийн нутагт үхрээ усалж байсан 42 настай Ч.Батчулууныг амьдаар нь шатаасан хэрэг өнгөрсөн долоо хоногт гарсан. Энэхүү хэргийг УБТЗ-ын харъяа Баян зөрлөгийн ажилтнууд үйлдсэн байж болзошгүй хэмээн УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн шалгаж эхэлсэн байна. Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Уг хэргийг тус зөрлөгийн дарга болон түүний хамаатан залууг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж эхэлсэн. Сэжигтнүүд хохирогчийн үхрээ усалж байсан Гоожуур хэмээх булгаас ус уухаар очсон байгаа юм. Тэр үед хохирогч Ч.Батчулуун үхэр үргээлээ гэж цааргалснаас болж залуусын хооронд маргаан эхэлсэн байж болзошгүй байгаа. Халамцуу залуус хохирогчийн хувцас руу бензин цацааад тамхиныхаа галыг шидэн амьдаар нь шатаасан нь тогтоогдсон” гэв.
Сэжигтнүүд ийнхүү зэрлэг авирласныхаа дараа хохирогчийг амьд байгааг мэдмэгц түргэн тусламж дуудсан гэнэ. Дуудлагын дагуу Налайх дүүргийн эмнэлгийн ажилтнууд анхны тусламж үзүүлээд, ГССҮТ-д хүргэсэн ч хохирогчийн биеийн 80 хувь нь түлэгдсэн байсан тул аварч чадаагүй юм байна. Талийгаач эмнэлэгт очсоныхоо дараа өөрийг нь хүмүүс зодож, шатаасан гэдгийг хэлж амжсан. Түүнээс биш эмнэлэгт хүргэсэн этгээдүүд эхэндээ өөрөө амиа хорлох гэсэн гэж хэлжээ.
Д.ЖАРГАЛСҮРЭН