![](https://news.mn/wp-content/archive1/sport/photo/2012/10/50d807f1e3575503/8b8fda061bc03f27original.jpg)
Олимпийн гурван удаагийн аварга бөх, Японы тамирчин Саори Йошидад тус улсын Засгийн газраас “Ард түмний бахархал” хэмээх шагнал олгожээ. Түүнийг нийгэмд, ард түмэнд итгэл найдвар, урам зориг авчирсан хэмээн үнэлж, ийнхүү шагнасан байна. Тэрээр Японы түүхэнд дээрх шагнал хүртэж буй 20 дахь тохиолдлын эзэн гэнэ. Харин спортын салбараас бейсболын тамирчин Садахарү О, жүдоч Ясүхиро Ямашита, марафонч Наоко Такахаши, мөн эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн шигшээ багт ийм шагнал хүртээж байжээ.
“Саори Йошида чөлөөт бөхийн түүхэнд урьд өмнө байгаагүй амжилтын эзэн болсон. Түүний энэ амжилт Японы ард түмэнд төдийгүй нийгмийн амьдралд итгэл найдвар, урам зориг хайрлалаа” хэмээн Японы Засгийн газрын төлөөлөгч мэдэгджээ.
Саори Йошида нь гурван олимпийн наадамд аваргалж, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд арвантаа түрүүлсэн юм. Энэ амжилтаараа тэр ОХУ-ын тамирчин Александ Карелиний олимпийн гурван алт, ДАШТ-ий есөн алтан медалийн амжилтыг ахиулсан билээ.
Т.МАША