Киргизийн мөсөн голууд хайлж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Киргизийн мөсөн голууд хайлж байна

Киргизийн мэргэжилтнүүд мөсөн голуудын хайлалт түргэссээр байгаа бөгөөд хагас зууны дараа мөсөн голын хэмжээ хоёр дахин багасах болно гэсэн дүгнэлт хийжээ. Үүний улмаас Төв Ази усны хурц дутагдалд орох магадлал өндөр байна.

Төв Азийн мөсөн голуудын 45 хувь нь Киргизид байдаг бөгөөд нутгийн гол мөрний системийн гол эх сурвалж нь болдог байна. Тус орны нутаг дэвсгэрийн 8000 кв.км талбайг буюу дөрөв орчим хувийг мөсөн гол, цасан бүрхүүл эзэлдэг.  Гэвч орон нутгийн мэргэжилтнүүдийн яриагаар мөсөн голын хэмжээ улам багасч байна. Хүрээлэн буй орчны байдлын тухай үндэсний сүүлийн илтгэлээр хэдэн арван жилийн дотор мөсөн голын хэмжээ ойролцоогоор 20 хувиар багассан, 70 хувь нь хайлах магадлал өндөр байгаа гэжээ.

Расул Усубалиев

Уг асуудлыг судалж байгаа Киргизийн цөөхөн байгууллагын нэг нь Төв Азийн газар орны туслах судалгааны хүрээлэн (ТАГОТСХ) юм. Энэхүү байгууллагыг байгуулан ажиллуулахад нь Герман тусалсан. Тус хүрээлэнгийн шинжлэх ухааны ахлан ажилтан бөгөөд гляциологч (байгалийн мөс судлаач мэргэжил. – Ред.) Расул Усубалиев “Даяарчлалын цаг уурын өөрчлөлтийн улмаас Киргизийн мөсөн голуудын хайлалт нэмэгдэж байна” гэлээ. “Хэрвээ байдал ийм хэвээр байх юм бол 2050-2075 онд манай мөсөн голуудын 70 хувь нь алга болно” гэж тэрээр санууллаа. “Улсаас өгч байгаа шинжлэх ухааны салбарын санхүүжилт бага учир ажиглалт хийх уулын станцууд аль эртнээс ажлаа зогсоосон” гэж тэрээр ярьж байна.

Төв Ази даяар мөсөн голын хайлалтын үр дагавар нь сөргөөр нөлөөлөн гол мөрний ихэнх эх үүсвэр багасах магадлалтай байна. Хур тундас ороогүй жил мөсөн гол мөрний эх булаг болдог байна. Мөсөн гол үгүй болох нь Казахстан, Узбекистанд бас сөрөг нөлөөгөө үзүүлэхээс гадна ундны усны хомсдол үүснэ хэмээн тэрээр хэлэв.

Киргизийн экологч бөгөөд байгал хамгаалах "Алейне" хөдөлгөөний лидер Эмиль Шукуров цаг уурын өөрчлөлтийн шинжийг хүмүүсийн оролцоо эвдэн бусниулж байна гэж онцолжээ. Тэрээр “Мөсөн голуудын хайлалтын бурууг даяарчлалын дулааралд тохоод өөрсдөө гэм зэмгүй үлдэхэд нь манай төрийн байгууллагуудад амар байгаа байх л даа” гэж тэрээр хэлэв.

Тоосжилт хайлалтыг түргэтгэж байна

Мөсөн голууд хайлж байгаа ганц шалтгаан нь жилийн дундаж хэм нэмэгдсэн нь буй. Өндөр уулсын малын бэлчээрийг буруу ашиглаж байгаа нь үүнд бас нөлөөлж байгаа. “Өвс ногоо хөрсийг бэхжүүлж амжаагүй байх үед малаа бэлчээрлүүлснээс хөрсний дээд давхрагыг эвдлэн тоосжилт дэгдээж байна. Салхиар боссон тоос мөсөн голууд бүрхэж дулааныг шингээн хайлуулж байна” гэж байгаль хамгаалагч ярив.

“Бэлчээрийг ийн сүйтгэхэд газар хувьчлал мөн  түрээсийн шинэ систем нөлөөлсөн. Манай албан тушаалтнууд бэлчээр ашиглах ердийн эргэлтийн хэм хэмжээг эвдлээ. Бэлчээрийг малчид газрын эзэд урт хугацаагаар түрээсэлж эзэмших болсон. Тэд ямар ч журамгүйгээр газрыг “саан” хөрөнгөө зузаатгаж байна” хэмээн Эмиль Шукуров шүүмжлэв.

Бүс нутаг тэр чигээрээ хэлмэгдэнэ

Киргизийн мөсөн голууд бүгд мөхнө гэдэгт Шакуров итгэл муутай хандаж байна. Түүний яриагаар тус оронд мөсөн голуудын ажиглалт бараг зогссон бөгөөд хиймэл дагуулаас ч хяналт хийхгүй байгаа гэнэ. Гэхдээ Киргизийн мөсөн голуудын ихэнх хайлан алга болбол Төв Ази тэр чигтээ хэлмэгдэнэ гэдэгт тэрээр эргэлзэхгүй байна.

“Мөсөн голууд бол бүх бүс нутгийн усны хүчтэй тохируулагч юм. Тиймээс Казахстан, Узбекистан ч манай байгалийн системийг хадгалан үлдээхэд анхааралтай хандах ёстой” гэж экологич онцлон хэлэв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж