Хүн, нохой, гэр нь хогтойгоо хаяа дэрлэсэн их хот

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Хүн, нохой, гэр нь хогтойгоо хаяа дэрлэсэн их хот

“…Хогон дундуур жим татуулан гэрийн шаахайтайгаа алхах энэ бүсгүй гэртээ орох нь гарцаагүй. Гэрийн шаахай өмссөн учраас түүнийгээ тайлалгүй шал, хивсэн дээгүүрээ туучих нь бас дамжиггүй. Магадгүй энэ айлд бага насны хүүхэд байдаг бол ээжийгээ, эгчийгээ ийм газраар алхаж байгаад ирснийг мэдэхгүй газраар мөлхөж яваад элдэв өвчин тусвал яана…”

Нийслэлчүүдийн хувьд хамгийн эмзэг гэж хэлж болох “Нийслэлийн хөрсний бохирдол” гэсэн сэдвийг хөндөхөөр явах үед энэ дүр зураг хамгийн түрүүнд нүдэнд өртөж, ийм бодол тээхэд хүргэсэн билээ. Магадгүй ийн бодоход ХӨСҮТ-ийн гаргасан мэдээлэл ч нөлөөлсөн байж болох юм. Учир нь, тус төвөөс  энэ долоо хоногт бохир, заваан байдлаас үүдэлтэй гэх бохир гарын шар буюу В гепатит 145, гэдэсний халдварт цусан суулгын 60 тохиолдол бүртгэгдсэн гэж мэдээлсэн ба өвлийн улирал эхэлчихээд буй энэ үед гэр хорооллын иргэд нүүрс түлж тэр ч бүү хэл өөрсдийн ухамсаргүй байдлаасаа болж үнс, угаадсаа гудамжинд асгадаг нь эргээд энэ мэт өвчний гаралт нэмэгдэхэд нөлөөлж магадгүй гэсэн байсан. Үнэндээ бол 2.7 сая хүн амтай, түүнийх нь талаас илүү хувь нь нийслэл хотод төвлөрдөг манай улсын хувьд энэ нь тийм ч таатай мэдээ биш бөгөөд 473538,27  га талбайтай нийслэл хотод ийм дүр зураг дэндүү олон таардаг нь хамгийн ихээр эмзэглэл төрүүлсэн билээ. Зөвхөн энэ зургийг л гэхэд бид Чингэлтэй дүүргийн нутаг, Хайлаастын XV хорооны дундуур байх далан дунд авсан юм.   

НААДМААС ХОЙШ ХОГОО АЧУУЛААГҮЙ ХАЙЛААСТЫНХАН

Уг нь энэ хавийнхан буюу Хайлаастын XVI,  XVII, XVIII хорооны нутаг хогондоо ингэтэл дарагдчихаагүй байсан гэдгийг оршин суугчид нь өгүүлж байсан. Гэвч Улсын баяр наадмаас хойш энэ хавийн хогийг ачаагүй тул яах ч аргагүй болж, өнгөрсөн хавар нэгдсэн журмаар цэвэрлэсэн жалга, далан руугаа хогоо асгаж эхэлжээ. Уулын оройгоос бэл хүртлээ хаяа тэлсэн тус хорооны айл бүр тэр хавийн жалга шуудуунд хогоо хийдэг гээд бодохоор энэ хавь бүхэлдээ буюу үргэлжилсэн их хогийн цэг болсон  байсан. Оршин  суугчдын өгүүлснээр “Уг нь сар бүр хэрэглэсэн цахилгааны төлбөрөө хогны мөнгөтэй давхар төлдөг ч машин ирж ачихгүй байсаар байдал ийм болсон. Энэ олон айлын дөрвөн сарын турш хуримтлуулсан хог гэж бодохоор ямар байх нь ойлгомжтой шүү дээ” хэмээн ярьж байсан нь анхаарал татаж байв. Үнэндээ энэ хавийн оршин суугчид ийн ярьж, өөрсдийгөө өмөөрч буй ч тэд нийслэлийн, их хотын иргэн. Тэр ч утгаараа үр хүүхэд минь эрүүл аюулгүй орчинд амьдрах ёстой гэдгээ тунгааж ядаж л хог, угаадсаа гудамжинд хаяхгүй байх гээд наад захын, иргэн байх үүргээ ухамсарлах ёстой санагдсан. Хэрэв болдоггүй юм бол хороон даргадаа энэ байдлаа хэлэх ёстой. Гэвч манайхны хэт хайнга, миний гэр, хашаа л цэвэрхэн байвал боллоо гэх явцуу бодлоос үүдэлтэйгээр та бид, үр хүүхэд минь элдэв халдварт өвчин үүсэх голомтон дунд амьдарч байна ч гэж хэлж болно. Мэргэжилтнүүдийн хэлснээр хөрс нэг л бохирдсон бол цаашаа улам тархдаг, нөхөн сэргээх боломжгүй байдаг бөгөөд магадгүй түүнийг бохирдуулж буй бүхнийг байгаль орчины гэмт хэрэгтэнд тооцож хариуцлага хүлээлгэхэд буруудахгүй бизээ.    

ХОРТ БОДИСООР АМЬСГАЛСАН НИЙСЛЭЛҮҮД

Бид хөрсний бохидол ямар хэмжээнд байгаа талаарх мэдээллийг авахаар Шинжлэх ухааны академийн Газарзүйн хүрээлэнг зорилоо. Биднийг очих үед дарга нь хөдөө ажлаар явсан байсан бөгөөд мэргэжилтнүүдийнх өгүүлснээр тус хүрээлэн 2010 онд нийслэлийн эргэн тойрны 134 цэгээс дээж авч судалгаа хийхэд хүнд металлын бохирдол буюу хүнцэл, кадми, хар тугалга  гэх зэрэг хүний биед хор нөлөө үзүүлдэг бодисууд ихээр илэрсэн ажээ. Үүнд хүний уураг тархи, бие махбодид муугаар нөлөөлдөг гэх хар тугалганы агууламж дунджаар 57мг/кг, хром 66мг/кг байсан нь хоёр жилийн өмнө хийж байсан судалгаанаас ихэссэн үзүүлэлт гэж байв. Мөн Баянбүрдийн тойрог орчмын автомашин засварын орчимд энэ металлын 2413мг/кг буюу байх ёстой хэмжээнээс 24 хувиар их байсан гээд ер нь бол автомашины төвлөрөл ихтэй гэгддэг Сүхбаатар дүүргийн хөрсөн дэх хар тугалганы дундаж хэмжээ 132мг/кг буюу хүлцэх агууламжаас их байгаа нь тодорхой болжээ. Мэргэжилтнүүдийн өгүүлснээр энэ ганцхан дүүргийн жишээ бөгөөд хүнд металлын бохирдолт нь нэг газарт бус алаг цоог тархалттай байгаа гэнэ. Энэ нь арьс ширний үйлдвэр, автомашин засварын газар, гэр хороололд бохирдол их байгаатай холбоотой ажээ. Энд бас нэг зүйлийг сануулахад сүүлд хийсэн судалгаагаар манай улсад тодорхойлох боломжгүй  бензпирен, диоксин /хуванцар шатаахад ялгардаг/ зэрэг бодис илэрсэн ба химийн хортой элементэд ордог тул цаашид нарийн судлах шаардлагатай гэдгийг өгүүлж байсан. Гэхдээ энэ бол хоёр жилийн өмнө хийсэн судалгаа бөгөөд энэ оны сүүлээр шинээр хийж буй судалгааны дүн гарах үед ямар таагүй мэдээлэл та биднийг угтахыг мэдэхгүй гэцгээсэн юм. Дашрамд өгүүлэхэд тус хүрээлэнгээс гадна Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн ч бас ийм төрлийн судалгаа хийдэг гэсэн. Гэхдээ тус хүрээлэн сүүлийн судалгаагаа гурван жилийн өмнө хийсэн бөгөөд түүнийгээ дахин шинэчлэхээр материал юугаа цэгцэлж байгаа аж.  

ОЛОН НИЙТИЙН БАЙЦААГЧТАЙ БОЛЬЁ  

Монгол Улс том, бас уудам нутаг дэвсгэртэй. Хэдий тийм ч хүн амынх нь талаас илүү нь хотод бий. Үүнийг жилээс жилд хаяа тэлж буй гэр хорооллууд нот­лох бөгөөд тэд хаа дуртай газраа хогоо хаяж, бохирын усаа асгаж жалга нүх сүв бүрийг дүүргэж буйгаас асуудал ийм дээрээ тулчихаад буй юм. Уг нь хууль хэрэгждэг оронд бол манайд Ахуйн болон үйлдвэрлэлийн хог хаягдлын тухай хууль гэж бий. Энэ хуульд “Сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэртээ хог хаягдлын тухай хуулиар тогтоосон захиргааны үүргийн биелэлтэд хяналт тавих олон нийтийн байцаагч ажиллуулах, тэдэнд мөнгөн урамшуулал олгож болно” гэж заасан байдаг юм билээ. Тэгэхээр ажилгүй иргэдээр “дүүрчихээд” буй нийслэлчүүд дүүргийнхээ ажилгүйчүүдийг бай­цаагч болгож “хогийн манаанд” зог­соогоод торгуулийнх нь мөнгөний хувиар цалинжуулж ч болох юм. Бас зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэж, гэр хороололд цэвэр бохир усны шугам татах, мод тарих ажлаа ч эрчимжүүлэхэд буруудах­гүй. Айл болгон хашаандаа ядаж нэг мод тарьж түүнийгээ ургуулахад хот маань ногоон болж, хөрсний бохирдол ч багасах юм гэсэн. Эцэст нь нэг олзуурхууштай зүйл тэмдэглэхэд Хотын дарга энэ асуудалд анхаарал хандуулж гэр хороололд цэвэр бохир усны шугам татах ажлыг ойрын хугацаанд хийнэ гэсэн. Хэрэв энэ нь ажил хэрэг болчихвол нийслэлчүүдийн хувьд тун ч таатай мэдээ болно. Яагаад гэвэл энэ яриа биелэлээ олбол хүүхэд, нохой, гэр, хашаа нь хогтойгоо хаяа дэрлэхгүй, их хотын өнгө зүсч сэргэх учиртай билээ.

Л.ОЮУНГЭРЭЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж