Төвийн бүсийн эрчим хүчний системийн цахилгааны хэрэглээ 2005-2011 онд 5-7 хувиар өсч, энэ өвлийн оргил ачааллын үед дулааны цахилгаан станцуудын нийт хүчин чадлаас давах төлөвтэй байгаа юм. Эрчим хүчний хэрэглээ ингэж тогтмол өссөнөөр 2014-2015 онд ОХУ-аас импортын эрчим хүч авсан ч төвийн хэрэглэгчдийг цахилгаан эрчим хүчээр хязгаарлах нөхцөл үүсэхээр байна. Өнгөрсөн долоо хоногоос Улаанбаатарын зарим хороололд цахилгааны хязгаарлалт хийж эхэлснийг хэрэглэгчид мэдэж байгаа. Олон жил яригдсан V цахилгаан станцын ажил 2013 онд эхэллээ ч гэсэн 2016 онд эхний ээлж нь ашиглалтад орно гэж мэргэжилтнүүд тооцоолж байна.
Иймд шинэ эх үүсвэр ашиглалтад орох хүртэл IV цахилгаан станцад 100 МВтын цахилгаан, 188 Гкал/ц-ийн дулаан нэмж үйлдвэрлэх өргөтгөлийг богино хугацаанд харьцангуй бага зардлаар барьж ашиглалтад оруулах, улмаар байнга өсөн нэмэгдэж байгаа хэрэглээг тасалдуулахгүй хангахаар төлөвлөжээ. Энэ төсөл 18 сарын дотор хэрэгжих боломжтой, 70 сая орчим ам.долларын өртгөө 7,8 жилд нөхөх тооцоо гарчээ. Дулааны IV цахилгаан станцын хүчин чадлыг ийнхүү нэмэгдүүлж, 100 МВт-ын турбингенератор шинээр суурилуулахад шаардагдах хөрөнгийг Хөгжлийн банкнаас санхүүжүүлж, 2014 оны зургадугаар сард багтаан дуусгах арга хэмжээ авч ажиллахыг Эрчим хүчний сайд М.Сономпил, Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр нарт шинэчлэлийн Засгийн газрын хуралдаанаар даалгаж, ажлын явцыг улирал бүр танилцуулж байхыг үүрэг болгосон юм.
Энэ нь 2007 онд шинэчлэн баталсан Монголын эрчим хүчний нэгдсэн системийн хөтөлбөр буюу төрөөс эрчим хүчний талаар баримтлах бодлогын баримт бичгийн дагуу төлөвлөсөн ажлын нэгээхэн хэсэг юм. Тус хөтөлбөрт эрчим хүчний салбарыг 2005-2015, 2020, 2040 он хүртэл гурван үе шаттай хөгжүүлэхээр тусгасны дагуу хойд хөршийн гар харах явдлыг аль болохоор багасгахад чиглэсэн байна. Гэсэн ч урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөхийн үлгэр яригдаж магадгүй болов.
Дэлхийн банкнаас 2009 оны байдлаар хийсэн судалгаанаас харвал 2011 он хүртэл эрчим хүчний шинэ эх үүсвэр байгуулахгүй бол 2012 он гэхэд нийлүүлэлт хэрэглээнээс дутахаар байна. Төвийн эрчим хүчний системийн хэрэглээний өсөлт 3,5 хувиар өсөх тооцоо гарчээ. Уг тооцоо нь Оюутолгой, Ухаа Худаг, Тавантолгойн уурхайг ашиглах үед бодит хэрэгцээ болох юм. Нарийн сухайт, Овоотын уурхай Хятадаас эрчим хүч импортлохоор төлөвлөж байна. Энэ зунаас хүдэр олборлолтоо эхлэх учиртай "Оюутолгой" төслийн хугацаа хойшилсон ч Оюутолгойн уурхайг эрчим хүчээр хангах ажлыг аль “Айвенхоу Майнз” компани Хятадын талтай гэрээ хийсэн гэгдэж байсан ч хоёр тал гэрээний зарим зүйл заалт дээр тохиролцож чадалгүй орхисон бололтой. Зэсийн энэхүү том төслийн нийт зардлын 30 гаруй хувийг зөвхөн цахилгаанд зарцуулах тооцоо байгаа тухай УИХ-ын гишүүн Х.Баттулга олон нийтэд мэдээлж байсан билээ.
Оюутолгойг эрчим хүчээр хангахын тулд эхний дөрвөн жилд Хятадаас цахилгаан импортолбол Өвөрмонголын эрчим хүчний сүлжээтэй холбох 220 кВ-ын эрчим хүчний шугам барьж, ирэх дөрвөн жилд баяжуулах үйлдвэр болон ажилчдын тосгоныг хангахаар яригдаж байгаа нь оргүй үг биш бололтой. Хэрэв Рио Тинто энэ яриаг үргэлжлүүлж, эрчим хүчний асуудлаар тохиролцоонд хүрч чадахгүй бол олборлолтыг тийм амар эхлүүлж эхлүүлж чадахгүй. Гэхдээ олборлолтыг хугацаанд нь эхлүүлэхийн тулд эрчим хүч гаргах дизель үүсгүүр хэрэглэхийг урьтал болгохгүй л болов уу. Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд олборлолтыг эхлүүлснээс дөрвөн жилийн дараа эрчим хүчийг дотооддоо үйлдвэрлэх бахилгаан станц байгуулах тухай заасан байдаг.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Эрчим хүчний дэд зөвлөлөөс өчигдөр ”Түлш эрчим хүчний салбарын өнөөгийн байдал” нээлттэй сонсгол зохион байгуулсан юм. Шилжилтийн гэх хүнд үед гал алдаж, хөлдөх аюулд тулгараад байсантай харьцуулахад өдгөө энэ салбарынхан “дээврээ даах”-тайгаа болсон ч толгой өвтгөх асуудал чамгүй олон байна. Уул уурхайн баялгаа ашиглах гарааны морио давирахтай зэрэгцээд эрчим хүчээ хэрхэх билээ. Хойноос авах цахилгаанаа багасгасан ч урдаас авдаг болох уу гэсэн асуудал тулгарч байна. Үүнээс гарах нэгэн гарц бол V цахилгаан станц барих ажлыг яаравчлах билээ.
Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин