Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөл байгуулав

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Монголбанк Мөнгөний бодлогын зөвлөл байгуулав

Монголбанк санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах Мөнгөний бодлогын зөвлөл байгуулснаа өнөөдөр мэдээллээ. Энэхүү зөвлөл нь 12 гишүүнтэй, тэдний дөрөв нь Төв банкнаас гаднах төлөөлөл байх бөгөөд Сангийн дэд сайд С.Пүрэв,  МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэргэдэх Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн дэд захирал, доктор Б.Отгонтөгс, СЭЗДС-ийн захирал Д.Батжаргал нар энэхүү зөвлөлд багтсан байна. Эдгээр гишүүдийн тухайд санхүүгийн зах зээлийн, орчин цагийн эдийн засгийн шинжлэх ухааны мэдлэг, шинжилгээ, судалгааны туршлага зэргийг хослуулсан мэдлэгтэй хүмүүс болох тухай албаныхан онцоллоо. Мөнгөний бодлогыг урд өмнө нь Төв банкны удирдлагууд тодорхойлдог байсан бол одоо ийнхүү салбарын томоохон газруудын удирдлагууд, судлаачид хамтарч гаргах юм байна.

Энэ талаар  Монголбанкны Мөнгөний бодлого, судалгааны газрын Д.Болдбаатараас тодрууллаа.

-Мөнгөний бодлогын зөвлөл байгуулснаар ямар ахиц гарах боломжтой вэ?
 

-Эдийн засгийн өсөлт л гэдэг. Энэ өсөлт иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлөх юм бэ гэсэн асуулт гарч ирдэг шүү дээ. Тиймээс Төв банкны үйл ажиллагаа, зохицуулалтын хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд зөвлөл байгуулснаар асуудлыг олноороо хэлэлцэж, түүнээс гарсан шийдвэрийг илүү ил тод болгох юм. Үндсэндээ шийдвэр гаргах, мэдээллэх шатанд ахиц гарна. Ингэснээр эдийн засгийн субьектын буюу иргэд, аж ахуй нэгж төрийн бодлого шийдвэр, зохицуулалтыг дор бүр нь мэдэж, үйл ажиллагаандаа тусгах боломжтой. Зөвлөл байгуулаад үндсэндээ Монголбанкны ажил явах гэхээсээ илүү үр дүнд хүрэх гэдэг нь чухал юм.

-Төв банкнаас инфляцийг найман хувьд барих боломжтой гэж үзэж байгаа.  Ингэж барихын тулд юу хийх юм бэ?

-Ирэх онд Мөнгөний бодлогын үндсэн чиглэл дэх гол зорилт маань инфляцийг найман хувьд барих тухай юм. Тэгэхээр үүний тулд  инфляцид нөлөөлж буй голлох бүтээгдэхүүний нийлүүлэлтийг тогтвортой болгох хэрэгтэй бөгөөд энэ ажлыг Засгийн Газартай хамтарч хийж эхэлж байна. Энэ талаарх тусгайлан хөтөлбөр баталсан. Дэд хөтөлбөрүүд бэлэн болж дуусч байна.

-Ирэх жилүүдэд мөнгөний бодлогын хүрээнд ямар асуудлыг голчилж байна вэ?
 
– Мөнгөний бодлогын том зорилт нь макро эдийн засаг. Санхүүгийн тогтвортой байдлыг хангах эрх зүйн орчин үндэс суурь болох юм. Тиймээс энэ тал дээр анхаарч, нэг мөр болгох хэрэгтэй байгаа.
 

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж