Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа цусаа бэлэглэлээ

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Ц.Элбэгдорж хоёр дахь удаагаа цусаа бэлэглэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Амьдрал бэлэглэх аян”-ыг дэмжин өнөөдөр цусаа өгч, ард иргэдийг цусаа өгөх ариун үйлсэд уриаллаа. Ерөнхийлөгч жилийн өмнө цусны төвд хүрэлцэн очиж цусаа өгсөн бол энэ удаа Төрийн ордон дахь явуулын цусны төвд очсон юм.

Ерөнхийлөгчийг цусаа өгөхөөр хүрэлцэн ирэхэд Эрүүл мэндийн яамны харъяа Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн захирал Н.Эрдэнэбаяр угтан авч мэндчиллээ.  Тэрээр Монгол Улсын Ерөнхийлөгч хүмүүст амьдрал бэлэглэх ариун үйлсэд хувь нэмрээ оруулахаар ирсэнд талархан “Ерөнхийлөгч таныг өнгөрсөн жил цусаа өгснөөс хойш манайд улам олон хүн хандаж, шинэ шинэ доноруудтай болсон. Бид  орчин үеийн тоног төхөөрөмжийг нэмж суурилуулаад байгаа. Шинэ  цахим сүлжээтэй болж, доноруудынхаа талаарх мэдээллийг өндөр нууцлалтай болголоо. Цусаар дамждаг халдваруудыг хамгийн орчин үеийн дэвшилтэт технологийн тусламжтайгаар оношилж байгаа.
 
Та өнөөдөр хоёр дахь удаагаа цусаа бэлэглэн, Донорын хуулийн дагуу манай байнгын донор болж байна. Ялангуяа та ийнхүү цусаа өгч манай доноруудын дотор харьцангуй бага хувьтай байдаг төрийн албан хаагчдыг  энэ үйлсэд манлайлан уриалж буйд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын нэрийн өмнөөс талархаж буйгаа илэрхийлье” гэлээ.
 
Ц.Элбэгдорж: Цусны хангамж хэр байна?
 
Н.Эрдэнэбаяр: Тайван үеийн нөөц бидэнд хангалттай болсон. Зарим бүтээгдэхүүн жилийн нөөцтэй. Манай байгууллага нийт 13 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаа. Эдгээрийн заримынх нь хугацаа тав хоногт дуусдаг учраас тухай бүрт нь шинэчилдэг.
 
Ц.Элбэгдорж: Онцгой нөхцөл байдалд зориулсан цусны төв байгуулах ажил ямар шатандаа хэрэгжиж байна вэ?
 
Н.Эрдэнэбаяр: Таны саналын дагуу бид Клиникийн II нэгдсэн эмнэлгийн хажууд газар авч, барилгын зураг төслийг нь боловсруулаад байна. Энэхүү цусны төвийн барилгын ажлыг 2013 онд эхлүүлэхээр төлөвлөж, энэ жил улсын төсөвт тусгахаар саналаа өгсөн. Байгалийн гамшиг, газар хөдлөлт, онцгой байдлын үед тэсвэртэй төв байгуулахаар зорьж байна. УИХ, Засгийн газрын дэмжлэгтэйгээр энэхүү төвийг ирэх онд багтаан ашиглалтад оруулахаар тооцон ажиллаж байна.
 
Ц.Элбэгдорж:
УИХ, Засгийн газар энэ чухал ажлыг анхаарна гэж найдаж байна. Энэ бол цусны нөөцийн чухал төв юм. Аливаа улс оронд байгалийн гамшиг, онцгой байдлын үед цусны нөөц зайлшгүй шаардлагатай байдаг. Өнөөгийн цусны төв дөнгөж хүрэлцэх төдий байгаа учир нэмэлт төв барих шаардлагатай байгаа юм.

Цусаа бэлэглэж дууссаны дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Миний цус IV бүлгийнх учир ихэд эрэлттэй байдаг. Өмнө нь өгсөн цус хүний амь аварсан гэж сайхан мэдээ дуулсан. Сургуулийн сурагчид, цэцэрлэгийн хүүхдүүд, цэргийн ангийнхан, оюутнууд, албан байгууллага, компани, аж ахуйн нэгжүүд нийтээрээ цусны төвд цусаа бэлэглэх ажлыг зохион байгуулж, цусны нөөцийг нэмэгдүүлэхэд туслахыг уриалж байна.
 
Би жил гаруйн өмнө цусаа өгсөн. Үүний дараахан ард иргэдийн дунд цусаа бэлэглэх бүх нийтийн хөдөлгөөн өрнөж, Цусны төв маань хангалттай нөөцтэй болсон гэж сонссон. Хүн нэг удаа цусаа өгөхдөө дунджаар 350 граммыг өгдөг тул эрүүл мэнддээ санаа зовох зүйлгүй. Түүнчлэн тус байгууллага нь цусаа өгсөн иргэдийн мэдээллийг чандлан хадгалдаг. Цусаа өгөх иргэдээс тодорхой шинжилгээ авдаг тул Цусны төвийн аюулгүй байдал эрс сайжирсан. Иймээс бүгдээрээ нэг нэгэндээ амьдрал бэлэглэе. Цусны төв, “Шийдлийн гарц” ТББ хамтран зохион байгуулж буй, хагас жил үргэлжлэх “Амьдрал бэлэглэе” аянд оролцохыг нийт иргэддээ уриалж байна. Миний өгсөн цус олон хүний амийг аварсан гэж бодоход, сонсоход үнэхээр гайхамшигтай сэтгэл төрдөг юм шүү” гэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж