Өнөөдөр тус байшингийн эзэн гэж хэлж болох түүний хоёр охин Дээвий, Осоржамаа хоёр Сүхбаатар дүүргийн III хороонд аж төрж сууна. Дээвий нь тухайн үеийн Намын төв хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Д.Гомбожавын эхнэр юм билээ. Бадамжав байшингаа бариулахдаа орой дээр нь дөрвөн хөлийг нь дээш нь харуулсан ширээ байрлуулсан нь тухайн нийгмийнхээ үзэл бодлыг шүүмжилж илэрхийлсний илэрхийлэл гэдэг. Тэдний амьдралын зам мөрийг цухасхан сонирхож үзлээ.Буриад Бадамжав нь 1912 онд эхнэр Гармаевич Ида Павловна, дөрвөн охины хамт Нийслэл хүрээнд ирж суурьшжээ. Цогт Гармаевич Бадамжав 1878 онд Улаан-Үд хотод, эхнэр Гармаевич Ида Павловна нь 1888 онд Оросын Новгород хотод төржээ. Бадамжав дөрвөн дагавар охинтой Павловнатай ханилсан аж. Тэднийх Монголд ирж амьдарсан даруйдаа Гаваа, Дээвий, Осоржамаа гэдэг гурван охин төрүүлжээ. Ийнхүү Бадамжавынх долоон охинтой өнөр өтгөн айл байж. Түүхч О.Пүрэв "Монгол төрийн голомт" номондоо “Бадамжавын эхнэр Павловна олон тэрсхэн охиноо дагуулан явж байгааг хүрээнийхэн их л сонирхон хардаг байсан тухай дурдсан нь бий. Эрдэмтэн О.Намнансүрэн “Шинэ цагийн Улаанбаатар”өгүүлэлдээ “Бадамжавын эрээн халадтай олон охид хашаандаа тоглож байгаа нь эгдүүтэй хөөрхөн харагддаг байсан” гэж бичжээ. Өнөөдөр тэдний охидоос гурав нь энх тунх аж төрж сууна. Тэд тухайн нийгмийнхээ ээдрээтэй цаг үеийг туулж ирсэн удаатай. Ц.Г.Бадамжав нь чинээлэг худалдаачин байсан бөгөөд Улаан-Үд, Хиагтаас бараа оруулж ирж Хятадад гаргах, мөн Хятадаас Орос руу бараа гаргадаг байж. Тэрбээр “Монголтранс” нийгэмлэгийн Оросын талын төлөөлөгчөөр ажиллаж байжээ. Цогт.Бадамжав өндөр боловсролтой хүн байсан бөгөөд Эндрюс, Козловын экспедицэд орчуулагчаар ажиллаж байжээ. Бадамжавыг Козловын экспедицэд ажиллаж байхдаа гэрэл зураг авч Монголд орчин үеийн гэрэл зургийг хөгжүүлсэн гэж үздэг байна. Монголоор аялсан Эндрюсийн олон сонирхолтой зураг байдаг. Тэр зургуудыг Бадамжавыг авсан гэж түүхчид үздэг юм байна. Д.Сүхбаатар 1921 онд Нийслэл хүрээнд орж ирээд Бадамжавын хашаанд гэр, майхан барьж Түр засгийн газрын үйл ажиллагааг явуулж байсан түүхтэй. Бадамжавыг хилсээр баривчилсны дараа зургаан өрөө байр, Сүүж дэх зуслангийн байрыг нь хурааж авсан гэдэг. Бадамжавын байранд анх Намын төв хороо байрлаж байгаад дараа нь орос мэргэжилтнүүд, Хэвлэлийн төв газар, Сүхбаатарын музей, Тувагийн элчин сайд байрласан. Шалны доор нь том зоорь байсан гэж яригддаг. Бадамжав түүнийгээ Барон Унгернээс хамгаалан хоргодох байр болгон ашиглахаар бэлдсэн гэж үздэг байна. Өнөөдөр их хотын сүрд дарагдан буриад Бадамжавын байшин гундуухан харагдахад эзэд нь өнгөрсөн түүхээ хуучлан сууна.
Ийнхүү Бадамжавын охин Дэээвий, Осоржамаа нартай ярилцаж, амьдралых нь тухай зарим зүйлийг тодрууллаа. Дээвий нь дүүгээсээ илүү яриа хөөрөөтөй сэргэлэн бололтой.
-Та Бадамжавын хэд дэх охин бэ?
-Би 1916 онд төрсөн зургаа дахь хүүхэд нь. Энэ Осоржамаа надаас хэд дүү.
-Танай эгч нараас байна уу. Хаана амьдарч байсан бэ?
-Цөөхөн үлдсэн дээ. Вера энд, Марина Эстонид, Ольга Симбирскт амьдарч байгаад өөд болсон. Одоо Валя Москвад байгаа. Би долоон хүүхэд төрүүлсэн. Нэг нь эндсэн юм. Одоо хүүхдүүдээс минь гурав нь гадаадад, бусад нь Монголдоо амьдарч байна. Манай том хүүхэд 66, бага нь 46 нас хүрч байна шүү дээ. Манай эгч нар 1934 онд Орос руу явсан даа. Бүгд харилцаатай байсан. Тэдний үр хүүхэд олон бий. Эгч нар маань тухайн үед ЗХУ-д төрөл бүрийн мэргэжлээр ажиллаж амьдарч байсан.
-Та ямар ажил хийж байв?
-Би Монголд орос сургууль төгссөн. Нэгдүгээр цахилгаан станцад насаараа ажиллаад чөлөөндөө гарсан. Энэ Осоржамаа нэгдсэн III эмнэлэгт лаборантаар 45 жил ажилласан.
-Та аав ээжийнхээ тухай ярьж өгөхгүй юу?
-Бидний аав Бадамжав худалдаачин байсан. Миний ээж герман цусны хүн. Ээж минь хөгжимчин байлаа. Нэг хэсэг төв театрт хөгжимчин байгаад дараа нь Монголын радиод хөгжимчнөөр ажилласан. Радиогоор явдаг өглөөний гимнастикийн хөгжмийг тоглодог байсан. Дараа нь Дотоод яамны харьяа Зүүнхараа дахь амралтын газар зохион байгуулагч хийж байсан. Ээж маань 1963 онд Казань хотод нас барсан даа. Аав маань 1931 онд гэнэт баривчлагдсан. Би тэр үед 15 настай байсан. Манай хөрөнгийг хурааж, ээжийн хөгжим, бидний хувцсыг үлдээгээд байшингаас хөөсөн. Бид тэгээд орох оронгүй болсон. Ээж гадуур таньдаг хүмүүстэй уулзаж байж нэгдүгээр эмийн сангийн хажууханд нэг айлын байшин хөлсөлж суусан. Бидний ээж их ухаалаг хүн байсан. Хүүхдүүдээ өсгөх гэж их зүйл хийсэн дээ.
-Аавыгаа баригдсаны дараа уулзсан уу. Дараа нь юу болсон бэ?
-Аавыг бидэнтэй огт уулзуулаагүй. Захидлаар харилцахыг хүртэл хориглосон байсан. Нэг удаа сураг сонсогдох нь Улаан-Үдэд аваачсан байсан. 1931 оны долдугаар сарын 31-нд ааваас захидал ирсэн. Тэр нь ил захидал. Аав “Их ядарч байна. Бие их өвдсөн. Тусламж байхгүй их ядарлаа. Тусламж хэрэгтэй байна. Хамаатнуудтай холбоо барьж тусламж авах хэрэгтэй байна. Энэ хугацаанд нүдний хараа их муудлаа” гэсэн байсан. Түүнээс хойш сураг тасарсан. Хожуу хойно дуулах нь Турукамск хотын шоронд таван жил хоригдож байгаад 1937 оны өвөл Новосибирскт хилс хэрэгт тулгагдан цаазаар авахуулсан юм билээ. Ээж минь хөөцөлдөж байж аавын хилсээр цаазлагдсаныг 1960 онд цагаатгуулсан. Дотоод яаманд орчуулагчаар ажиллаж байсан. буриад хэлмэрч Дэнсмаа гэдэг хүн худлаа хэрэг зохиож аавыг баривчлуулсан гэдэг юм.
-Та Гомбожав гуайтай яаж танилцсан бэ?
-Бид хоёр залуу сайхан насандаа ханилан суусан юм. Тэр өндөр боловсролтой, ихээхэн ажил хэрэгч хүн байсан. Гомбожав тухайн үедээ улс орныхоо төлөө их зүйл хийсэн хүн дээ. Түүнийг мэдэхгүй хүн ховор байх аа. Энэ Осоржамаа гурван хүүхэд төрүүлсэн. Нөхөр нь Сэргэлэн гэж жолооч хүн байгаад нас барсан. Одоо том хүүхэд нь АНУ-д, дундах нь энд, бага нь Орост амьдарч байна.
-Таныг бага байхад танайхаар олон хүн орж ирдэг байв уу?
-Манай аав зөвхөн худалдаачин байгаад зогсоогүй олон төрлийн ажил гүйцэтгэдэг байсан юм билээ. Танил ихтэй байсан. Гадна дотны олон хүнд орчуулагчаар ажиллана. Манайхаар олон хүн ирнэ ээ. Би таваас зургаан настай байсан юм уу даа. Хичээнгүй сайд Б.Цэрэндорж хааяа ирж зочилдог байсан. Зохиолч Д.Нацагдорж, О.Намнансүрэн нар ирнэ. Энэ хүмүүсийг л мэдэж байна. Хүүхэд байж дээ.
-Тухайн үеийн Улаанбаатар ямар байв?
-Цөөн барилгатай, хүн ам ч цөөхөн байжээ. Бид гэрээсээ нэг их хол явахгүй. Зун нь зусланд гарна. Одоо хотын хаана нь юу байгааг мэдэх юм алга. Их том болжээ. Үерхэж тоглодог монгол найз нар байсан шүү.
-Өөрийнхөө амьдарч байсан байшингаараа очдог уу. Ямар сэтгэгдэл төрдөг вэ?
-Үгүй дээ. Манай байшин анх ийм байгаагүй юм. Бага зэрэг өөрчлөгдсөн байгаа.
-Та хоёр тэтгэврийн мөнгө өндөр авдаг уу. Одоо хэний асрамжинд байна вэ?
-Тэтгэврээ 84 мянган төгрөгөөр тогтоолгосон. Одоо нэмэгдээд болж байна аа. Биднийг миний охин Алимаа асарч байна. Тэр маань эдийн засагч мэргэжилтэй.