Л.Эрдэнэчимэг: Би Сангийн сайдыг хардаж байгаа

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэчимэг: Би Сангийн сайдыг хардаж байгаа

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэ­чимэгтэй ярилцлаа. Тэрбээр эмэгтэй гишүүдээс цэцэрлэг, сургуулийн хүүхдийн хоолны мөнгө зэрэг нийгмийн асуудлыг нь анхаарч ажилладгаараа ялгардаг. Энэ удаад түүнтэй төсвийн төслийн талаар ярилцсан юм. Тэрбээр бэлэн мөнгө тараахын эсрэг байр суурьтай байгаа ч халамж зайлшгүй шаардлагатай хүмүүст мөнгө олгох зөвтгөх ёстой гэж байсан.

-Энэ удаагийн төсвийн төслийг ирээдүйг харсан, айсуй хямралд бэлдсэн сайн төсөв болсон гэх. Гэтэл зарим  нь ард түмэнд ойр бус, хөрөнгөлөг мөнгөлөг хэсгийг дэмжсэн төсөв болсон гэж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Сөрөг хүчний санааг ойлгож байгаа. Тэд хүн бүрт 21 мянган төгрөг тараах асуудлыг шахаад байгаа. Энэ асуудлыг ярих нь МАН-ынхан ард түмэнд гоё харагдах гэснийх. Гэтэл өнөөдөр төсөв ямар байдалтай байгаа билээ. Хүнд байгаа гэдгийг бүгд мэдэж байгаа шүү дээ. Өнгөрсөн дөрвөн жилд маш их мөнгө тарааснаас болж Монголын эдийн засаг ямар байдалд хүрчихээд буйг мөнгө нэхээд байгаа нөхөд мэдэхийн дээдээр мэднэ. Тэгсэн хэрнээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр шал эсрэг юм яриад байгаа байхгүй юу. 21 мянган төгрөгийг тараах ямар ч боломжгүй. Тараах шаардлага ч байхгүй. Энэ мөнгөнөөс болж архидалт нэмэгдэж, хүмүүс залхуу болж байна. Төсөв яагаад муухай харагдаж байна гэвэл бэлэн мөнгө тараахгүй байна гэсэн сөрөг хүчний шоунаас л болж тэр. Энэ удаад бэлэн мөнгийг зөвхөн хүүхдэд л өгье гэж байгаа. Энэ хамгийн зөв. Хүүхдэд очиж байгаа мөнгийг аав нь аваад архи уухгүй байх. Ээжүүдийн менежментийн дор зарцуулна гэж найдаж байгаа. Харин төсвийг сайн муу болсон гэдэг дээр би дүгнэлт өгч чадахгүй. Сайн төсөв хийхийн тулд мөнгө хэрэгтэй. Гэтэл бид байхгүй мөнгөн дээр төсвийн төсөл боловсруулж сууна. Ёстой нөгөө хөнжлийнхөө хэрээр хөлөө жийж, халаасныхаа хэмжээнд л асуудлыг шийдсэн.

-Бэлэн мөнгө тараахгүй байх бодлогыг шүүмжлэх хүн байна л даа. Энэ мөнгө олон хүүхдийг гэдэс цатгалан байлгасан гэж хэлэх иргэд цөөнгүй байна. Тэгвэл эдгээр хүүхдүүдийн гэдсийг өлсгөхгүй байлгах өөр гарц шинэ төсөвт сууж өгсөн үү?

-Орлого багатай, амьжир­гааны түвшин доогуур иргэдэд тусламж үзүүлэх ёстой. Гэхдээ бэлэн мөнгөөр биш хоолны талон юмуу өөр байдлаар шийдэх ёстой гэж би хардаг. Бэлэн мөнгөөр шийдээд ирэхээр л өнөөх архидалт, ажилгүйдэл, бэлэнчлэх сэтгэлгээ чинь газар авна. Амьжиргааны түвшин доогуур тусмаа архинд өгч, ажил хийхгүй залхуурч буй нь харагддаг. Өнгөрсөн сонгуулийн хугацаад би банкуудаар тойрч 21 мянган төгрөгт “алалцаж” байгаа хүмүүсийн тал хувь нь залуус  байхыг хараад харамсч байсан. Тэдэнтэй олон удаа уулзсан. Мэдээж тэдний дунд хүүхэд төрүүлээд, гэртээ сууж байгаа эхчүүд байж л байсан. Тэдний хувьд энэ мөнгө яах аргагүй хэрэгтэй. Энэ асуудлыг шийдсэн гэж үзэж байгаа. Бид хүүхэд бүрт 20 мянган төгрөг өгч байгаа. Нөгөөтэйгүүр эмээ өвөө нар зогсч харагддаг. Тэдгээр хөгшчүүлийн тодорхой хэсэг нь маш бага тэтгэвэр авдаг. 80-100 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг хөгшчүүл ч байна. Бүр огт тэтгэвэр авдаггүй ахмадууд ч байдаг. Гэтэл хөдөлмөр эрхлэх боломжтой залуус энд зогсох биш баялаг бүтээж байх ёстой. Нэг тоосго өрлөө гэхэд л баялаг бүтээж байна гэсэн үг. Гэтэл 21 мянган төгрөгийн төлөө гурав хоног дугаарлаж зогсоно гэдэг харамсалтай. Залуу хүний хувьд хайран цаг хугацаа. Түүний оронд тэдгээр залуус ажил хийж,  хүүхэд төрүүлсэн эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд л тэдний оронд зогсох ёстой байхгүй юу. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 80-150 мянган төгрөгөөр амиа зогоох гэж үнэхээр зовж байгаа. Дор хаяж 300 мянган төгрөг, тэтгэврийн хөгшчүүл 300-350 мянган төгрөг авч байх хэрэгтэй. Хүүхдээ хараад гэртээ сууж байгаа ээжүүд дор хаяж 150-200 мянган төгрөг авах хэрэгтэй байна. Даанч энэ мөнгийг ирэх оны төсөвт суулгаж өгөх гэхээр   мөнгө нь байдаггүй. Гэхдээ 2014 оны төсөвт юм уу, эсвэл ирэх оны төсвийн тодотгол хэлэлцэх үеэр  халамж шаардлагатай хүмүүсийн асуудлыг бид шахна. Энэ асуудлыг хэлэх ёстой хүмүүс бол УИХ-ын эмэгтэй гишүүд. Ер нь хөдөлмөр эрхлэх боломжтой 25-45 насны эрэгтэй, эмэгтэй хүмүүст 21 мянган төгрөг өгч байгаа нь тэднийг “алж” байгаа болохоос харж үзэж байгаа хэрэг биш.

-Хүүхдийн цэцэрлэгийн хоол, үдийн цай, дотуур байрны хоолны мөнгийг төрөөс 100 хувь даадаг. Гэтэл ирэх оноос эхлэн эцэг эхчүүдээс 50 хувийг нь гаргуулах болсон тухай ярьж байна. Ингэхээр хүүхдэд мөнгө өгсний хэрэг гарах уу?

-Энэ тал дээр нэлээн том байр суурь хэлэхгүй бол болохгүй болоод байна. Би хэвлэл мэдээллийн хэрэгслээр асуудлыг яаж ингэж мушгин гуйвуулж чаддаг байна аа гэж гайхаад байгаа. Сургуулийн хүүхдийн үдийн цай, цэцэрлэгийн хоол, дотуур байрны  хоолны мөнгөний асуудлыг эмэгтэй гишүүд маш их анхаарч байгаа. Энэ чиглэлийн асуудлуудыг гардаж хариуцаж төсөл боловсруулан хэлэлцүүлж үнийг нь нэмүүлээд байгаа. Ирэх онд эдгээр мөнгийг төрөөс 100 хувь даадгаараа даана. Эцэг эхээс гаргуулах тухай асуудал огт байхгүй. Засгийн газар ч энэ талд байна гэдгээ илэрхийлсэн. Харин Сангийн яамнаас л анх төсвийн төслийг оруулж ирэхдээ санаатай, санаандгүй нь мэдэгдэхгүй “Эцэг эхчүүдээс хоолны мөнгөний 50 хувийг нь гаргуулна” гэж бичиж орж ирсэн. Яагаад ингэснийг нь асуухаар “Бид ийм зүйл бичээгүй ээ. Алдаа гарсан байна” гэж тайлбарласан. Сангийн яамныхан алдаа гаргаж бичсэн  нь санаатай юу, санамсаргүй юу гэдэг дээр нь үнэнийг хэлэхэд гайхаж байгаа. Засгийн газар ийм асуудал огт яриагүй, дурсаагүй байхад бичиж оруулж ирээд, түүн дээр нь сөрөг хүчин тоглолт хийж байгаад би хардлага төрж байгаа. Тэгэхээр ирэх онд цэцэрлэгийн хүүхдийн хоол, үдийн цай, дотуур байрны хүүхдийн мөнгийг төр даана гэдгийг хариуцлагатай хэлмээр байна. Харин ч бүр 50 хувиар нэмж байгаа шүү дээ.

-Багш, эмч нарт цалин дээр нь нэмэгдэл олгох талаар хуульчлаад байсныг нь болиуллаа. Энэ салбарыг мэдэх хүний хувьд энэ мөнгө үнэхээр шаардлагатай мөнгө үү?

-Уг нь энэ хууль анх орж ирэхдээ хөдөөгийн багш, эмч нарт гэж орж ирсэн ч сонгуулийн уур амьсгалаас болж  их хүрээг хамруулсан юм билээ. Уг нь багш, эмч нарын цалинг нэмэх ёстой. Энэ бол тэтгэвэрт гарахдаа багагүй хэмжээний мөнгө аваад явах тухай асуудал биш. Эмч нар доод тал нь 700, багш нар 500 мянгаас дээш төгрөгийн цалин авах ёстой. Түүнээс биш насан туршдаа боол шиг хөдөлмөрлөж хөдөлмөрлөчихөөд тэтгэвэрт гарахдаа хоёр, гурван сая төгрөг аваад гардаг системээр яах юм бэ. Би үүнийг сайн  гэж бодохгүй байгаа. Яахав насан туршдаа энэ салбарт хөдөлмөрлөчихсөн, тэтгэвэрт гарах гэж байгаа хүмүүст тодорхой хэмжээний мөнгө хэрэгтэй. Гэхдээ хавтгайруулж болохгүй. Харин эмч, багш нарынхаа цалинг хангалттай нэмэх ёстой. Өндөр цалинтай байж чанартай боловсрол, чанартай эрүүл мэндийн үйлчилгээ авах болно. Өнөөдөр бид багш, эмч нартаа бага цалин өгч байж тэднээс юу хүлээх юм бэ. Бид боловсрол, эрүүл мэндийн чанарыг ярихын өмнө цалинг нь нэмээд амьдралын баталгааг нь бий болгоод түүний дараа шаардлага тавих ёстой.

-Эмч, багш нараас гадна тухайн байгууллагын хамаг сайн муу ажлыг хийдэг хүмүүс өнөөдөр дэндүү бага цалин авч байна. Тухайлбал, II амаржих газрын асрагч өдөржин хүлээн авах, угаах, цэвэрлэх ажлыг хийснийхээ хариуд хагас сард 90 мянган төгрөг авдаг гэж байх юм?

-Тэдний цалинг нэмэх  ёстой. Цэцэрлэг дээр очоод харж байхад 50 хүүхэдтэй нэг ангийг нэг багш, туслах багштайгаа харж асарч хүмүүжүүлж байна. Гэтэл багш нь 400, туслах багш нь 200 мянган төгрөгийн цалин авч байгаа юм. Туслах багш нь бараг илүү ачаалалтай ажилладаг. Тэгсэн хэрнээ хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний цалин авдаг. Ийм байдал манайд элбэг, байгууллага бүрт байна. Энэ асуудлыг маш сайн бодож зохицуулах  ёстой. 

-Энэ оны тодотгол  хэлэл­цэх үеэр та баригдахаар төлөвлөсөн цэцэрлэгийн 70 хувийг нь хасаад хаячихсан байна гэж байсан. Засгийн газраас ирэх оны төсөвт суулгаж өгнө гэсэн хариултыг өгч байсан шүү дээ. Энэ мөнгө юу болов?

-Сонгинохайрхан дүүргийн хүүхдүүдийн 50 хувь нь цэцэрлэгт хамрагдаж байгаа. Хөөцөлдөж байж дөрвөн цэцэрлэгийн төсөв батлууллаа. Хэлэлцүүлэх явцад бас хасаад хаячих юм уу, бүү мэд. Ирэх оны төсөвт энэ жил барьж чадаагүй цэцэрлэгүүдийн мөнгө суусан. Уг нь энэ цэцэрлэгүүдийг энэ онд барих л байсан байхгүй юу. Түүнийг барьж чадаагүй шалтгаан нь Засгийн газар ажлаа хийгээгүйтэй холбоотой. Тэд зөвхөн сонгуульд бэлдээд л байсан болохоос цэцэрлэг барих талаар огт бодоогүй. Түүнээс болж хүүхдүүдийн цэцэрлэгт явах хүсэл мөрөөдөл нэг жилээр хойшилж байгаа юм. Ирэх онд нэг том асуудал байгаа. 100 хүүхдийн цэцэрлэг 500 сая төгрөгт босч байсан бол одоо 1.1 тэрбум төгрөг болж өссөн байна. Юмны үнэ өснө гэхэд 20, 30 хувиар өсч болно. Яахаараа 100 хувь өсдөг юм бэ. 200 хүүхэд хүмүүжүүлэх боломжтой цэ­цэр­лэг барих мөнгөөр яагаад ганцхан цэцэрлэг барих гээд байгаа юм. Үүнийг би ямар нэгэн учиртай гэж ойлгож байгаа.

-Яг ямар шалтгаан байгаа юм бол?

-Миний бодлоор үнийн хуурамч хөөрөгдөл байна.  Дундаас нь хүмүүс мөнгө унагах гээд байна. Канад технологиор 100 хүүхдийн цэцэрлэг босгочихсон жишээ  Сонгинохайрхан дүүрэгт байгаа. Харж байхад төсөв хэлэлцэхээр цэцэрлэг бүр дээр нэг их үнэтэй зургууд батлуулах юм. 50-100 сая төгрөгийн зургууд. Ер нь яагаад улс даяар ижил цэцэрлэг барьж болдоггүй юм бэ. Нэг цэцэрлэгийн барилгын зураг дээр төсөв батлуулаад түүгээрээ бүх цэцэрлэгийг барих ёстой байхгүй юу.

-Энэ асуудлаар та байр сууриа хэлэх үү?

-Засгийн газраас хэрэгжүүлэх ажлын жагсаалтад орсон. Ц.Баярсайхан сайд хариуцаад энэ ажлыг эхлүүлж байгаа. Эхний ээлжинд зургаа гаргана. Монгол Улсад шинээр баригдах цэцэрлэгүүд ийм байна гээд нэг зураг гаргана. Тэгэхээр зөвхөн зураг гэдэг зүйлд урсгаад байгаа мөнгө хасагдана гэсэн үг. Боломжийн хөрөнгөөр барьчих цэцэрлэгийг хэтэрхий хөөрөгдөж байгаад дундаас нь мөнгө унагах гэсэн, хээл хахуулийн асуудал үнэртээд байна гэж би хэлнэ. Ялангуяа хүүхдийн цэцэрлэг, сургууль барих, хүүхдийн хоол ундны мөнгөнөөс дундаас нь завшдаг бүлэглэл байна гэж хараад байгаа юм.

-О.Магнай дарга та хоёр хүүхдийн хоолны мөнгөнөөс хумсалсан нөхдөд хариуцлага тооцно гэж байсан. Асуудлыг яаж шийдэж байгаа вэ?

-“Хүнс хангамж” компанийг татан буулгах шийдвэр ШӨХТГ-аас гарсан. Шийдвэр нь холбогдох газраа очсон. Татан буулгах уу, эсвэл тэр компаниудад шалгалт оруулаад зах зээлийн үнээр нь хүнсээ нийлүүлдэг болгох уу. Эсвэл өрсөлдөөнийг бий болгох уу гэдгийг мэдэх ёстой газар нь хэлнэ байх.

-Сургуулийн хүүхдийн автобусыг хил, гаалиар оруулж ирэх татвараас чөлөөлье гэсэн төслийг өнөөдрийн Төсвийн байнгын хорооны хурлаар гишүүд дэмжсэнгүй. Яагаад дэмжихгүй байгаа юм бол?

-С.Одонтуяа гишүүн энэ төслийн санаачилж оруулж ирсэн юм. Сургуулийн хүүхдийн автобусыг хил гаалиар оруулж ирэхэд авах гааль НӨАТ-аас чөлөөлөх санаа байсан ч уналаа. Гишүүд баахан автобус шахаагаар орж ирэх гэж байна гэж хардаад байх шиг. Татвараас чөлөөлчихвөл түүний хажуугаар орж ирэх юм билээ. Дараа нь түүнийгээ сургуулиудад хүчээр шахах юм байна гэж хардаад байна. Хардахаасаа өмнө хүүхдүүдэд энэ сургуулийн автобус ямар хэрэгтэй байгааг судалж үзэх хэрэгтэй. Ялангуяа манай дүүрэгт хасах 30 хэмийн хүйтэнд зургаан километр газар алхаж сургуульдаа явдаг хэдэн мянган хүүхэд бий. Хүүхдийн асуудал ярихаар хардлага сэрдлэг гаргаж ирдгээ болих хэрэгтэй.

-Таван   тэрбум   ам.дол­ларын бонд гаргах асуудлыг зарим нь шүүмжилж, нөгөө хэсэг нь хэрэгтэй зүйл гэх юм. Иргэд ач холбогдлыг нь ойлгохгүй, зүгээр л тоо болгож хараад байх шиг. Энэ үнэхээр чухал асуудал уу?

-Ер нь таван тэрбум ам.доллараас айгаад байх шаардлага байхгүй. Таван жилийн дараа гээд байгаа ажлыг бид өнөөдөр хийх гэж байна. Таван тэрбум ам.доллар чинь харин ч багадаж байна. Таван жилийн дараа замтай үйлдвэртэй, ажлын байртай болох уу, өнөөдөр энэ бүхнийг бий болгох уу гэдэг л хамгийн чухал. Тиймээс энэ бондыг яаралтай босгох ёстой. Өнөөдөр сайхан амьдрах уу, зургаан жилийн дараа юу гэдэг цаг хугацааны асуудал яригдаж байгаа юм.

Ч.БАТМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж