“Ард түмний их хуралдай”-д 2000 төлөөлөгч оролцоно

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

“Ард түмний их хуралдай”-д 2000 төлөөлөгч оролцоно

МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд, УИХ-ын гишүүн Ц.Цолмон тэргүүтэй хүмүүс маргааш болох “Ард түмний шударга их хуралдай”-н талаар мэдээлэл хийлээ. “Ард түмний их хуралдай”  маргааш “АСА” циркт 10.00-18.00 цагт болж, нөгөөдөр буюу 28-нд МАХН-ын төв байранд хуралдай үргэлжлэх аж.

Их хуралдайд  МАХН, МҮАН, Монголын Ардчилсан Хөдөлгөөний нам,  Монголын Либерал Нам  болон Эрс шинэчлэл хөдөлгөөн, Тусгаар тогтнол эвсэл,  Цөмийн аюулгүй байдлын төлөө үндэсний хөдөлгөөн зэрэг нам, эвсэл, иргэний нийгмийн  20 гаруй  байгууллагын төлөөлөл, дэмжигчид оролцох бөгөөд 21 аймаг, 9 дүүргээс нийт  2000 гаруй төлөөлөгч хамрагдана гэлээ.

Их хуралдайд Шадар сайд Д.Тэрбишдагва, Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд Б.Тулга нар илтгэл тавихаас гадна аймаг, дүүргийн төлөөлөл орон нутаг, дүүрэгт тулгамдаад байгаа асуудлыг хөндөн хэлэлцэх аж.

МАХН-ын нарийн бичгийн дарга У.Барсболд хэвлэлийн хурлын үеэр “Улс оронд тулгамдаж буй олон асуудал, тэр дундаа шударга ёсыг тогтоох, хүнлэг энэрэнгүй нийгмийг цогцлоох, эх орныхоо баялагт бид өөрсдөө эзэн суух гарцыг ард түмэнтэйгээ хамт олох зорилготой “Ард түмний шударга их хуралдай”-г зохион байгуулах гэж байна. Манай ороны өнцөг булан бүрээс иргэд ирж улс орны өнөөгийн байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлаар санал бодлоо илэрхийлсний  дараа зөвлөмж гаргах юм” гэлээ.

Сэтгүүлчид МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдлын талаар асууж тодруулахад, “Тааруу байгаа. Иргэд, намын гишүүд, дэмжигчид энэ асуудлаар санал, бодлоо илэрхийлнэ” гэв. Энэ үеэр хөндсөн өөр нэг сэдэв нь орон нутгийн сонгууль байв. МАХН-аас орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэхгүй,  оролцуулахгүй байгаа гэж тэд мэдээлсэн бөгөөд хоёр дүүрэг хэд, хэдэн аймагт орон нутгийн сонгуультай холбоотой асуудлаар шүүхэд хандаад байгаа гэв.

Б.МАРАЛ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж