Хятадын цагдаагийнхан өөрийгөө шатаах гэж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгвөл 7,7 мянган ам.доллартай тэнцэх шагнал амласан тухай “Associated Press” мэдээлж байна.
Өөрийгөө шатаан амиа егүүтгэж эсэргүүцлээ илэрхийлэгчдийн талаарх мэдээллийг шагналтай болгож буйгаа аравдугаар сарын 21-ны өдөр Ганьсу мужийн цагдаагийн албанаас мэдээлсэн байна. Уг мэдэгдэлд өөрийгөө шатаах нь хүний амьд явах эрхийг зөрчсөн хэрэг бөгөөд нийгмийн тогтвортой байдалд ноцтойгоор нөлөөлөн хүмүүсийн өдөр тутмын амьдралд сөрөг үйлдэл үзүүлж байна гэжээ. Цагдаагийнхан ийм хэрэг нь Түвдийн шашны лидер Далай ламын талын хүмүүсийн Хятадыг задлан бутлах гэсэн улс төрийн хуйвалдааны хэсэг гэж сануулсан байна.
Өөрийгөө шатаах гэж байгаа хүмүүсийн талаар мэдээлэл өгвөл 50 мянган юанийн шагнал амласнаас гадна сүүлийн дөрвөн эсэргүүцлийн ажиллагааг зохион байгуулагчдын талаарх мэдээлэлд 200 мянган юань өгнө гэж Ганьсу мужийн цагдаагийн албанаас мэдээлжээ.
Цагдаа нар ийм арга хэмжээ авч байгаа ч аравдугаар сарын 21-нээс хойш дахин хоёр иргэн өөрийгөө шатаан амиа алджээ. Ганьсу мужийн цагдаагийн газрын нэгэн албан тушаалтны яриагаар одоогоор энэ талаар ямар нэгэн мэдээлэл өгсөн хүн байхгүй гэнэ. 2011 оны гуравдугаар сараас хойш Түвдийн 60 гаруй хүн өөрийгөө шатаан эсэргүүцлээ илэрхийлсний ихэнх нь залуу лам нар ажээ. Зулын гол болж байгаа хүмүүс Далай ламыг эх оронд нь авчрахыг уриалж байв.
Хятадын эрх баригчид Түвдийн шашны лидерийг шашин нэгтнээ амиа егүүтгэхэд өдөөн хатгаж байна гэж буруутгадаг. Дээрхийн гэгээнтэн харин өөрөө ямар нэгэн хүчирхийллийн эсрэг байгаа гэдгээ олон удаа хэлж байсан юм. Түвдийг Хятад 1950 онд эзэлснээс хойш түвдүүд тусгаар тогтнол олж авах эсвэл автономийн эрхээ сайжруулахаар тэмцэж байгаа юм.